Эдийн засгаа солонгоруулъя гэвэл эхлээд аялал жуулчлалаа хөгжүүл
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа “Цолмон трэвел” ХХК-ийн ерөнхий захирал М.Навчааг урьж оролцуулсан юм.
-Таны хувьд аялал жуулчлалын салбарт тасралтгүй хориод жил ажиллажээ. Аливаа нэг салбарын хөгжлийн төлөө олон жил зүтгэсэн хүний үг үнэ цэнэтэй байдаг. Энэ урт хугацаанд таны хийж бүтээсэн зүйл маш их байгаа. Эндээс хоёулаа яриагаа эхэлье гэж бодож байна?
Би энэ салбарт 25 жил ажиллаж байна. Монгол улс зах зээлийн нийгэмд дөнгөж шилжээд “Жуулчин” гэх аялал жуулчлалын улсын компаниас өөр ганц ч компани байхгүй байхад ХБНГУ-ын аялал жуулчлалын “Лерниде Райзен” компаний төлөөлөгчийн газрыг байгуулж тэндээ төлөөлөгчөөр нь ажиллаж байлаа. Үүний дараагаас эхлээд “Жуулчин” компанид ажиллаж байсан ажилчид нь хэд хэдээрээ өрх тусгаарлаж хувийн компаниуд байгуулж эхэлсэн юм. Би тэр үед аль хэдий нь гадаадын компанийн оффисийг нээчихсэн байсан тул тэд надаас ирж зөвлөгөө авдаг байлаа. Удалгүй манай нөхөр ХБНГУ-д ажиллаж байгаад хоёр Герман нэгдэх үед эх орондоо ирж одоогийн “Цолмон трэвел” ХХК-г байгуулсан юм. Би тэр үед 3 жилийн гэрээтэй ажиллаж байсан учраас өөрийн компанидаа ажиллаж чадахгүй байсаар 1995 оноос эхлэн компанидаа ажилласан юм. Ингэхдээ бид ёстой л бүхнийг тэгээс нь эхэлсэн. Хоёр ширхэг Лада машинтайгаар анхны жуулчнаа вокзалаас тосч аваад зочид буудал руу нь хүргээд орлого гэж таван доллар авч байлаа. Бид ч их хичээсэн, ажил маань ч урагштай байж жил ирэх бүр үйлчлүүлэгчид, хамтрагч байгууллагууд маань нэмэгдсэн. Одоо бол манайх жилд 5000 гаруй жуулчинд үйлчилж, 30 гаруй байгууллагатай хамтарч ажилладаг. 5000 гэдэг бага тоо ч гэсэн зөвхөн барууны орнуудын жуулчдад үйлчилдэг гэдэг утгаараа энэ чиглэлээр мэргэшсэн гэсэн үг. Бид тэдний юунд дуртайг мэднэ, юу хүсэж байгааг ойлгоно, онцлогийг нь ч мэдэрдэг болчихдог юм.
Хоёр "Лада" машинтай, 5 долларын орлоготой компанийхаа үйл ажиллагааг эхлүүлж байлаа.
-Тэгвэл Азийн орнуудын жуулчдад илүү түлхүү үйлчилдэг, тэднийг судалчихсан, тэдэнд тохирсон үйлчилгээг үзүүлж чаддаг компаниуд хэр олон бэ?
Хамгийн сүүлд аялал жуулчлалаар үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй байгууллага байна гэсэн судалгаа гарсан ч яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь арав хүрэхгүй компани бий. Тусгай зөвшөөрлийг хавтгайруулж олгосноос ийм байдал үүссэн хэрэг л дээ. Дурын нэг хүн тал дээр хоёр гуравхан гэр барьчихаад түүнийгээ жуулчны бааз гэж нэрлээд, жилдээ хувийн шугамаар хэдхэн хүн аваад байхаар чинь Монголын аялал жуулчлалын нэр хүнд уналгүй яах билээ. Нэг тогоонд буцалж яваагийн хувьд энэ мэт аар саар зүйлээр мэргэжлийн компанийнхаа нэр хүндийг унагамааргүй санагддаг юм.
-Ер нь аялал жуулчлалын компаниудад ямар шаардлага, стандарт тавигддаг юм бол? Таныг анх энэ бизнесийг эхэлж байх үед байсан стандарт одоогийнхтой харьцуулбал ямар түвшинд байна вэ?
Одоогоос хорь гаруй жилийн өмнө компаниа нээгээд ажиллуулж байхад гадаад хэлээр гардаг “Аяллын хөтөч” хэмээх номонд “Хамгийн найдвартай, бүтэхгүй юмыг ч бүтээдэг компани дээр очъё гэвэл “Цолмон трэвел” дээр очоорой” гэж бичсэн байсан. Энэ бол тэр үеийн хэцүү нөхцөлд ч бүхнийг болгоод жуулчдаа сайхан аялуулаад явдаг байсны гэрч. Уг нь анх энэ салбарт үйл ажиллагаа явуулах эрхийг өгөхдөө нэлээд хяналт тавьдаг байсан ч өнөөдөр зөвшөөрөл өгдөг газрууд нь засаг солигдох бүрт өөрчлөгддөг, тогтворгүй, тодорхойгүй болчихож. Түүнээс болоод дуртай нь жуулчны компани, бааз байгуулж зөвшөөрөл авдаг болсон байна. Би олон хурал зөвлөгөөн дээр нэгдсэн нэг бүртгэл явуулах, стандарт дүрэм тогтоох, аялал жуулчлалын хуулиа шинэчлэх шаардлагатай гэдгийг хэлж байсан. Одоо ч гэсэн үүнийг хэлмээр байна.
