Монгол улс малынхаа махан ашиг шимийг нэмэгдүүлснээр хоёр их наяд төгрөг олох боломж байна...
Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн тэргүүн Л.Дуурсах
2015.06.08

Монгол улс малынхаа махан ашиг шимийг нэмэгдүүлснээр хоёр их наяд төгрөг олох боломж байна...

Эрдэмтэн мэргэдийн олон жилийн судалгааны ажлын үр дүнд Монголын шинжлэх  ухааны ололт нэвтрүүлэх төв “Технологийн карт” боловсруулжээ. Энэ талаар тус төвийн тэргүүн Л.Дуурсахтай ярилцлаа.

-Монгол орныг байгаль, экологид ээлтэй зөв хөгжүүлэхийн тулд эрдэмтэд “Технологийн карт” боловсруулсан гэж сонслоо. Танаас энэ талаар эхэлж асуумаар байна?

Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв ТББ салбар салбарын эрдэмтэдтэй хамтран ажилладаг. Монголын экологийн зөв хөгжилд нэмэр болох аргачлал, шинэ технологи, иновациудыг төлөвлөж гаргасан. Аливаа улс орон хөгжихийн тулд өөрсдийнхөө хөгжлийг томъёолдог. Жишээлбэл, Хятад улс хүний нөөц дээр тулгуурласан хөгжлийн бодлоготой.

Харин манай улс хүн ам цөөтэй, эрс тэс уур амьсгалтай, хуурай сэрүүн, өндөрлөг газарт оршдог. Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран хөрсний элэгдэл хорогдол ихтэй. Иймээс бэлчээрийн мал аж ахуйг давамгайлан хөгжүүлж өдий хүрсэн. Монгол орны газар зүйн байршил гоефизикийн тогтоц нь хүссэн хүсээгүй бэлчээрийн мал аж ахуйд тохирчихсон газар.

Сүүлийн үед эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэж байгаа ч энэ нь шинжлэх ухааны үндэслэлгүй. Иймд судалгаа шинжилгээ хийгдээгүй асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж байгаэ нь буруу юм. Дээрээс ньмонгол малын бие жижгэрээд ашиг шим нь багасаад байгаа юм. Тиймээс зарим дарга нар том биетэй малтай эрлийзжүүлье гэдэг санал гаргадаг. Малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд ямар боломж байгааг Монголын үе үеийн эрдэмтэд судалгаагаар томъёолчихсон.

Тиймээс “Технологийн карт” боловсруулсан юм. Энэ нь малын амьдын болон биеийн жинг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Өөхөн таргыг багасгаж, махан массыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгойтой, ашиг шим өндөртэй болгох технологи иновацийн судалгаа хийгдээд дуусчихсан. Энэ нь туршилтаар батлагдчихсан. Одоо Монгол оронд нэвтрүүлж түгээх ажил үлдээд байна. Тиймээс үүнийгээ “Технологийн карт" гээд байгаа юм.

-Монгол малын ашиг шим багасч, бие нь давжаарсан нь юутай холбоотой юм бэ?

Нэгдүгээрт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс үүдэлтэйгээр бэлчээрт ургадаг, уургийн агууламж өндөртэй олон наст ургамлын төрөл зүйлийн 80-85 хувь нь буурчихсан. Тэгэхээр уурагт ургамал багасчихаар үлдсэн жаахан ургамал нь малдаа хүрэлцэхгүй, бүтэн жилийнх нь уургийг нөхөж чадахгүй. Ингээд уургийн алдагдал, дутагдалд ороод, малын бие давжаараад байгаа юм.

Хоёрдугаарт, эр малыг уламжлалт аргаар засч хөнгөлдөг. Хүмүүс малын хамаг уураг агуулагддаг төмсгийг нь суга татаад чанаад идчихдэг. Уг нь эр мал үүнээсээ гармон ялгаруулж, уураг үйлдвэрлэж, тэрийгээ бие рүүгээ шахаж махан масс нь нэмэгддэг. Гэтэл малыг ингээд хөнгөлчихөөр биологийн энэ процесс нь алга болж, өөхөн тарга нь нэмэгддэг.

