АН: Эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулийг дэмжинэ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг
2015.05.11

АН: Эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулийг дэмжинэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж ойрын үед УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх гол хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна.

Тодруулбал, Эдийн засгийн ил, тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Татварын багц хуулиудын өөрчлөлт, Цагдаагийн албаны тухай хууль, Прокурорын албаны тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Хөдлөх эд хөрөнгийн тухай хууль болон Эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжих нь зүйтэй гэдэг саналд нэгджээ.Мөн хэлэлцэх шатанд явж байгаа 44 хуулийн төслийг яаралтай УИХ-аар оруулж хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Эдийн засгийн өршөөлийн хуулиудыг баталснаар ямар зохицуулалтууд бий болно гэсэн үг вэ. Бизнес эрхлэгчдийг дэмжих бололцоо бий болох уу?

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл нь бүх шатан дахь мэдээлэл бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгоно. Ингэснээр эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадах тоон мэдээлэлтэй болох юм. Нэг ёсондоо бүртгэлд ороогүй далд мэдээллийг ил болгосноор эдийн засгийг дэмжихэд илүү дөхөмтэй болно гэсэн агуулгатай. Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төсөл дээр татвар эдийн засагтай холбогдуулан оногдуулсан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгох юм. Нэг ёсондоо аж ахуйн нэгжүүдийн шүүх, цагдаа дээр байгаа хууль бүрэн дуусгавар болно гэсэн үг.  ТЕГ-ын өгсөн мэдээллээр 11 мянган аж ахуйн нэгж ямар нэгэн асуудалтай байна гэсэн.

-Нийслэлийн албан татварын тухай хууль байнгын хороонд буцаагдсан. АН-ын бүлэг энэ хуулийг гарах ёстой гэсэн байр суурь хэвээрээ байна уу?

Энэ хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжих нь зүйтэй гэсэн нэгдмэл саналтай байгаа. Хуулийг нийтэд танилцуулах, мэдээлэл өгөх асуудал дутагдалтай байна гэж үзэж байна. Нийслэлийн албан татварын тухай хууль бусад улс орнуудад байдаг. Такс дээр нэмэх нь хотын татварын асуудлыг ярьж байгааг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Мөн архи, тамхины татвар өндөр биш байна гэсэн мэдээллийг иргэдэд танилцуулах ажил сул байна.