Агаарын тээврийн бодлогыг либералчлах цаг болсон
Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Барсболд
2015.05.18

Агаарын тээврийн бодлогыг либералчлах цаг болсон

Сүүлийн үед аль ч салбарт мэргэжлийн холбоодын гүйцэтгэх үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Ийм холбооны нэг нь Монголын аялал жуулчлалын холбоо. Шинэ удирдлага, бүрэлдэхүүнтэй, шинэ арга барилаар ажиллахыг зорьж буй энэ холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Барсболд салбарыг хөгжүүлэх гарцуудын талаар ярилцлаа.

- Шинэ удирдлага, бүрэлдэхүүнтэй болсон Аялал жуулчлалын холбоо цаашдаа ямар зорилт, зорилготой ажиллаж байна вэ?

Монголын Аялал жуулчлалын холбоо нь хувийн хэвшил, төр хоёрыг холбох зорилготой 1992 онд байгуулагдсан. Энэ оны нэгдүгээр сард шинэ удирдлага, гүйцэтгэх албатай болсон. Одоогоор холбоонд 150 орчим аялал жуулчлалын байгууллага гишүүнчлэлтэй. 2015 онд бид эдгээр байгууллагын үйл ажиллагааг хооронд нь холбож, хамтран ажиллах бололцоог бүрдүүлж, бүтээгдэхүүнийг нь бусдад хүргэх бизнесийн сүлжээг бий болгох зорилт тавьсан. Үүний хүрээнд энэ сардаа “100 гишүүн – 100 санал” нэртэй арга хэмжээг гишүүн байгууллагуудын дунд зохион байгуулна.  Аялал жуулчлалын улирал ойртож байгаатай холбоотой хэвлэл мэдээллийнхнийг оролцуулаад “Аялал жуулчлалын улиралд бэлэн үү” гэсэн сэдвийн дор хэлэлцүүлэг, ярилцлагуудыг хийнэ. Харин есдүгээр сард бие даасан “Аялал жуулчлалын форум”-ыг зохион байгуулж энэ онд аялал жуулчлалын салбарт юу болов, алдаа оноо юу байв, гишүүд маань яаж ажилласан зэргийг хэлэлцэж дараа жилийнхээ хэтийн төлөвийг тодорхойлно.  Үүнээс хойш форумыг жил болгон явуулдаг болно. Энэ мэтээр үе үе хувийн хэвшил, төр засгийн байгууллагууд цуглаад асуудлаа яриад байвал тодорхой шийдлүүдэд хүрээд явна гэж бодож байна. 

- Аялал жуулчлалын үйл явцад оролцдог тэр олон байгууллагуудын уялдаа холбоог яаж сайжруулах вэ? Үүнд ямар механизм хэрэгтэй вэ?

Нэг аялал жуулчлалын компани 7 хоногийн аялал зохион байгуулахад жуулчны бааз, зочид буудал, ресторан, хоолны газар, тээврийн компани, такси, банк, харилцаа холбооны байгууллага, бэлэг дурсгалын дэлгүүр, музей гэх мэт  янз бүрийн үйл ажиллагаатай 40 орчим үйлчилгээний байгууллага оролцдог. Тэгэхээр энэ байгууллагуудын үйлчилгээ сайн байснаар тухайн жуулчин сэтгэл хангалуун буцдаг.  Харин үйлчилгээг сайжруулахын тулд нэгдүгээрт төрийн байгууллагын зөв бодлого, хоёрдугаарт төрийн бус байгууллагын санаачлага, хувийн хэвшлийн хичээл зүтгэл гэсэн гурвалсан хүчин зүйлсийг хослуулах нь чухал.

Нэг аялал жуулчлалын компани 7 хоногийн аялал зохион байгуулахад 40 орчим үйлчилгээний байгууллага оролцдог.

- Аялал жуулчлалын байгууллагууд, тэр тусмаа төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд энэ бүхнийг ойлгож хүлээж авах нь ямар вэ?

Аялал жуулчлалын холбоо сүүлийн үед үйл ажиллагаа нь эрчимжиж энэ салбарын ач тусыг олонд хүргэж байна. Ажиглаад байхад төрийн байгууллагуудын аялал жуулчлалд хандах хандлага өөрчлөгдөж байна. Энэ бол нэг чухал алхам.

- Хувийн хэвшил, төр хоёр чухам юун дээр ойлголцохгүй байна вэ ?