-Тэгэхээр малыг яаж хөнгөлөх ёстой юм бэ?

Хөнгөлөхдөө шинжлэх ухааны ололт дээр суурилсан иновацид оруулах ёстой. Энэ нээлтийг Нилбаатар гэдэг эрдэмтэн 40 жил туршсан. Багаж Тоног төхөөрөмжийг электрон өндөр технологит хувиргах ажил дээр нь миний бие зохион бүтээгчийн зүгээс хоёр жил ажиллаад сайжруулсан.

Хамгийн гол нь малын төмсгийг суга татахгүйгээр хөнгөлөх юм. Төмсгөнд хоёр төрлийн судас байдаг. Нэг нь үр тогтоодог, нөгөөх нь сэрэл өдөөдөг. Тэдгээр судсыг цахилгаан төөнүүрээр тасална гэсэн үг. Тэгэхээр мэдээж хээлтүүлэх чадваргүй болно. Маханд нь ямар нэгэн шивтэр зэрэг амт орохгүй.

Ингэснээр төмсөг өөрөө шимэгдээд уураг болж бие рүүгээ тарна. Хурга, ишгэндээ төлөг шиг. Төлгөндөө нас бие гүйцсэн том эр хонь шиг тийм том биетэй болно. Энэхүү шинжлэх ухааны ололт дээр суурилсан иновацийг Монголд нэвтрүүлснээр нэг их наяд хэмжээний төгрөгийн махан ашиг улсын төсөвт орж ирэх юм. Мөн уургаар баялаг царгасаар малаа тэжээх юм бол бид жилдээ ийм хэмжээний ашиг хүртэнэ.

Тэгэхээр айлаас эрэхээс авдраа уудал гэгчээр бидэнд нөөц бололцоо байна. Харамсалтай нь эрх баригчид эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсдоггүй учраас дотоодынхоо нөөц бололцоог тооцоолж чадахгүй байгаа юм. За тэгээд охин малаа царгасаар уурагжуулж, эр малаа төөнөж хөнгөлөх юм бол энэ хоёрын үр дүнд хоёр их наяд төгрөгийн хэмжээний махан ашиг Монголд орж ирэх юм.

-Манай улс хоёр хөршөөс гадна хэд хэдэн оронд мах экспортлох боломжтой болсон. Гол бэрхшээл нь махны стандарт яригддаг. Тэгвэл эрдэмтдийн нээсэн “Технологийн карт”-ыг хөдөө аж ахуйд нэвтрүүлбэл энэ асуудал арилах нь ээ?

Монгол малын махны гадар өөх их болохоор гологдол гараад байна. Тэгэхээр өөхөн таргаа багасгаж, махан таргаа нэмэгдүүл гэдэг шаардлага тавьж байгаа. Хүссэн хүсээгүй энэ шинэ технологи руу орохоос өөр аргагүй. Царгасыг малчид хоршоо маягаар нийлж байгаад тарьж болно. Овъёос, буудай зэргийг жил болгон тарьдаг. Харин царгас олон наст ургамал болохоор ганц үрийг нь ганц удаа суулгахад 13-15 жил дахиж тарих шаардлагагүй. Байгалийн ургамал шиг ургаж л байна. Намар болгон хадлан авдагтай адил хурааж хатсаных нь дараа малдаа хуваагаад өгчихөж болно.

Арваннэгдүгээр сараас эхлээд тавдугаар сар хүртэл орой болгон бог малд 300-400 гр-ыг, бод малд 800-1000 гр уурагт царгасыг өгөөд байхад тэр мал уургаа алдахгүй. Дээрээс нь жин алдахгүй, өөхөн тарга суухгүй. Тэгэхээр малчдын нэг том зовлон арилна. Царгас гэдэг ургамлыг тарьснаар малчид жилийн дөрвөн улиралд хадлан тариаландаа санаа зовохгүйгээр малынхаа тоо толгойг өсгөж, үржүүлэх боломжтой. Энэ ургамлыг иддэг мал бүтэн жилийн турш тарга тэвээрэг өндөртэй байх юм.

-Монгол оронд устаж үгүй болсон царгасын үрийг эрдэмтэд яаж гаргаж авсан юм бэ?

