“Би харамсч бас эмгэнэж байна”
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.05.14

“Би харамсч бас эмгэнэж байна”

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа. 

Мөн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар  танилцуулсан.  УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Манайд 7-8 мянган хүн ял эдэлж байгаа гэх судалгаа бий.  Хоригдож байгаа хүмүүсийн орчинд хэр анхаарч байгаа вэ.  Хууль батлагдснаар үүнийг шийдэж чадах уу. Мөн хөдөлмөр эрхлэх боломжийг хэрхэн хангаж өгөх юм” гэлээ.  Үүнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Хорих ангийн нөхцөл байдлыг хаалттай, нээлттэй гэх хоёр дэглэмээр ял эдлүүлэх боломжтой.  Мэдээж хөнгөн, хүнд гэмт хэргээс шалтгаална. 

Ажил эрхлэх боломжийн тухайд хүмүүс маш их санал гаргадаг.  Үүнийг бид ба дэмжиж байгаа” гэв.  Мөн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хуулийн үзэл баримтлалыг харж байхад хорих газрын тоог нэмэгдүүлэх юм байна гэж харлаа.  Хоригдлуудын тоо нэмэгдэнэ гэх чиг хандлагатай учраас хорих газрын тоог нэмэгдүүлж байгаа нь учир дутагдалтай.  Харин ч бид хоригдол, болоод хорих ангийг багасгах талд анхаарах хэрэгтэй” гэсэн.

Үүнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Аймаг бүрт хорих анги байгуулах нь Эрүүгийн хуулиар зохицуулагдаж байгаа” гэв.  Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Би өнгөрсөн жил харамсалтай байна гэдэг үгийг гурван удаа хэлж байсан.  АН-ыг өөрийнхөө Засгийн газрыг унагахад харамсч байсан. 

Тэгвэл би энэ удаа харамсалтай байна гэдэг үгийг таван удаа хэлмээр байна.  Үнэхээр харамсалтай байна.  Хорих байгууллагын хашаан дотроосоо гараагүй байсан гүйцэтгэх ажлыг тахарын албатай нийлүүлж, монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх хууль болж байна. 

АН олонхи байхдаа ийм хуулийн орчинтой болж байгаад харамсч байна.  Мөн төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах олон дэвшилттэй үйл ажиллагааг буцаагаад нугасалж байгаад харамсч байна.  Бас харамсч байгаагаас илүүтэй эмгэнэж байна.  Хүний эрх гэдэг үг АН-тай салшгүй холбоотой байсан.  АН-ыг гудамжинд лааз өшиглөөд явж байхад хүний эрхийн байгууллага өмөөрч байсан удаатай. 

Эрх нь зөрчигдсөн хүмүүс энэ намд итгэл өгч байсан” гэсэн юм.  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Тахарын алба байгуулагдсан учрыг би Х.Тэмүүжин гишүүнээс арай түрүүнд мэдсэн.  Энэ бол долдугаар сарын 1 гэдэг монголын нийгэмд өгсөн сургамж байсан юм. Таван хүний амь нас эрсдсэнтэй холбоотой цагдааг байцаах гэсэн боловч цагдаа шалгуулахгүй гэх ийм асуудал гарч ирсэн.  Энэ бол жинхэнэ утгаараа төрийн машин гацаж буй явдал байсан. 

Ийм байдалтай би анх удаа нүүр тулсан.  Тиймээс энэ тохиолдолд цагдаагийн гүйцэтгэдэг байсан үүргийг өөр байгууллагад шилжүүлэх нь зүйтэй юм байна гэдэг үндэслэлээр Тахарын албыг байгуулсан. Дээр нь гэрч, хохирогчийн асуудлыг нэмж өгсөн нь үнэн.    Харин таныг ойлгохгүй байгаад би харамсч байна” гэх хариу өглөө.  - See more at: http://www.unen.mn/content/49872.shtml?alias=politics#sthash.HB9ozFHA.dpuf