Зээл олгочихоод хүүг нь эхлээд авдаг үйлчилгээ банкинд байх ёсгүй
Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.
-Өндөр настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тал дээр та ямар байр суурь баримталдаг вэ?
Тэтгэвэр авдаг ахмад настнууд янз бүрийн төвшинд амьдарч байна. Уг нь тэтгэврийг өдөр тутмын ахуйн хэрэглээ, эрүүл мэндэд зарцуулахын тулд олгож байгаа. Гэтэл тэтгэврийн зээл авч байгаа нөхцөлийг судлаад үзэхээр хөндлөнгийн шаардлагаар зээл авсан нь 70 хувь байна. Энэ нь тэтгэвэр авагчаас өөрөөс нь хамаарч бус хөндлөнгийн шахалтаас болж зээл авч байгааг илтгэж байгаа юм. Тухайлбал, хүүхдийн сургалтын төлбөр төлөх, машины лизингийн урьдчилгаа, байрны зээлд өгөх зэрэг өдөр тутмын хэрэглээнээс өөр зүйлд зарцуулсан байдаг. Харин 30 хувь нь өдөр тутмын хэрэглээ хүрэлцэхгүй, эрүүл мэндийн шалтгаанаар авчээ. Бусад оронд тэтгэврийн зээлийг хуулиар зохицуулдаг.
Манайд ямар ч зохицуулалт байхгүйгээс банк өөрийн ашгаа бодож зээл олгож байгаа. Ингэхдээ тэтгэврийн зээл олгочихоод хүүг нь бэлэн хураагаад авчихдаг. Ийм үйлчилгээ банкинд байдаггүй. Тиймээс Нийгмийн бодлого, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлах ажлын хэсэг гаргах үүрэг өгсөн. Ирэх долоо хоногт ажлын хэсгийг томилно. Ер нь нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл арилжааны банкуудад байршдаг. 2012 онд намайг ажил авахад сангийн хөрөнгөөс 10 орчим тэрбум төгрөгийн хүүгийн орлого төвлөрүүлж байсан юм билээ. Энэ тоо 2014 оны эцэст 58,1 тэрбум болж өссөн байгаа. Харин мөнгөн хөрөнгө 2012 онд 243 тэрбум байсан бол өнгөрсөн онд 896 тэрбум болж бараг гурав дахин өссөн.
-Эдийн засгийн хямралтай холбоотой өрхийн амьжиргаа муудаж байгаа гэсэн судалгаа бий юү. Нийгмийн халамжид хамрагдах өрхийн тоо нэмэгдэж байна уу?
Энэ жил нийгмийн халамжид зарцуулах хөрөнгийг бууруулах бодлого барьж байгаа ч зорилтот бүлгийнхэнд үзүүлэх дэмжлэг тусламжийг нэмэгдүүлж байгаа. Эдийн засгийн хямралаас өрхийн амьжиргаа буурч байгаа гэсэн нарийн судалгаа алга.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг нийгмийн халамж үзүүлэх бүлэгт нэмж оруулбал халамжийн сангийн зарцуулах хөрөнгө хэр нэмэгдэж байгаа вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг өнөөдөр бий болчихсон асуудал биш. Нийгмийн бүхий л үед байсан. Гэр бүлийн хүчирхийллийг яаж таслан зогсоох вэ гэдэг асуудал байнга явж ирсэн. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэгчдийн дийлэнх хэсгийг төрийн албан хаагч хариуцлагатай албан тушаалтан эзэлдэг гэсэн хачирхалтай судалгаа гарсан. Үүнээс улбаалаад гэр бүлийн хүчирхийлэл тухайн хүний мэдлэг боловсролоос хамаардаггүй юм байна.
Тухайн гэр бүлд илүү байр суурь, давуу эрх эзэлж байгаа нь хүчирхийлэл үйлддэг юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэгэхээр гэр бүлийн боловсрол олгох чиглэл рүү бид явах ёстой. Гэр бүл дотроо яаж халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, яаж гэр бүлээ бат бэх байлгах зэрэгт бэлдэх ёстой. Ер нь гэр бүлийн асуудлыг төрийн бодлогын гадна орхисноос болоод энэ нь эргээд нийгмийн хурц асуудлыг үүсгээд байна. Тэгэхээр Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг Гэр бүлийн хуультай уялдуулж батлах хэрэгтэй.
-Эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг уртасгах гэж байгаа юм уу?
Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 72-75 болсон. Эрчүүд 62- 67 орчим байгаа. Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт 2017-2030 он хамарч байгаа. Тиймээс энэ хугацаанд тэтгэвэрт гарах насыг нэмэх боломж байгаа эсэхийг судлах талаар оруулсан. Түүнээс тэтгэврийн насыг өндөрсгөнө гэж хэн ч яриагүй. Ер нь цаашдаа жендерийн асуудалд анхаарах ёстой. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал нь гайгүй болсон. Гэтэл эрчүүд боловсролоор эмэгтэйчүүдээс хол хоцорсон. Ажил эрхлэлт, эрүүл мэнд нь ч хоцрогдсон байна. Тэгэхээр жендерийн асуудлыг эргэн харах ёстой байгаа гэв.
Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд салбартаа хийсэн ажлаа ч танилцуулсан. Түүний толгойлж байгаа яам үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хоёр чиглэлд зориулан ажилладаг юм байна. Нэгдүгээрт хүн амын хөгжлийн бодлого нөгөөх нь нийгмийн хамгаалал. Өмнө нь улс орны хөгжлийг хүн амынх нь хөгжилтэй уялдуулдаггүй байсан. Харин одоо энэ байдлыг өөрчлөн хүнээ хөгжүүлсэн улс хөгждөг зарчмаар ажиллаж байгаа тухайгаа салбарын сайд онцоллоо. Мэдээж аль ч улс оронд халамжлах ёстой хэсэг гэж бий. Тиймээс энэ хүмүүсээ тодорхой болгох зорилгоор өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааг орон даяар хийжээ. Судалгаанд нийт өрхийн 86 хувийг хамруулж амьжиргааг нь 20 төвшингөөр ангилсан юм байна.
Судалгааны үр дүнд хамгийн доогуур эрэмбэлэгдсэн таван төвшний өрхөд нийгмийн халамжийг бодитойгоор хүртээх ёстой гэсэн бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Үүнээс гадна Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль гарч 580 орчим хүн хамрагджээ. Тэд ажилласан жилээ 5-11 жилээр нэмэгдүүлж, жил нь хүрэхгүй тэтгэвэртээ гарч чадахгүй байсан олон хүнд бүрэн тэтгэвэр олгох боломжийг бүрдүүлсэн байна. Дээрх хуулийн ач холбогдол ганц үүгээр ч зогсохгүй нь мэдээж. Энэ мэтээр Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан, хүүхдийн мөнгийг зөв менежмент ашиглан олгож эхэлсэн нь банкинд ч тухайн хүндээ ч хүндрэл үүсгэхгүй болсон зэрэг хийж байгаа ажлаа сайд тайлагнав.