Эрүүлжүүлэгдсэн хүний зургийг “Фейсбүүк”-ээр цац
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанд үг хэлсэн гишүүдийн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр хэлэлцүүлэг хийх үеэр:
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “2017, 2018 оноос эхэлж Монгол Улс бондын эргэн төлөлтөөр дамжуулан их хэмжээний зээлийн эргэн төлөлт хийнэ. Тухайлбал, Чингис бондын 500 сая ам.долларын төлбөр, мөн 580 сая ам.долларын эргэн төлөлт хийх ёстой.”
Сангийн сайд Ж.Эрдэнэбат “2017, 2018 оны хувьд Монгол Улсын хувьд томоохон төлбөр хийгдэнэ, 1 тэрбум гаруй ам.долларыг төлөх шаардлага бий. Тийм учраас валютын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, цаашид авах арга хэмжээ нь хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг батлуулах шаардлага бий”
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Тэлсэн төсвөө яаж хумих вэ. Эдийн засгийг 2012 оныхтой харьцуулахад 3-4 тэрбум ам.доллараар агшсан байна. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлт 4.4 хувь байх нь ирэх гурван жилийн эдийн засгийн өсөлт бодитой юу. Төгрөгийн валюттай харилцах ханш хэд вэ, хэрхэн тооцсон бэ. Ирэх жилд ямар томоохон хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцож байна. Гуравт санаа зовоож байгаа зүйл нь 16 хувийн хүүтэй бонд”
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Нэг этгээд хоёр Их хурал, гурван Засгийн газар дамнуулан хорлон сүйтгэх ажиллагаа хийж байна. Яагаад ийм юман дээр монголын төр анхаарал хандуулдаггүй юм. Энэ цаашдаа юунд хүргэх юм. Ирээдүйн монголын төлөө санаа тавьж, зориг зүрх гаргаж чадахгүй юм бол УИХ тарах хэрэгтэй”
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Эдийн засгийн хямралыг даван туулна, хүндрэлийг арилгана гээд Засгийн газарт орсон улсууд шүүмжлээд суухаар ажил хийхийн төлөө тэмц л дээ. Засгийн газарт хамтарчихаад ийм юм яриад ямар хэрэгтэй юм”
УИХ-ын гишүүн Б.Болор “Гадаадын хөрөнгө оруулалт буурлаа л гэх юм, буурсан гол шалтгаан 2012 онд баталсан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталснаас гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан шүү”
Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Төсөв хүнд байна, дээр нь маш их хэмжээний дотоод бондын өр үүссэн.Гэхдээ өнөөдрийг хүртэл цалин, тэтгэврийг цаг хугацаанд нь тавьж, урсгал зардлыг гаргаад явж байна. Ирэх онд төсвийг өмнөх оных шигээ батлах юм бол хямралын байдалд шилжинэ. Ирэх оны төсвийг огт алдагдалгүйгээр батлах шаардлагатай. Алдагдалтай батлахаар дотоод бондын өр нэмэгдэж байна”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр:
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Төрснөөсөө хойш үхэтлээ хяналтад байх шоронд суух тогтолцоог бий болгож байгаа. Хамгийн харамсалтай нь, Ардчилсан нам Засгийн эрхийг толгойлж байхдаа ийм орчин бүрдүүлж байгаад харамсаж байна. Тахарын албаны иргэний байдал үгүй болж, төрийн бус байгууллагуудтай түншилж хийх олон боломжийг үгүй хийлээ. Эрхээ зөрчүүлсэн иргэд, энэ намд итгэл үзүүлсэн юм шүү”
Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Би Тахарыг албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэдэг муухай газар аваачаад хийчихлээ гэж харамсахгүй. Надад харамсаж байгаа ганцхан зүйл нь асуудлыг ойлгохыг хүсэхгүй байгаад харамсаж байна”
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэхүү хуулийн өөрчлөлтөөр Тахарын алба тахир дутуу болчих вий. Энэ бол хэрэгтэй алба. Хэдхэн сар ажиллахад нь хэрэгтэйг нь мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд нийлүүлснээр хэчнээн төгрөгийн төсөвтэй байх вэ, энэ чигээр нь ажиллуулахаар хэдэн төгрөг гараад байгаа юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр:
УИХ-ын гишүүн Д.Батцогт “Архи, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа газруудад 24 цагийн бичлэгтэй камер байршуулж үе үе гэнэтийн шалгалт хийх. Хэтрүүлж хэрэглэдгээс болж гэмт хэрэг үйлдэгдэж байгаа. Хэт орой болсон үед архи худалдан авах бол тоо хэмжээн дээр нь хяналт тавиад , согтуу хүнд архи худалддаггүй байвал олон гэмт хэргээс сэргийлнэ”
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Архины татвараас бий болсон орлогын тодорхой хувийг архины дон гэдэг өвчнөөс салгахад зарцуулах. Архины дон туссан хүн бол өвчнөө мэддэггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Тийм хүнийг эмчлэх, албадан ажил хийлгэх талд анхаараарах ёстой”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Социализмын үед архи ууж танхайрсан иргэнийг хөдөлмөр эрхлүүлж, ухамсарт нь ойлгуулж, архинаас гаргадаг байсан. Зургийг нь бас гаргадаг байсан. Энэ аргыг хэрэглэж болдоггүй юм уу. Бага хатуулагтай нь гайгүй гэдэг сурталчилгааг их хийж байна. олон хүн л архинд орно. Автын ослын 70 хувь нь архинаас болж байгаа. Архитай тэмцэх үү, архичинтай тэмцэх үү гэдгээ бодооч ээ”
УИХ-ын дарга З.Энхболд “Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн зургийг фейсбүүкээр цацаж болох юм”