Бүх нийтээр Мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" 11 дэх удаагаа тохиолоо.
Уг өдөр УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын Засгийн газрын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэ жилийн мод тарих өдөр аугаа их эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ойтой давхацсан, БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”- ийг санаачлан өрнүүлж байгаа зэргээрээ онцлогтой.
Ялалтын 70 жилийн ойтой “Бүх нийтээр мод тарих” өдөр давхацсан тул УИХ-ын дарга З.Энхболдын санаачлагаар байгуулж буй “Парламент” төгөлд анхны бут сөөгийг суулгалаа. Их ялалтын 70 жилийн ойн өдөр мөн мод тарихаар ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К. Азизов, Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.В. Чепурный, Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд К.И Кобландин нар хүрэлцэн ирж, мод тарив. Тэд Ялалтын түүхэн өдрийг Мод тарих өдөртэй хамтатган сайхан үйлс санаачилсан УИХ-ын даргад талархал илэрхийлж, “Улаанбаатар удахгүй Ногоонбаатар болох”- ын ерөөл өргөсөн юм.
Мөн төр, засгийн төлөөллөөс гадна олон улсын байгууллагууд, 50 гаруй аж ахуйн нэгж, 2000 гаруй иргэд хамтран мод тарих үйлсэд нэгдлээ. Аж ахуй нэгж байгууллага, иргэдийг мод тарихад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс гадна сайн дураараа ШУТИС-ийн Ойн тэнхимийн гурав дөрөвдүгээр курсын 30 оюутан, “Цэцэгтийн залуус” бүлгийн 40 залуучууд заавар зөвлөгөө өгч ажиллав.
"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нээсэн. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж нийслэлийн нийт ногоон байгууламжийн 23 хувийг эзлэх болжээ.
Үүнийг Б.Саранчимэг захирал хамт олынхоо болон тэнд мод тарьж, ургуулахын төлөө эргэж тойрдог олон хүний сэтгэл, зүтгэл, хөдөлмөрийн үр шим гэсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Бүх нийтээр мод тарих өдрийн энэ жилийн арга хэмжээг олон нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлж, тарьсан модоо ургуулах, амьдрах хувийг нь нэмэгдүүлэх, арчлан хамгаалах мэдлэг чадварыг түгээх зорилгоор БОНХАЖЯ- наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөнийг” улс даяар өрнүүлж байгаа нь нэн сайшаалтай. Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллагын идэвх санаачлага, оролцоо хамгаас чухал юм” гэлээ.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Бүх нийтээр мод тарих өдрийн нээж хэлсэн үгэндээ, ногоон байгалийн төлөө нэгдэж хүрэлцэн ирсэн УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, Элчин сайдууд, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд талархал илэрхийлэв.
Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу зохион байгуулж буй 11 дэх удаагийн "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" нь түүхэн ялалтын баярын өдөр тохиож байгаад баяртай байна гэлээ. Өмнөх жилүүдэд зохион байгуулсан бүх нийтээр мод тарих өдрүүдээр нийт 7,4 сая ширхэг мод тарьсан бөгөөд эдгээр модны амьдралт 60 орчим хувьтай байгаа нь хангалтгүй дүн гэж БОНХАЖ- ын сайд хэлэв. Тиймээс энэ оноос эхлэн тарьсан модоо арчлан хамгаалж ургуулах, амьдралтын хувийг нэмэгдүүлэх зорилгоор БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг улс даяар амжилттай өрнүүлж байгааг хэллээ.
Судалгаанаас харахад хайлаас мод 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0,2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж авдаг. Үүнийг мөнгөөр үнэлж тооцвол 50 жил ургасан НЭГ мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 197 сая төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулдаг гэсэн тоо баримтыг Д.Оюунхорол сайд хэлж, иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж, байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ойн сантай болохыг уриаллаа. Бурхан багшийн сургааль дахь “Мод их амь, хүн бага амь”, "Нэг мод тарих нэг насны буян”, “Хоёр мод тарьвал хойд насны буян” хэмээх айлдварыг ч манай ард иргэд сайн ойлгож өөрийн итгэл үнэмшлээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна гээд “Тарьсан мод болгон ургаж, ургасан мод бүхэн бидний амьдралыг ивээн тэтгэж байх болтугай” гэсэн юм.
БОНХАЖЯ болон түүний харьяа байгууллагууд, бусад яам, Тамгын газрынхан зэрэг нийт 350 гаруй хүмүүс “ОСХТ” УТҮГ-ын Модлог ургамлын цэцэрлэгт 600 гаруй мод, сөөг тарьжээ. "Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд аймаг бүр ажлын төлөвлөгөө гарган, мод тарих талаар сургалтуудыг орон нутагтаа зохион байгуулж, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг тарьц, суулгацаар хангах зорилгоор үзэсгэлэн худалдааг явуулж, мод тарих гарын авлага, зурагт хуудас, хэвлүүлэн тарааж байна.
БОНХАЖЯ, Монголын ахмадын холбоо хамтран бүх шатны сургууль, цэцэрлэг, мэргэжил сургалтын төв коллежийн дунд "Орчноо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх” уралдааныг зарласантай холбогдуулан "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”- өөр эдгээр байгууллагууд идэвхтэй оролцож орчиндоо мод тарьж байна.
Урьдчилсан байдлаар нийслэл, 21 аймгаас ирүүлсэн мэдээнээс үзэхэд тавдугаар сарын 9-нд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн үйл ажиллагаанд 50 000 гаруй ард, иргэд, 4000 аж ахуйн нэгж байгууллага оролцож, 600 000 ширхэг мод, сөөгийг тарьжээ. Зарим аймгууд тухайлбал Дундговь, Архангай аймаг цаг агаарын байдлаас болж мод тарих үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна. Мөн МЗХ залуусыг уриалан дуудаж, БОНХАЖЯ-наас зарласан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д нэгдэн өчигдөр Багануурт мод тарив. Хаврын мод тарилтын үйл ажиллагаа зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.