С.Эрдэнэ: 12 мянга гаруй иргэн бүрэн тэтгэвэр авах боломжтой болсон
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.05.01

С.Эрдэнэ: 12 мянга гаруй иргэн бүрэн тэтгэвэр авах боломжтой болсон

Долоо хоног бүр болдог “Сайдын цаг” уулзалтад  Хүн амын  хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, тухайн салбарын эрх зүйн орчныг сайжруулах болон нийгмийн хамгааллын чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тус яамнаас зохион байгуулж хэрэгжүүлсэн гол ажлуудын нэг бол хүүхдийн мөнгийг нэрийн дансанд нь шилжүүлэх тогтолцоонд орсон явдал гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцоллоо. Хүүхдийн мөнгийг дэвтэргүйгээр олгож байгаа нь иргэдэд сар бүр банкинд очиж дугаарлах хүндрэл, чирэгдлийг арилгасан үр дүнтэй ажил болсон. Хүн амын 35 хувийг эзэлдэг 960 300 шахам хүүхдэд сар бүр  20 000 төгрөг олгож байгаа бөгөөд 2014 онд хүүхдийн мөнгөнд зориулж 228,9 тэрбум төгрөг зарцуулжээ.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсанаар 579 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлж, 436 мянган иргэн баталгаажилтын хуудсаа авсан байна. Энэ хууль хэрэгжсэнээр 24 мянган иргэн шинээр тэтгэвэр авагчаар бүртгэгджээ. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байсан 12,7 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас бүрэн тэтгэвэр авах боломжтой болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Иргэний эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн батлууллаа. Энэ хууль хэрэгжиснээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх боломжтой болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох 500 мянга хүртлэх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүжээ. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 126,5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээг 58 мянган төгрөгөөр тогтоожээ.  Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын төслийг  өргөн бариад, хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ төсөлд тэтгэврийн насыг нэмэх тухай ямар ч заалт байхгүй гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэллээ.

  Аливаа улс оронд тэтгэврийн зээлийг  хуулиар зохицуулдаг. Манайд тийм хууль байхгүй.  Тэтгэврийн зээл авч байгаа ахмадуудын 70 орчим хувь нь хүүхдийн сургалтын төлбөр төлөх, машин, орон сууцны зээлд хандивлах зэрэгт зарцуулж байна. 10 гаруй хувь нь л  эмчилгээ хийлгэх, сувилалд явах зэрэгт зарцуулахаар авсан байгаа. Тэтгэвтийн зээлийг зохицуулсан хууль зайлшгүй шаардлагатай гэж салбарын сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.