Баян-уулын түймрийг цурамд оруулсан ч эргээд асчээ
Ой хээрийн түймэр
2015.04.28

Баян-уулын түймрийг цурамд оруулсан ч эргээд асчээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.

Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан. Хэнтий аймгийн нутагт тархан шатсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 12 албан хаагч, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дадал сумаас 9 иргэн, Норовлин сумаас 26 иргэн, нийт 116 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 19-ний өдрийн 17:40 цагт цурамд оруулсан. Одоо түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт” гэдэг газар тархан шатсан түймэр энэ сарын25-ны өдөр цурамнаас  алдагджээ. Ингэхдээ тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсан байна. Иймээс хүч нэмэгдүүлэн Аймгийн Онцгой байдлын хэлтсийн 39 албан хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Аврах тусгай ангийн 36 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, Хилийн 0257 дугаар ангийн 40 албан хаагч, сум, орон нутгийн 181 иргэн, нийт 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна. Одоо түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулсан, хойд хэсэг нь асаж байгаа тухай мэдээлэл байна.