Монголд мөлхөө царгас ургадаг байсан. Уураг өндөртэй, ашиг шимтэй болохоор мал эхлээд тэр ургамал руугаа дайрдаг. Тэгээд туурайн талхилтаас болоод мөлхөө царгас эрс багассан. Ю.Цэдэнбал даргын үед Намын төв хорооныхон тодорхой хэмжээний санаачилга гаргаад хэд хэдэн аймагт мөлхөө царгасыг босоо царгастай эрлийзжүүлээд бургалдай гээд Монгол сортын царгас гаргаж авсан байдаг.

Өнөөдөр тэр үрийг олон болгож үржүүлэх ажлыг Батсүх доктор бэлтгээд явж байгаа. Монгол орон бол асар уудам нутагтай. Цөлжилтийг бууруулж, экологийг сайжруулж, бэлчээрийн ургамлын чанарыг сайжруулах үйл явцыг хийхийн тулд төр энэ ажлыг бодлогоор дэмжих ёстой. Тухайлбал, царгас болон малд ашигтай, байгаль экологид ээлтэй олон наст ургамлуудын үрийг үржүүлдэг аж ахуй станцуудыг олноор байгуулах шаардлагатай байна.

-Царгасыг малчид өөрсдөө аваад тарих боломжтой гэсэн үг үү?

Тэгэлгүй яахав. Нэг га талбайд 10 кг үр орно. Хэрэв долоо хоног тутамд услаад байвал зундаа гурван удаа хадлан авах боломжтой. Арбан кг үрийг нэг удаа ургуулгахад 13-15 жилдээ ургаад л байна. 100 толгой малд 210 хоног тэжээл өгчихнө. Тэгэхэд тэр айл малынхаа зөвхөн махан ашиг шимээс найм орчим сая төгрөгийн цэвэр ашиг нэмж олно. Мөн царгасыг нийслэлийн гэр хорооллын айлууд хашаандаа тарьж болно. Царгас бол азотоор хооллодог. Тэр азотоо хөрс рүү шахдаг. Хөрсний азот сайжирвал үржил шим нь тэр хэмжээгээр нэмэгдэнэ.

Тэгэхээр хот суурин газрын гэр хорооллын айлууд хашаандаа царгас тариад, бичил ногоон байгууламж, агаар цэвэршүүлсэн эко орчин бүрдүүлж болно. Хөрсний болоод агаарын бохирдол нэлээд их хэмжээгээр бууруулах тустай. Ер нь царгас гэдэг ургамлыг сүүлийн үед монголчууд рапстай андуураад байгаа юм. Рапс бол зохиомол аргаар гаргаж авсан болохоор муу ургамал. Гаднаас нь харахад бургалдайн сорттой адилхан.

-Царгас уургаар баялаг гэлээ. Хүнсэнд хэрэглэж болох уу?

Канад, Америкийн эрдэмтэд царгасыг маш олон жил судлаад хүнсэнд хэрэглэж болохыг нь тогтоочихсон. Царгас бол уургийг өндөр хэмжээнд өгнө. Өөхийг хайлуулж, махан массыг нэмэгдүүлдэг. Хүн, мал, амьтанд нэн хэрэгтэй.

Хөрс агаарыг цэвэршүүлдэг нэг номерийн ургамал. Дэлхийн шинжлэх ухаан хөгжсөн их найман гүрний эрдэмтэд царгасын гайхамшгийг батлагдаад бурхны ургамал гэж нэрлэсэн. Дэлхийн бүх улс шинжлэх ухааны, лабораторийн түвшинд баталчихсан болохоор эргэлзэх хэрэггүй.

-“Технологийн карт”-ыг ямар байдлаар ашиглах юм бэ?

Үүнийг А4-ийн хэмжээтэй цаасан дээр багтаасан заавар зөвлөмж гэж ойлгож болно. Нэгдүгээр ангийн хүүхдэд 35 үсэг заадагтай адил тун энгийн аргаар тайлбарласан байгаа. Технологийн карт бол заавар зөвлөмж. “Технологийн кагрт”- ыг 21 аймаг 330 гаруй суманд тарааж түгээх, нутагшуулах, мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан байгаа.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.