Халх гол төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнөөдөр БНСУ-ийн Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд У Сун
2015.06.10

Халх гол төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнөөдөр БНСУ-ийн Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд У Сун болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд У Суны хувьд манай оронд ажиллахаар томилогдсоноосоо хойш анх удаа Хүнс хөдөө аж ахуйн сайдтай уулзаж байгаа юм “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ тэмдэглэлт ойн үед би танай улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж, хоёр орны хамгийн ойрын салбар болох Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай уулзаж байгаадаа туйлын баяртай байна” гэсэн юм. 

Уулзалтын үеэр “КОЙКА” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хүнсний ногооны хүлэмж барих, Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт, малын гоц халдварт өвчин, хүнсний аюулгүй байдлын лабораторийн оношлогооны чадавхийг бэхжүүлэх гурван үе шаттай төслүүдийн тухай ярилцлаа.

Хамгийн гол нь Дорнод аймгийн Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах, тус нутагт загвар аж ахуй байгуулах тухай төслүүдийг явцыг хурдасгах шаардлатай байна гэв. Мөн Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэхийн тулд БНСУ-тай хамтран ажиллахад туслалцаа үзүүлнэ гэж найдаж байна гэдгээ ч ХХАА-н сайд дурдсан юм. 

Харин БНСУ-ын хувьд Халх гол төсөл нь зөвхөн “КОЙКА” олон улсын байгууллагын хүрээнд биш, тус улсын Засгийн газрын бодлоготой уялддаг чухал төсөл гэдгийг Элчин сайд У Сун цохон тэмдэглэлээ. Халх голд загвар аж ахуй байгуулах төслийн нээлтийг түргэн хугацаанд хийхийг хүсч байгаагаа илэрхийлэн, энэ салбарын олон хүнийг төслийн нээлтэд хамт оролцохыг урьсан юм. Үүнээс тус улсын шинжлэх ухааны төслийн хүрээнд манай оронд өнгөрсөн жил хөдөө аж ахуйн мэргэжилтны сургалтыг зохион байгуулж, 36 хүн суралцсан байна. Энэ жил 30 хүнийг БНСУ-д суралцуулахаар төлөвлөсний эхний зургаан нь сургалтанд хамрагдаад иржээ. 

Сонирхуулахад Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ч мөн загвар аж ахуй байгуулах төслийг Монгол Улсын зүгээс илгээжээ. Хариу нь хараахан ирээгүй ч дэмжин ажиллахаа илэрхийлжээ.