Х.Амгаланбаатар: Төсвийн тухай хуулийг өөрчлөхгүй батлавал төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүйд хүрнэ
Монгол Улсын энэ оны Төсвийн тухай хуулийн тодотгол, 2015 оны Төсвийн төслийг батлах эцсийн хугацаа маргааш дуусна. Харин өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эл хуулийн төслийн II хэлэлцүүлгийг хийсэн юм.
Үүнтэй зэрэгцэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийв. Тус холбооноос өнгөрсөн долдугаар сарын 29-нд Засгийн газар, УИХ-д хандаж тодорхой хэд хэдэн санал хүргүүлсэн аж. Саналд ирэх оны улсын төсөвт цалин. тэтгэврийг 60-аас доошгүй хувь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх хэрэгтэй гэж тусгажээ. Улмаар сүүлийн нэг сард Засгийн газар, Ажил олгогчдын нэгдсэн холбоо болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтарч ажлын хэсэг байгуулж ажилласан байна.
Гэвч ямар нэг нэгдсэн тохиролцоо, шийдвэрт хүрээгүй аж. Тиймээс Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо дахин дараах санал, шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлэхээр болжээ. Үүнд, хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороог өнөөдрийн дотор хуралдуулах, УИХ-ын гишүүд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны саналыг ажил хэрэгчээр дэмжих, ирэх оны улсын төсвийг нухацтай хэлэлцэж, батлах шаардлагатай байна.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо дахин дараах санал, шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлэхээр болжээ
Мөн ард түмний элчийн үүргээ бодитой биелүүлж, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг УИХ-ын 76 гишүүнд уриалж, санал болгож байгаа аж. Түүнчлэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг иргэдийн өмнө тулгамдаж буй асуудалд зарцуулахыг санал болгожээ.
Энэ талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.
-Энэ оны улсын төсвийн тодотгол, ирэх оны төсвийг батлахад тун бага хугацаа үлдлээ. Энэ удаагийн Төсвийн тухай хуулийн төслөөр захиран зарцуулах эрх орон нутагт шилжсэн. Гэтэл өнөөдөр орлогын эх үүсвэртодорхой бус байхад захиран зарцуулах эрх өгнө гэдэг өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэх боллоо. Үүнийг тайлбарлаж өгнө үү?
Ирэх оны хувьд орон нутгийн бие даасан байдлыг төсвөөр дамжуулж батлах тухай яригдаж байна. Гэвч өнөөдрийн байдлаар үүнийг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаагүй холбогдох эрх зүйн зохицуулалт ч тодорхой бус байна. Тиймээс өмнөх оны жишгээр орон нутгийн хөдөлмөр, нийгэм зэрэг асуудлыг төсвөөр дамжуулж шийдвэрлэх хэрэгтэй. Үүнд манай үйлдвэрчний эвлэлийн холбоо хатуу зогсоно.
-Та бүхэн дээрх асуудлаар Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд Д.Тэрбишдагватай уулзсан гэсэн. Ямар байр суурьтай байсан бэ?
-Хөдөлмөр, нийгмийн зөвшөлцлийн гурван талт уулзалтыг өнөөдөр хуралдуулах ёстой. Эндээс гарсан шийдвэр ирэх оны улсын төсөвтэй уралдаж орох ёстой гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байсан. Гэвч хугацаа маш бага байна. Ирэх оны Төсвийн тухай хуулийн төсөл өөрчлөгдөхгүй батлагдвал ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төсвийн ажилтнууд цалингаа авч чадахгүйд хүрнэ. Үүнийг дагаж , ямар их сөрөг үр дагавар гарна гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа байх.
-Хүйтний улиралд эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Нэг сувилагчид 5-6 өвчтөн ногдох үе ч байдаг. Тэр үед хөдөлмөрийн хөлсгүй ажиллана гэхээр нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх нь дамжиггүй.
