Парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулсан төгөлтэй боллоо
Энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулан төгөл байгуулж буйгаараа онцлогтой.
Өнөөдрийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин нар оролцсон юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мод тарих, түүнийгээ арчлан хамгаалах амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргасанаас хойш улс даяар жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг болсон.
Энэ жилийн "Бүх нийтээр мод тарих өдөр” нь Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байна" гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүдээс түүхт ойн баярыг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулах ажлыг санаачлан эхлүүлж байгааг онцлон тэмдэглээд, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд энэхүү төгөлийг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, өөрсдийн гараар мод тарихыг уриалсан юм. Мод тарих үндэсний өдрийн нээлтийн ажиллагааны дараа Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулсан төгөлийн анхны модыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд тарилаа. Тэрээр Ялалтын 70 жилийн ойг тохиож байгааг билгэдэн энэ удаа 70 мод тарьж байгааг онцолж байлаа. Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович энэ үеэр Улсын Их Хурлаас Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан төгөл байгуулах сайхан санаачлага гаргасан Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлэв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь мод бүрийг эзэнжүүлж, кодлох, тарьсан модоо цахим хэлбэрээр харах "Ногоон хашаа", "Итгэлийн төгөл" төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойн төгөл ч энэ төсөлд хамрагдан, тус цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд төгөлийг тогтмол арчилж, тордох юм байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ хаврын мод тарих арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газар, ИНЕГ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, МУИС, ШУТИС, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг, Монголын Нотариатчдын танхим, Монголын дауны холбоо, Монголын арьс ширний холбоо, 24 дүгээр дунд сургууль, Ахмад багш нарын холбоо зэрэг 50 гаруй аж ахуйн нэгж, 2000 гаруй иргэн оролцож 3000 гаруй мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Түүнчлэн энэ жил БОНХАЖЯ-аас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” санаачлан өрнүүлж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.