Хувийн хэвшил өөрийн чадлаар шийдэж  чадахгүй асуудлыг холбоогоор дамжуулж төрд уламжилдаг. Тухайлбал виз, аялал жуулчлалын маршрут хоорондын дэд бүтэц, зам тээврийн асуудлыг олонтаа ярьдаг.  Одоогоор бид яамтай хамтраад аялал жуулчлалын голлох маршрутын дагуу жуулчин амрах, хооллох орчинг нь бий болгоод өгье гэсэн зүйлийг ярьж байгаа. Энэ нь Хархорин, Өмнөговь руу явах замд байж болно.

Гэхдээ Монголд ирэх жуулчдын тоо бага хэвээр байвал дэд бүтцийг хөгжүүлэх нь ашиггүй. Цөөхөн жуулчин явдаг газарт том бүтээн байгуулалт хийх нь утгагүй. Зундаа хэдхэн жуулчин хүлээж авдаг баазыг үйлчилгээгээ сайжруул гэж чичлээд яах юм бэ? Тэр байгууллагууд амьдрахад тэднээр үйлчлүүлэх жуулчдын тоо хангалттай байх хэрэгтэй. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд Монголд ирэх жуулчдын тоог нэмэх ёстой гэж бодож байна.

Монгол улс нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан л юм бол юун түрүүнд агаарын тээврийн бодлогоо либералчлахаас өөр аргагүй.

Тиймдээ ч Монгол улс ITB олон улсын үзэсгэлэнд оролцсон нь жуулчдын сонирхлыг тодорхой хэмжээнд татсан. Гэхдээ бид зөвхөн нэг үзэсгэлэнгээр зогсохгүй. Ирэх есдүгээр сард Япон улсад болох JATA үзэсгэлэнд, 11 дүгээр сард Английн үзэсгэлэнд оролцох төлөвлөгөөтэй байна. Түүнээс гадна хөрш зэргэлдээ орнуудын зах зээлд анхаарал хандуулах болно. Саяхан төрийн байгууллага, тур операторуудын төлөөллөөс бүрдсэн 50 орчим хүн Японы аялал жуулчлалын холбооныхонтой уулзаад туршлага судлаад ирлээ. Аялал жуулчлалын үйлчилгээ гэж ямар байдгийг хараад ирсэн.

Түүнээс гадна яамны зүгээс 2015-2020 онд Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж байгаа. Засгийн Газрын хуралдаанаар ороод баталчихвал бид өөрийн гэсэн хөгжлийн хөтөлбөртэй болно.

- Аялал жуулчлалд чухал үүрэг гүйцэтгэдэг Монголын агаарын тээврийн бодлого аялал жуулчлалын зорилготой хэр нийцэж байна вэ? 

Миний бодлоор Монголын агаарын тээврийн бодлогыг либералчлах хэрэгтэй. Өнөөдөр манайх гадаадын агаарын тээврийн компаниудыг оруулж ирэх дургүй, ганц монополь компаниа төр нь хаацайлдаг гаж тогтолцоотой.  Хэрэв гадны агаарын тээврийн компаниуд Монголд үйлчилгээ эрхлэх эрхийг нь өгчихвөл Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэж таарна. Нэг тодорхой жишээ дурдъя. 2012 онд Туркийн Turkish Airline компани Монголд ажиллаж эхэлсэн. Ингэснээр хоёрхон жилийн дотор Туркээс ирэх жуулчдын тоо 3 дахин нэмэгдсэн.

Хэрвээ Монголд ирэх жуулчдын тоо өсөх нөхцөл бүрдвэл туроператорууд, жуулчны баазууд гээд олон байгууллагын ашиг орлого нэмэгдэнэ, орлого нэмэгдсэнээр үйлчилгээ нь сайжирна, тэр хэмжээгээрээ салбарын ажил урагшилна.  Жуулчдыг хоноглуулж, амрааж, хоол унд өгөхөөс гадна тэдний сонирхлыг татах төрөл бүрийн үйлчилгээ бий болно. Олон улсад аялал жуулчлалыг хөгжүүлсэн жишиг бол ердөө л энэ.

Монголд ирсэн жуулчдын 90 орчим хувь нь дахиж ирдэггүй. 

