Тэнгэрийн жуулчид Монголд олон ирэх цаг ойрхон байна
"Х ТЕАМ" ХХК-ийн захирал А.Александр
2015.05.12

Тэнгэрийн жуулчид Монголд олон ирэх цаг ойрхон байна

Хөнгөн онгоцны нислэгийн үйлчилгээ эрхэлдэг "Х ТЕАМ" ХХК-ийн захирал А.Александртай ярилцлаа.

- Компанийхаа талаар товчхон танилцуулахгүй юу?

Манай компаний зорилго нь Монгол улсад хөнгөн, хэт хөнгөн онгоцны нислэгийн үйлчилгээг хөгжүүлэх. Бид Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдогт нислэгийн төв байгуулаад түүнийгээ Гавьяат нисгэгч Т.Сугарын нэрэмжит болгосон. Одоогоор Германд үйлдвэрлэсэн хоёр, Оросод үйлдвэрлэсэн хоёр хөнгөн онгоцтойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Компани голдуу аялал жуулчлалын нислэг үйлддэг бөгөөд энэ нь зай, хугацаанаасаа хамаараад өөр өөр үнэтэй. Саяхан бид Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвшөөрлөөр тавдугаар зэрэглэлийн нислэгийн зурвастай болсон.

Автожир хөнгөн онгоц

- Энэ төрлийн үйлчилгээ явуулахад хууль эрх зүйн орчин бэлэн үү?

Манай иргэний нисэхийн хуулиуд Шинэ Зеландын хуулийн жишгээр бичигдсэн байдаг. Энэ улсад өнөөдөр 3000 гаруй хувийн онгоц нислэг үйлдэж байна. Өөртөө онгоцтой хүн хүссэн цагтаа нисэх боломжтой.

Хөнгөн онгоцны үйлчилгээ хамгийн өндөр хөгжсөн орон нь АНУ. Зөвхөн Калифорни мужид л гэхэд 380 хувийн нисэх зурвас байдаг.

Манай компаний хувьд Монголд энэ салбартаа анхдагч учраас хүндрэлтэй зүйлүүд багагүй гардаг ч төрийн зүгээс ойлгож дэмжиж байгаа. Саяхныг хүртэл энэ тал дээр Монгол улс маш хойрго хандаж ирсэн. 10 минут хувийн онгоцоор нисэхийн тулд бөөн цаас шаарддаг байсан. Тухайлбал Германы Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Томас Шеррар гэдэг хүн хувийн онгоцтойгоо Монголд ирээд ийм том орон зайтай Монголд хууль эрх зүйн ямар их дарамт байдгийг хараад толгой сэгсэрсэн.

Хувийн онгоцтой болъё гэсэн хүн цаана чинь өчнөөн байна.

Харин одоо байдал дээрдсэн. Иргэний нисэхтэй холбоотой зарим хуулиуд шинэчлэгдэж байгаа. Засгийн газар иргэний нисэхийн талаар бодлогын баримт бичгээ гаргаад баталчихлаа. Ер нь иргэний нисэхийг хөгжүүлэх бодлого эрчимжиж байна. Тиймээс тун удахгүй хүмүүс хувийнхаа онгоцоор аюулгүй байдлаа хангасан нөхцөлд агаарын орон зайд чөлөөтэй зорчих үе ирнэ гэж бодож байна. Иргэний нисэх хөгжих нь зөвхөн цаг хугацааны асуудал.

Одоо ганцхан идэвхи санаачлага хэрэгтэй байна. Элдвийн бэрхшээлээс эмээх хэрэггүй.

Дельталёт

- Монголд энэ төрлийн үйлчилгээ авах хэрэглэгчид хэр олон бэ?

Хэрэв манай хууль тогтоомж элдвийн шат дамжлагагүй хялбар болоод ирвэл хувийн онгоцтой болъё гэсэн хүн цаана чинь өчнөөн байна. Улаанбаатараас Өмнөговьд очиж нэг цаасан дээр гарын үсэг зурахын тулд олон цаг машинаар давхихын оронд онгоцтой оччихоод эргээд ирэхэд маш их хүч, хугацаа хэмнэнэ. 

Монгол орон өргөн уудам нутагтай ч замын дэд бүтэц сайн хөгжөөгүй учраас бидэнд зах зээл байна гэж үзсэн. Ялангуяа аялал жуулчлалын салбарынхны хувьд зам маш эмзэг асуудал. Жуулчныг олон цагаар машинд сэгсчиж байж нэг сүмийн туурь үзүүлдэг. Харин тэр хүнийг хөнгөн онгоцоор аваад явбал цаг хугацаа хэмнэнэ.

Дэлхийн жишгийн дагуу, хэрэв гадаадаас нисгэгчийн албан ёсны эрхтэй хүн Монголд ирээд хөнгөн онгоц хөлслөөд Монголоор аялъя гэвэл тэр нь нээлттэй байх ёстой. Энэ чинь аялал жуулчлалын нэг том дэд бүтэц шүү дээ. Гаднаас ирсэн баян жуулчныг машинаар авч явж ядраахын оронд онгоцоор аялуулчихъя л даа. Хэрэв Монгол улс энэ төрлийн зах зээл хөгжих нөхцлийг нь бүрдүүлчихвэл Монголд онгоцоор аялах хүсэлтэй жуулчин олон ирнэ.

Гэхдээ энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэхэд нэг асуудал бий. Онгоц нэг цэгээс нөгөө цэгт хүрэхийн тулд хаа нэгтээ шатахуунаа цэнэглэдэг. Харин Монголд ийм дэд бүтэц байхгүй. Тиймээс шатахуун цэнэглэх цэг, нисэх зурвасыг бусад шаардлагатай зүйлсийн хамт цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал Монголд газраар явдгаас гадна тэнгэрээр аялдаг жуулчид олон ирнэ. Үүнийг дагаад бизнесийн асар том орон зай үүснэ.

Хөнгөн онгоцны үйлчилгээ хөгжвөл түүнийг дагасан бизнесийн асар том орон зай үүснэ.

- Тавдугаар зэрэглэлийн нисэх зурвас ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

Энэ тийм хэцүү асуудал биш. Ойролцоогоор 1000 метрийн урттай хамгаалагдсан зурвас байхад л хангалттай. Социалист нийгмийн үед манай бүх сумдууд нислэгийн зурвастай байсан. Тэднийгээ сэргээгээд ашиглахад л болно. Зарим хуучин зурвасыг газарт өгчихсөн байгаа. Гэхдээ Монгол шиг тал нутагт зурвас гаргахад ядах юм  байхгүй.

- АСЕМ-ын чуулга уулзалтад танайх ямар нэг байдлаар оролцох уу?

Тэр үеэр бид агаарын эргүүл хийж магадгүй. Гэхдээ одоогоор энэ асуудал шийдэгдээгүй байна.