Тэтгэврийн насыг нэмэхгүй
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай салбар өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулсан байна. Одоо ямар асуудлуудад анхаарч ажиллаж байна вэ?
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдрүүд тохиож байна. Тиймээс “Өдрийн сонин”-оор дамжуулаад салбарынхаа нийт ажилтан, албан хаагчдадаа мэнд дэвшүүлж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Өнгөрсөн хугацаанд хамгийн их ачаалалтай ажилласан салбарын нэг нь манайх. Хүн амын хөгжлийн бодлогын асуудал өмнө нь төрийн түвшинд тавигддаггүй, зөвхөн хүүхдийн тухай Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд яриад өнгөрдөг байсан.
Бусад асуудал нь төрийн бус байгууллагууд иргэд, аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилга, тэдний оролцоо, тэдний нуруун дээр явж ирсэн. Энэ ч утгаараа аливаа улс орон хөгжлөө хүн амын, нийгэм эдийн засгийн гэж хувааж үздэг. Гэтэл манайх өрөөсөн далавчгүй юм шиг явсаар иржээ. Шууд хэлбэл хүн амын хөгжлийн бодлогоо орхигдуулаад нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалтдаа хэт анхаарч байж. Салбар яамыг тусад нь байгуулснаар хүн амын бүлгүүдийн чиглэлээр зонхилон ажиллаж байна. Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах. бодлогыг өргөн барьчихлаа.
Мөн хүүхэд, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудад чиглэсэн тэднийг дэмжих эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлууд ч хийгдэж байгаа. Энэ он гарсаар хүн амын бүлгүүдээр Хүн амын үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Азийн форумыг ч анх удаа Монголд зохион байгуулж 23 орон оролцохоор болчихоод байна. Ингээд ирэх намар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг гаргана. Түүнчлэн Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль зэргийг боловсруулж, заримыг нь УИХ-аар хэлэлцүүлээд эхэлчихсэн байгаа.
-Нийгмийн хамгааллын тухайд ямар дэвшил гарсан бол?
Нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр гэвэл халамж, үйлчилгээний зорилт юу байх вэ гэдгийг дүгнэсэн. Зорилтот бүлгээ зөв тодорхойлох механизм, хууль эрх зүйн орчинг бий болгоё гэж үзсэн. Ингээгүй тохиолдолд яг зорилтот бүлэгт нийгмийн халамжхүрдэггүй байсан нь үнэн. Тэгэхээр иргэний амьжиргааны түвшинг тогтоох судалгаа орон даяар явагдлаа.
Нийт өрхийн 86 орчим хувь нь хамрагдсан. Үүнд тулгуурлаж иргэдийн мэдээллийн санг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Салбар дундын мэдээллийн санг ашиглах журмыг ч Засгийн газрын хуралдаанаар баталж өгсөн. Одоо Дорнод аймгийн иргэн Дулмаагийн амьжиргааны түвшин ямар вэ гэдгийг судалгаанаас шууд харж, мэдээлэл авах боломжтой болно.
-Тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой олон л асуудал байгаа бололтой. Тэтгэврийннасыг нэмэх тухай ч яригдаж байна...
Тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалын сантай холбоотой нэлээд олон өөрчлөлтийг орууллаа. Бид 2012 оны аравдугаар сард нийгмийн даатгалын ажилчдын анхдугаар чуулганыг зохион байгуулж тогтолцооны шинэчлэлийг хийе гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Ямартаа ч эрүүл мэндийн даатгалыг бие даалгах хууль эрх зүйн орчинтой болж чадлаа. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын орчинд их том өөрчлөлт хийгдэхээр болсон. Хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх 30 гаруй дүрэм, журмыг гаргаж байна. Бас нэг асуудал нь тэтгэврийн тухай. Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулья.
Тэтгэврийн хуульдаа өөрчлөлт оруулж, тогтолцоог өөрчилье гэж байгаа. Энэ дотор юу шинэчлэгдэх вэ, ямар ажил хийгдэх вэ гэх мэтээр асуудлууд орно. Түүний нэг нь “2017- 2030 онд эмэгтэй тэтгэврийн насыг 58, эрэгтэй тэтгэврийн насыг 62 болгох боломжийг судлах” гэж оруулсан. Энэ бол төрөөс баримтлах бодлого. Бид бодлого дотроо юуг ч судалж болно. Гэтэл улс төр оруулж эмэгтэй тэтгэврийн насыг 60, эрэгтэй тэтгэврийн насыг 65 болгох гэж байна гээд шуугиад эхэллээ. Тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлье. Гуравдугаарт тэтгэмжийн олон сан, үйлчилгээг нэгтгээд нэгдсэн тогтолцоотой болъё гэж шийдсэн.
-Өнөөдрийн хувьд эдийн засаг таагүй байна. Тэтгэвэр, тэтгэмжид өөрчлөлт орох уу?