Өнөөдөр хүмүүс Монголын жуулчны баазууд муу үйлчилгээтэй гэж их шүүмжилдэг. Гэтэл үйлчлүүлэгч цөөтэй, гэрийнхээ бүрээснүүдийг сольж чадахгүй байгаа жуулчны бааз яаж үйлчилгээгээ сайжруулах юм бэ? Хүн очдоггүй газар хэн ч хөрөнгө оруулахгүй шүү дээ. Энэ тэдний буруу биш. 

Тиймээс Монгол улс нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан л юм бол юун түрүүнд агаарын тээврийн бодлогоо либералчлахаас өөр аргагүй. 

- Аялал жуулчлалын улирлын ачааллыг яаж багасгах вэ?

Жуулчид Монгол руу гурван зорилгоор ирдэг. Нэгдүгээрт амралт, чөлөөт цагаараа тур операторуудын шугамаар ирдэг жуулчид. Хоёрдугаарт ажлын шугамаар хурал, чуулганд оролцохоор ирдэг хүмүүс. Гуравдугаарт бие дааж хувийн шугамаар ирдэг жуулчид. Эдгээрээс тур операторын шугамаар ирдэг жуулчдыг зуны улиралдаа түлхүү хүлээж авах хэрэгтэй гэж бодож байна. Харин долдугаар сараас бусад саруудад улс төр, бизнесийн томоохон арга хэмжээ, спортын тэмцээн уралдаанаа зохион байгуулж байвал ачаалал нь тархана. 

“Чингис хаан” нисэх онгоцны буудалд 3500 хүнээс судалгаа авахад тэдний 60 хувь нь тур операторын үйлчилгээ аваагүй, аяллаа өөрөө зохион байгуулсан жуулчид байсан. Ийм жуулчид өдөрт дунджаар 70 орчим доллар зарцуулдаг. Харин туроператорын шугамаар ирж буй жуулчид 200 доллар зарцуулж жинхэнэ утгаараа хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс бид бодлогоороо аялал жуулчлалын оргил саруудад тийм жуулчдыг түлхүү хүлээж авах хэрэгтэй. Тухайлбал Монгол шиг өдөртөө хэдхэн онгоц буудаг оронд группээрээ аялах жуулчдад онгоцны суудал нь хүрэлцээтэй баймаар. Үүнийг дэмжсэн хар хайрцагны гэмээр бодлого байх шаардлагатай.

Саяхнаас Монгол улс жуулчдын тоог нэмэх зорилгоор дэлхийн 42 орны иргэдэд Монголд тодорхой хугацаанд визгүй зорчих эрхийг олгосон. Гэвч сүүлийн 2 жилд жуулчдын тоо буурсан дүнтэй гарсан. Энэ чинь нэг зүйлийг хэлээд байгаа биз? 

- Монголчууд наадмаас өөр жуулчдад зориулсан томоохон арга хэмжээг зохиох боломжгүй гэж үү?

Монголд аялал жуулчлал хөгжсөн 60 орчим жилийн хугацаанд урдаа барьдаг ганц эвент арга хэмжээ нь наадам болсон. Тиймдээ ч ихэнх гадны жуулчид долоон сард бөөнөөрөө Монголд ирдэг. Ингэхээр улирлын тэнцвэргүй, буруу тогтолцоо бий болдог. Тиймээс бусад саруудад ч гэсэн жуулчид олноор авахын тулд төрөл бүрийн арга хэмжээг зохиож, түүндээ зохицсон менежментийг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл наадамтай өрсөлдөхүйц брэнд арга хэмжээг гаргаж ирэх ёстой. 

6,8 дугаар сард наадамтай адилхан, улсыг сурталчилах хэмжээний арга хэмжээг зохиое гэсэн санал байгаа. Ингэхдээ монголчуудын бахархал морины соёлоо харуулсан арга хэмжээ зохион байгуулах боломж бий. Өнгөрсөн жил бид морины наадам хийсэн шүү дээ. Харамсалтай нь засаг солигдоод цаашид зохион байгуулах эсэх нь тодорхойгүй болчихлоо. Хэрэв бид морин фестивалийг жил болгон хийдэг болчихвол жуулчдын тоо нэмэгдэнэ.   

Монголд жилийн хугацаанд гурван том арга хэмжээг далайцтай зохион байгуулдаг болчиход хангалттай. Энэ санаачлага одоохондоо зөвхөн холбооны хүрээнд яригдаж байгаа. Удахгүй төр засгийн байгууллагууд албан ёсоор санал тавина.