-Үүнийг л ойлгох хэрэгтэй. Цаана чинь амаржих газрууд ачаалал ихтэй ажиллаж байна. Төрөхөөр ирсэн эхчүүд эмнэлгийн хонгилд хэвтэж байна. Ер нь эрүүл мэнд, боловсрол, соёлын салбар ачаалал дунд ажиллах болсон. Ийм үед тэдний цалин хөлсийг нь нэмж чадахгүй юм гэхэд цаг тухайд нь өгөхгүй бол асуудал үүснэ. Цаашлаад амьдралын мөн чанарт нөлөөлөх эрсдэл бий болно.
Цалингаас цалин, өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд амь зуулгаа залгуулж байсан бол өнөөдөр өр, зээлээ төлж чадахгүй дээрээ тулчихлаа. Ийм утга агуулгатай олон өргөдөл манайд ирж байна. Үүнийг нэгтгэж Эрүүл мэнд Хөдөлмөрийн яам болон бусад харьяа агентлагуудад хүргүүлсэн ч ахиц гарсангүй.
Хэн гэдэг хүн улс төрийн албан тушаалд очих вэ гэж шуугиж байхын оронд ард түмнийхээ амьдралыг бодолцох хэрэгтэй болж. Цаана чинь ард түмэн цөхөрч байна. Улс төрийн асуудлаа хурдан шийдэж, эдийн засгийн хүнд үед ард түмнийгээ өөд татахгүй бол байдал хүндэрлээ.
-Хэд хэдэн удаа гурван талт хэлцэл хийх хэрэгтэйг уламжилсан бичиг хүргүүлсэн гэсэн. Гэтэл ямар ч үр дүнд хүрсэнгүй. Ирэх оны төсөв батлагдах хугацаа давчуу байхад тэд гурван талт хэлэлцээр хийнэ гэдэг юу л бол.
-Төсөвт татвар төлөгч ард түмний саналыг нарийн тусгах ёстой. Гэтэл энэ удаагийн төсөвт тэдний дуу хоолойг тусгасан нэг ч өгүүлбэр алга. Үүнийг тусгуулах гэж хэд хэдэн удаа холбогдох газарт шаардах, санал бүхий бичиг хүргүүлсэн. Гэвч ямар нэг хариу алга. Хэрэв гурван талт хэлцлийг өнөөдрийн дотор хийхгүй бол бид дараагийн арга хэмжээг авч эхэлнэ.
-Ирэх оны улсын төсөвт цалин, тэтгэвэрт зарцуулахад хэдэн төгрөг тусгагдсан байгаа вэ?
-Хэлэлцүүлгийн үед сонсоход 500 орчим тэрбум төгрөг гэж байсан. Энэ мөнгө иргэдийн хүсэн хүлээж байсан цалингийн нэмэгдэл болж чадахгүй. МҮЭХ- ноос тавьж буй саналаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 60-аас дээш хувиар нэмэх бодит шаардлага бий гэдгийг хэд хэдэн удаагийн санал, шаардлагаар хүргүүлсэн. Улсын төсөвт доод тал нь 800 тэрбум төгрөгийн эх үүсвэр суулгах хэрэгтэй.
-Энэ мөнгөний эх үүсвэрийг хаанаас гаргах боломжтой гэж үзэж байна?
-УИХ дахь зарим нам, бүлгийн гишүүд дэмжиж, тодорхой урсгал зардлыг танах зэргээр цалин, тэтгэвэр, тэтгэмж рүү оруулах боломж бий гэж үзсэн. Үүнээс ч өөр аргаар эх үүсвэр бий болгох боломжтой. Хэрвээ ямар нэг ахиц гаргахгүй бол дараа дараагийн алхмыг гишүүдийн оролцоотойгоор хийх болно гэдгийг хатуу мэдэгдэж байна. Гэхдээ энэ эх үүсвэрийг туйлын зөв гэж үзэхгүй байна. Тиймээс гурван талт хэлцлийг богино хугацаанд хийх ёстой. Хэлцлээр аль салбарын урсгал зардлыг танах вэ зэргийг шийдэж, эцсийн хариуг гаргах хэрэгтэй.
-Төсвийн байгууллагын ажилтны цалинг нэмэхэд хувийн хэвшлийнхэн нэмдэггүй. Энэ асуудлыг хэрхэн шийдэж өгөх ёстой гэж?
-Энэ асуудлыг төсөв батлагдсаны дараа ширээний ард сууж ярилцана.