Цалин нэмэх эсэхийг өнөөдөр шийднэ
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.04.27

Цалин нэмэх эсэхийг өнөөдөр шийднэ

Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэх асуудал яригдаж байгаа юм. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.

-Ирэх сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр болсон. Энэ асуудал юу болж байгаа вэ?

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн. Хэлэлцээрийн дүнд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хөрөнгийг Улсын төсөвт суулгуулж чадсан. Энэ хүрээнд Цагаан сарын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хувиар нэмсэн. Одоо төрийн албан хаагчдын цалинг нэмэх хүлээлтийн асуудал байна. Сар орчмын өмнө гурван талт хороо хуралдаж, төрийн албан хаагчдын цалинг ирэх сарын 1-нээс гурван үе шаттайгаар нэмэх тохиролцоог хийсэн.

-Гэхдээ цалин нэмэх асуудал Хөдөлмөрийн яаманд батлагдаагүй байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Хэзээ эцэслэн шийдэх вэ?

Дээрх хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар. баталгаажуулах ёстой. Засгийн газрын хуралдааныг хүлээсээр өнөөдөртэй золгож байна. Өнгөрсөн баасан гаригт Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт цалин нэмэх асуудлыг дахин тавьж, ирэх даваа гаригийн (өнөөдөр) Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэж өгөхийг хүссэн. Гурван талт хэлэлцээрийн дүнг олон мянган төрийн албан хаагч хүлээж байгаа юм.

Үндсэндээ цапин нэмэх хүлээлт ирэх даваа гаригт (өнөөдөр) тайлагдана гэж харж байна. Ирэх сарын 1-нд олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр болно. Энэ өдөр цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар хэлэлцэнэ.