Нийгмийн сэтгэл зүйгээр хамаа намаагүй тоглодог улсууд олон байна. Илэн далангүй хэлэхэд эдийн засгийн хүндрэлтэй байна. Манай салбарын хувьд он гараад инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг нэмэгдүүлсэн. Байгаа мөнгөндөө тааруулсныг бас хэлэх хэрэгтэй байх. Мэдээж тэтгэвэр авагчдын хэрэгцээ шаардлага өндөр байгаа. Тэр бүхнийг хангах хэмжээнд хүргэж чадаагүй. Цаашдаа энэ шаардлагыг хангахын төлөө ажиллана. Ер нь бол тэтгэвэр тэтгэмж тасраад, тэтгэмж доголдохгүй гэдгийг хэлье.
-Танай намын зарим гишүүн 2013 онд ахмадууд 180 мянган төгрөгийн тэтгэврээрээ 300 талх авч байсан бол өнөөдөр 230 мянган төгрөгийн тэтгэвэр авч 200 талх авах болсон гэдгийг хэлж байгаа шүү дээ?
Хувь гишүүдийн төсөөлөл л байх. Ер нь бол 180 мянган төгрөг байсан тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлж өнөөдөр тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөгт хүрсэн. Тодруулбал, 2012 онтой харьцуулахад нийт тэтгэврийн гуравны нэг хувиар нэмэгдсэн. Бидний эдийн засгийн чадавхи гэж нэг зүйл бий. Хүсэл байвч " хийж чаддаггүй зүйл олон. Гэхдээ гараа хумхиад суугаад " байж болохгүй. Аль болох амьжиргааных нь боломжит түвшинг ахиулах чиглэл рүү л хамаг анхаарлаа хандуулсан.
-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар ямар өөрчлөлтийг хийж байгаа юм бэ. Гэр бүл доторх асуудлыг хуульчлах хэцүү гэдгийг хүмүүс ярьдаг?
Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шийдэхэд хүнд. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүд нь I дандаа ойр дотнын хүмүүс нь байдаг. Түүнийгээ тэр бүр ил ! гаргаад байдаггүй. Ил гаргахаар эргээд гэр бүл нь уначих гээд байдаг. Наад зах нь гэр бүл салахаас эхлээд олон сөрөг үр дагавартай. Нэг талаас нь хараад хүчирхийлэгчийг нь шоронд хий, хүчирхийлүүлж байгааг нь хамгаалалтад ав гээд байдаг. Ярих амар ч хийх ямар хэцүү вэ гэдгийг энэ салбарт ажиллаж үзсэн хүн л мэднэ.
Өнөөдөр гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийг барьж хориод, авгай хүүхдийг нь хамгаалалтын байранд аваачсанаар асуудал шийдэгдчихдэг бол хийчхэж болно. Гэхдээ энэ асуудлын ард өрхийн бүхэл бүтэн амьдрал байдаг. Хүчирхийлэгч этгээд согтуу байхаасаа бусад цаг үед гэр бүлийнхээ ноён нуруу, гол санхүүжүүлэгч байдгаас эхлээд асуудал их. Хамгаалалтын байранд очсон хүчирхийлүүлэгч ч тэндээ насаараа амьдрахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр эрх зүйн орчинг их зөв оновчтой шийдэхгүй бол хүмүүсийн сэтгэлийн хөөрлөөр шийдэх боломжгүй. Гэр бүлийн хүчирхийллээс өмнө гэр бүлийн боловсрол олгох шаардлага байна. Аавыгаа,
Ээжийгээ эмэгтэй хүнийг яаж хайрлаж, хамгаалах вэ гэдэг боловсролыг олгодоггүй учраас гэр бүлийн хүчирхийлэл гардаг. Хоёрдугаарт хүн амын бүлэг тус бүрээр хамгааллын асуудал эрхэлсэн төрийн бус байгууллага болон иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоог өргөжүүлэх ёстой. Тэдэнд онцгой эрх олгосон эрхзүйн орчинг бий болгох шаардлагатай. Манайд хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд хүүхдийг хүчирхийлэлд өртөөд байгааг мэддэг ч бодит арга хэмжээ авч чаддаггүй. Жишээ нь цэцэрлэгт нэвтэрч хүүхэдтэй буруу харьцдаг багшийн үйл ажиллагааг таслан зогсоож чадахгүй байна. Гэтэл АНУ-д айлд нэвтэрч ороод хүчирхийлэлд өртөх нь бүү хэл тэр хүүхдийн амьдрах стандарт орчинг шалгадаг.
Энэ өндөр хөгжсөн орны стандарт ч гэлээ мэргэжилтнүүд ядаж байнга хүүхдээ хүчирхийлдэг айлд ороод шаардлага тавьдаг, торгууль тавьчихдаг болох хэрэгтэй. Тэгээд болохгүй бол хүүхдийн нэрийн өмнөөс шүүхэд гомдол гаргаж эцэг эх байх эрхийг нь түдгэлзүүлдэгийм эрхтэй байвал гэмт нөхдүүд салбарын ажилтнуудтай арай өөр харьцаж эхэлнэ. Энэ нөхцөлүүдийг зөв тодорхойлж УИХ-ын гишүүд саналаа оруулж, шийдвэрээ гаргаасай. Хүүхдийг тэнэмэл болчихсон хойно нь цуглуулж халуун хоол өгөөд ямар ч нэмэргүй. Ийм болохоос нь өмнө урьдчилан сэргийлдэг, эрхийг нь хамгаалдаг байх ёстой.