Нэрийн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаар эхлээд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.
Олон улсын нийтлэг жишиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл, онцлогийг харгалзан тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох талаар үе үеийн Засгийн газраас анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн байна.
Адил хугацаанд, ижил хэмжээний цалин хөлснөөс шимтгэл төлсөн ойролцоо насны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, нийгмийн шударга бус хуваарилалтыг бий болгох нөхцөлийг үүсгэхээр байгаа тул Монгол Улсын нийт ахмад настанд тэгш хандаж, төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдаатай, амьжиргааг хангахуйц хэмжээний тэтгэвэр авах ижил бололцоогоор хангах нь зүйтэй гэж үзсэнээр хуулийн төсөлд тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгасан байна.
Хууль батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн хэмжээ буурахаас сэргийлж, ахмад настны нийгмийн баталгааг хангах, тэдний амьдралын чанарыг сайжруулахад эерэг үр дагавар гарна гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Арвин нар асуулт асууж тодруулав. Улсын Их Хурлын гишүүнЁ.Отгонбаяр асуултдаа, 1960 оноос хойш төрсөн 55 настай эмэгтэй энэ хуулийн өөрчлөлтгүйгээр багцаагаар хэдэн төгрөгийн тэтгэмж тогтоолгох, харин сонголт хийвэл тэтгэврийн мөнгөн дүн хэд болох талаар тодотгосон юм. Гишүүний асуултад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Туваан өгсөн хариултдаа, 55 нас хүрсэн эмэгтэй энэ жилээс тэтгэвэр тогтоолгох хуулийн хугацаа нь болж байгаа.
Энэ жил тэтгэвэр тогтоолгох 55 нас хүрсэн 15 мянган эмэгтэй бий. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2015 онд тэтгэврээ тогтоолгох 1960 онд төрсөн, 55 настай, бага ангийн багш /эмэгтэй/ 313 556 төгрөгийн тэтгэвэр авахаар байхад уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213 226 төгрөг байхаар байгаа нь дээрх хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 100,3 мянган төгрөг болж байна гэсэн хариултыг өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, энэ асуудлаар иргэдээс олон санал ирж байгаа. Одоогийн байдлаар тэтгэврийн зөрүүд 100 гаруй мянган төгрөгийн зөрүүтэй тэтгэвэр тогтоолгох нөхцөл байдал үүсээд байгаа учраас иргэн өөрөө тухайн харьяа аймаг, дүүргийн хэлтэс дээр очоод сонголтоо хийх боломжтой.
Өөрөөр хэлбэл шинэ нэрийн дансны тухай хуулиар тэтгэврээ бодуулна гэвэл түүгээрээ бодуулах эрх нь байгаа. Хуучин тогтолцоогоор тэтгэврээ бодуулна гэвэл мөн эрх нь нээлттэй. Ер нь тэтгэвэр тогтоолгогчийн эрхийг дээдэлсэн зарчмаар явж байгаа гэв.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.