Тусгай зөвшөөрөлтэй 700 орчим аялал жуулчлалын компани байдаг ч идэвхтэй дөнгөж 10 орчим.
-Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ, холбоод, БОНХАЖ-ын яамтай хамтраад Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах шинэ бодлогыг боловсруулсан гэсэн. Та саналаа өгсөн үү. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?
Өмнө нь Соёл спорт аялал жуулчлалын яам гэж байхад бас л шинэ хууль өргөн барих гээд бид саналаа өгч байсан ч засаг солигдоход дагаад замхраад л алга болсон. Хийгээд, бичээд өгдөг ямар ч үр дүн гардаггүй. Монголын эдийн засгийг солонгоруулъя гэвэл юун түрүүнд аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Энэ салбарыг бусадтай харьцуулахад бид цэвэр экспортын үйлдвэрлэл явуулж, валютыг оруулж ирдэг. Тиймээс энэ салбарын дэд бүтцийг хөгжүүлж, хууль эрх зүйн орчинг нь сайжруулан бизнес эрхлэгчдэд таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Төрд салбар төлөөлөөд сууж байгаа хүмүүс аялал жуулчлалын бизнес хэрхэн яаж явагддагийг тэр бүр мэддэггүй. Тухайлбал Орос, Монгол, Хятадын нутгийг дайраад өнгөрдөг “Саятны экспресс” галт тэрэг манайд ямар их хөрөнгө оруулдгийг мэдэхгүй байх жишээтэй. Тэдгээр жуулчид нийслэл хоттой танилцаад, манай дээд зэрэглэлийн зочид буудал, ресторануудад үйлчлүүлээд, үзвэр үйлчилгээ үзээд явдаг. Тэгэхээр дэд бүтэц төр засгаас зайлшгүй хамааралтай. Хувийн хэвшил үүнийг дангаар хийж чадахгүй болов уу.
2012 онд хамгийн ихээр Монголд ирсэн жуулчдын үзүүлэлт (орноор)
-Энэ жил “ITB Берлин” олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд Монгол улс 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж, их нэр хүндтэй оролцоод ирсэн. Ойрын жилүүдэд сая орчим тооны жуулчин ирнэ гэх мэдээлэл гараад байгаа. Таны бодлоор энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газрууд хэр бэлтгэлтэй байгаа гэж үзэж байна?
Нэг их нэмэгдэхгүй ч нэгээс хоёр хувийн өсөлт л гарах байх. Учир нь жуулчид ялангуяа, европын орнуудын жуулчид нэг, хоёр жилийн өмнө аялал, зардал, төлбөр мөнгөө төлөвлөчихдөг шүү дээ. Түүнээс гадна Орос, Украйны асуудлаас болоод өнгөрсөн жилээс зарим аяллууд цуцлагдсан. Энэ жилийн хувьд Засгийн газраас ITB-д зарцуулсан мөнгө 2016 онд 20 хувь, 2017 онд 50 хувь нөлөөлөх байх гэж бодож байна. Гэхдээ бид бэлтгэлээ хангаж, үйлчилгээг сайжруулах ёстой. Үүний тулд эхний ээлжинд жуулчдын орох гарах сувгийг нэмэгдүүлж, орон нутаг хоорондын нислэгийг зуны цагт өдөр тутам болгох, үйлчилгээний чанарыг сайжруулах, үзвэр үйлчилгээг олшруулах, түүхийн дурсгалт газраа сайтар хамгаалах хэрэгтэй.
- Танай компаний хувьд бэлтгэл ажил хэр явагдаж байна?
Мэдээж өөрсдийн хүчин чармайлтгүйгээр өдийг хүртэл явахгүй. Манай компани таваас арван жилийн төлөвлөгөө боловсруулан түүнийхээ дагуу ажилладаг. Одоо бидний ойрын ирээдүй бол “Ногоон бүтээгдэхүүн, ногоон үйлчилгээ” зорилтот хөтөлбөрөө үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэх явдал болоод байна.
-Салбарын хөгжилд түлхэц үзүүлэх зорилгоор энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь бий. Танай байгууллагын хувьд ?
