Налайхын уурхайчдын хөшөөнд цэцэг өргөлөө
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэр 2003 онд гаргасныг манай улс дэмжиж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зарладаг уламжлал тогтсон.
Энэ нь сүүлийн үед хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас осол гарч хүний амь эрсддэг, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажлын байранд ажилласнаас элдэв өвчинд нэрвэгдэх тохиолдол олон гарч буйг тодорхой хэмжээгээр бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготой юм. Аяны хүрээнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Налайх дүүргийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөрийн яам хамтарч Налайхын уурхайд амь үрэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.25 жилийн тэртээ Налайхын уурхайд осол гарч олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байдаг.
Тухайн үеийн төр засаг тэдний ар гэрийнхэнд тусламж дэмжлэг үзүүлнэ, үр хүүхдийг нь харж үзнэ гэсэн хэдий ч зах зээлийн “шуурганд” замхарсан гэдгийг тэд хэлж байна. 1960-аад онд батлагдсан Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмийн дагуу осолд өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвдсөн хүмүүст зохих хэмжээний тусламж дэмжлэг өгдөг байжээ. 1995 оноос хойш энэ байдал үгүй болж зөвхөн золгүй явдал хэмээн өнгөрдөг болсон гэж байна. Ажил олгогч, ажилтан хоёр хоёулаа үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эрүүл аюулгүй, орчинд ажиллах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжыг ягштал мөрдөж ажиллахыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос уриаллаа.