Аялал жуулчлалыг ойлгох цаг ирээгүй байна
Женко тур компаний маркетингийн албаны дарга Б.Жавхаатай аялал жуулчлалын талаар, мөн тус компаний хэрэгжүүлж буй төслүүдийн талаар ярилцлаа.
- Монголд аялал жуулчлалын салбарыг дэлхийн жишгээр хөгжүүлэхэд хувийн хэвшлийнхний өмнө ямар саад тотгор байна вэ?
Монголд Аялал жуулчлалыг хөгжүүлхэд хувийн хэвшлээс гадна төрийн байгууллагын нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай, Монгол улсаа сурталчилах ажлыг хувийн хэвшлийнхэн нуруундаа үүрдэг гэхэд хилстэхгүй. Хүндрэл гэвэл аялал жуулчлалын зах зээл маань бүрэн утгаараа хөгжих бололцоо нь хараахан бүрэлдээгүй байна. Тухайлбал өндөр зэрэглэлийн зочид буудлууд бага, зарим алслагдсан хөдөө орон нутгийн зочид буудал, гэр каймпуудын үйлчилгээ нь үйлчилгээний стандартад нийцэхгүй зэрэг асуудал түгээмэл. Зорчигч тээврээс эхлээд аялал жуулчлалын үйл ажиллагаанд хамаатай дэд бүтцийн салбаруудын нэгдсэн бодлого сул байна.
- Төрийн зүгээс ямар дэмжлэг байвал аялал жуулчлал урагшлах вэ?
Цогц бодлого бидэнд хэрэгтэй байна. Үзвэр, үйлчилгээгээ түлхүү хөгжүүлэх үү, аялал жуулчлалын улирлаа уртасгах уу, дотоод зах зээлийг хэрхэн дэмжиж ажиллах вэ гэх зэргээр цэгцтэй бодлого чухал болов уу.
Сүүлийн жилүүдэд төрөөс аялал жуулчлалын салбарт тодорхой анхаарал тавьж эхэлсэн нь сайшаалтай. Үүний үр дүнд ямартаа ч хуулиа батлаад, нэр томъёогоо цэгцэлж чадсан. Мөн ITB-Берлинд түнш орноор оролцсон нь маш том сурталчилгаа болж өгсөн. Ийм байдлаар хувийн хэвшилтэйгээ хамтран санал солилцож Монгол улсаа дэлхий дахинд сурталчилж байгаа нь энэ салбарыг дэмжих эхний алхмуудын нэг.
ITB-Берлин 2015
- Монголын авиа компани, төмөр замтай ямар байдлаар хамтарч ажилладаг вэ?
МИАТ-тай аль болох хоёр талдаа ашигтай ажиллахыг зорьж санал тавьдаг. Өвөлдөө Монголчуудынхаа аялахыг хүссэн чиглэлийг хамтран судалж нислэг үйлдэж, зундаа олон улсын жуулчдын хүсэл сонирхолыг судлан зарим шууд нислэгийн тоог олшруулах жишээтэй. Төмөр замын хувьд зундаа жуулчид маань транс сибир буюу Европоос вагоноор аялах хүсэлтэй байдаг энэ төрлийн аяллыг бид нар хөгжүүлж төмөр замтайгаа хамтарч ажилладаг.
- Монгол улс дараа жил 1 сая жуулчин хүлээж авахад аялал жуулчлалын дэд бүтэц үүнд бэлэн үү?
Монголын аялал жуулчлалын улирал зуны 3 сарын хугацаанд л үргэлжилдэг. Сүүлийн үед аялал жуулчлалын улирлыг уртасгах эвент арга хэмжээнүүд зохиогдож байгаа боловч энэ нь жуулчдын ирдэг улирал болоход тодорхой цаг хугацаа шаардлагатай болов уу. Урьдаа том зорилго тавин ажиллах нь мэдээж сайн зүйл том зорилго тавьж байж гарах үр дүн нь их болно. Мэдээж 1 сая жуулчин гэдэг бол бидний хүчин чадалтай харьцуулхад харьцангүй тоо.
- Женко тур чухам яагаад түүх, соёлын аялал жуулчлалаар түлхүү үйл ажиллагаа явуулах болсон бэ?
Бид аялал жуулчлалын салбарт ажиллахдаа нийгмийн хариуцлага гэдгийг гол болгодог. Гадны жуулчид ирээд үзэж харах юмтай, тухтай үйлчлүүлэх үзвэр, үйлчилгээний газруудтай байлгахыг зорьдог.
- Танай компаний хэрэгжүүлж буй аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтын төслүүд ямар явцтай байгаа вэ?
“Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” “13 дугаар зуун цогцолбор”, “Их Майдар”, “Түмэн хишигтэн”, төслүүд хэрэгжилтийн шатанд явж байгаа. Бид эхний төлөвлөсөн төслийг хүрээнд цогцолбор байгууламж болгохоор ажиллаж байна. Гэвч эдийн засаг мөн хөрөнгө оруулалт гэх шийдвэрлэх асуудлууд тулгарч байдаг.
Мэдээж энэ төслүүд маань хэрэгжиж дуусвал аялал жуулчлалын салбар хийгээд монгол улсын үзвэр үйлчилгээний тоог нэмэгдүүлэх болов уу.
"Түмэн хишигтэн" төсөл
- Женко тур аялал жуулчлалын салбарт ашигтай ажиллаж чадаж байна уу?
Бид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулаад 18 жил явж байна энэ хугацаанд мэдээж тодорхой хэмжээний ашиг алдагдатай ажиллаж ирсэн. Аялал жуулчлалын салбар харьцангүй эдийн засгийн хувьд мэдрэг салбар хэдий ч энэ салбарт ашигтай ажиллах бүрэн боломж байдаг.
- Танай компани орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажилладаг байх. Та бүхний ажигласнаар орон нутаг дахь аялал жуулчлалын оролцоо, ач холбогдлыг нь ойлгох байдал хэр байна вэ?
Орон нутгийн иргэд тухайн газрынхаа үнэт зүйлс, үзмэрийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон харуулж чадахгүй байгаа нь харамсалтай санагддаг, Харин сүүлийн үед орон нутагт аялал жуулчлалын холбоод байгуулагдаад орон нутагтай хамтарч ажиллахад нэлээд дөхөм болдог. Тухайлбал Өвөрхангайн аялал жуулчлалын холбоо өөрийн түүх, соёлын үнэт зүйлсээ олон улсад сурталчилах ажлыг сайн хийж байгаа нь бидний ажилд ч хувь нэмэр оруулж байна.
- Цаашдаа та бүхэн ямар зорилт, зорилготой ажиллаж байна вэ?
Үзмэр, үйлчилгээний газруудыг нэмэгдүүлэх, орон нутгийн аялал жуулчлалын холбоодтой хамтран ажиллаж орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих, мөн захын бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.