Манай компани үүссэн цагаасаа эхлэн “Унаган байгаль, нүүдэлчдийн соёлоо хамгаалья” уриан дор бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн. 2007 оноос эхэлсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж нэлээд амжилт оллоо. Туслах аж ахуйдаа төрөл бүрийн жимс, бүх төрлийн хүнсний нарийн ногоонууд тариалж жуулчны баазуудын хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн нь жуулчдад барих хоолны нэр төрлийг олшруулах, монголын үржил шимт хөрсөнд ургуулсан экологийн эрүүл хүнсээр хангахад түлхэц болж үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн. Энэ ажлын хүрээнд нийт ажилчид маань төмс хүнсний ногоо болон цэцэг мод тарьж ургуулж, арчилж сурсан. Энэ мэдээж тэдний ахуй амьдралд үр дүнгээ өгч байгаа. Түүнчлэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт орших “Бүүвэйт” баазын халуун усны асуудлыг нарны эрчим хүчээр бүрэн шийдвэрлэж, хог хаягдлыг бууруулах, ус, эрчим хүч хэмнэх, орчны байгалийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа. Өнөөдөр гэхэд тэнд саарал усны технологитой, бохир усыг цэвэршүүлэх төхөөрөмж тавих ажил явагдаж байна.
Баазын сахиулуудад байгаль хамгаалагчийн эрх өгчихвөл модны хулгай багасна.
-Тусгай хамгаалттай газар үйл ажиллагаа явуулж байгаа баазууд байгаль орчноо хамгаалах нэг хөшүүрэг гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ? Та санал нийлэх үү?
Тийм ээ. Гэхдээ баазын сахиулуудад Байгаль хамгаалагчийн эрх өгчихвөл зүгээр юм болов уу гэж боддог. Учир нь баазын ойролцоо ойд мод хулгайлж байхыг болиулах гэхэд бидэнд зөвшөөрөл байхгүй учраас яаж ч чадахгүй өнгөрч байсан удаатай. Хэрвээ эрхийг нь өгчихвөл бид байгалиа хамгаална шүү дээ. Тэртэй тэргүй жуулчны баазууд ойр орчмын газраа гоё сайхан, унаган төрхөөр нь хадгалах үүрэгтэй. Харин төр засгийн зүгээс зам, дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан ч жуулчны үзвэрүүд төв зам дагуу байдаггүй шүү дээ.
-Аялал жуулчлалын салбарт хүний нөөц, боловсон хүчин ямар байдаг вэ?
20 жилийн өмнө Хоргын тогооны дэргэдэх баазад анхны орчин үеийн ариун цэврийн байгууламж байгуулахад орон нутгийн иргэд соёлын “шоконд” орж байсан. Бид аль болох жуулчны бааздаа орон нутгийн иргэдийг ажиллуулахыг зорьдог ч зарим тал дээр учир дутагдалтай байдаг учраас хүний нөөцийн бодлогоор тэдний дунд маш их сургалт явуулдаг. Үнэндээ энд тэнд зочид буудал, зоогийн газар, хөтчийн богино хугацааны сургалтуудыг төгссөн хүмүүс үнэхээр түүхий байдаг. Чадвартай нэг нь хувийн бизнес хийгээд явчихдаг бололтой юм билээ. Шинээр төгсөгчид ядаж л аялал жуулчлалын менежер хүн өглөө 06.30 цагт жуулчдаа тосохоос эхлүүлээд жуулчны баазад ажиллаж үзээд дараа нь жинхэнэ менежер болох гараагаа эхлэх ёстой байх. Ер нь шинэ төгсөгчдөд сэтгэл зүйн болон хэлний мэдлэг, бэлтгэл дутмаг байдаг.
-Танай компанийг боловсон хүчнээ эртнээс бэлддэг гэж сонссон. Түүнчлэн МУИС-ийн Бизнесийн сургууль дээр “Сэдье хийе, бүтээе тэтгэлэг” зарласан байна билээ?
Бид ихэнхдээ өөрийн хөтөлбөрөөр бэлддэг. Жил бүр 4 сарын 1-нээс 25-ны дотор шинээр жуулчны бааз, оффис, хөтчөөр ажиллах хүмүүсийг бүртгээд 5 сарын 1-нээс 5-ны хооронд шалгалт авдаг. Түүнчлэн бусад мэргэжлийн сургалтуудад боловсон хүчнээ хамруулж тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, байнгын ажилчдын ажлын байрыг хадгалах, ажлын нөхцөлийг сайжруулах зэргээр тэдний нийгмийн хамгааллын тал дээр байнга анхаарч, тодорхой төлөвлөгөөтэй ажилладаг. Тэтгэлэгийн хувьд энэ ажил нэлээд эрчимтэй хэрэгжиж байгаа.
-Ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд үлдээе?
Монголчууддаа хандаж найрсаг Улаанбаатарыг дэмжиж, өнө эртний сайхан уламжлал болсон найрсаг, зочломтгой зан харилцаа, сайхан сэтгэлээ битгий алдаарай хэмээн хэлмээр байна. Түүнчлэн төр засгийн холбогдох удирдлагуудад хандаж хэлэхэд хэтийн болон ойрын ирээдүйн төлөвлөгөөтэй дэд бүтцийг шийдэж, аялал жуулчлалын хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар бидэнд тавих шаардлагаа өндөржүүлээрэй. Хамтдаа энэ салбарын хөгжилд зүтгэцгээе гэж хүсмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.