Дундаж цалин 844.000 төгрөг гэдэг тархи угаасан, бодит биш тоо
Өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байгаа ч цалин нэмэгдэхгүй байна гэдэг гомдлын дагуу төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр болоод байгаа. Үүнд нийт 180 тэрбумыг төсөвлөөд байгаа юм.Энэ долоо хоногт Засгийн газар цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар хэлэлцэнэ. Дээрх асуудлаар МҮЭ-ийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.
- Төрийн албанд ажилладаг иргэдийн цалинг нэмнэ гэдэг мэдээлэл байна. Энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа. Энэ хүнд үед үнийн бодит өсөлтөөс иргэдийн цалин орлогыг хамгаалах асуудал бол МҮЭХ-ны ажлын чиглэл, зорилго байгаа. Энэ чиглэлээр МҮЭХ-оос санал тавьсны үр дүнд 2015 оны нэгдүгээр сард хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээр байгуулсан.
Энэ хэлэлцээрээс МҮЭХ, манай хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдын зүгээс гол хүлээж байсан асуудал бол цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх байсан. Цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд улсын төсвөөс татаас хэлбэрээр 13 тэрбум төгрөг. Нийгмийн даатгалын сангаас 77 тэрбумыг нэмээд нийтдээ тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 90 тэрбум буюу нийлбэр дүн нь 180 тэрбум төгрөгөөр цалинг нэмэх ийм тохиролцоог хэлэлцээрийн хүрээнд бий болгосон.
- Яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
Цагаан сарын баярын өдрөөс эхэлж хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тэтгэмжийг 20-22 мянган төгрөгөөр ялгавартайгаар нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Төрийн албан хаагчдын цалин хэдийнээс, ямар хэлбэрээр нэмэгдүүлэх вэ гэдгийг өнгөрсөн сард зохион байгуулагдаад өнгөрөгч долоон хоногт Монгол Улсын Засгийн Газар, ажил олгогчдын нэгдсэн холбоо, МҮЭХ-ны хамтарсан үндэсний хороогоор хэлэлцээд тохиролцоогоо хийчихсэн байна.
- Хэлэлцээр ямар шатандаа явж байна вэ? Тэдэн хувиар нэмэгдэнэ гэдэг мэдээ байгаа юу?
Засгийн газрын хуралдаан өнөөдөр хуралдаад тодорхой тохиролцоог баталгаажуулснаар цалин нэмэгдүүлэх асуудал тодорхой болно. Урьдчилсан тохиролцоогоор цалинг гурван үе шаттайгаар нэмэхээр болоод байна. 5-р сарын нэгнээс үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдийн цалинг нэмэхээр болсон. Долоон сарын нэгнээс төрийн тусгай албан хаагчдын цалинг, 10-р сарын нэгнээс удирдах албаны ажилчдын цалинг нэмэх тохиролцоог хийсэн. Гэхдээ энэ удаад хувиар нэмэгдүүлэхгүй. Мөнгөн дүнгээр нэмэх шийдвэр гаргасан.
Өнөөдрийн байдлаар хэлэлцээр дуусагүй тул яг тэдэн төгрөгөөр нэмэгдүүлнэ гэдгийг хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл олон нийтэд зарлахгүйгээр цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэсэн тохиролцоо байгаа учраас тэд эд гээд хэлж болохгүй. Гэхдээ 550 мянган төгрөгнөөс доош цалин авдаг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин боломжийн хувь хэмжээгээр нэмэгдэнэ.
- Мөнгөн дүнгээр нэмж байгаагийн шалтгаан юу вэ?
Мөнгөн дүнгээр гэдэг нь аль болох тэнцүү тэгш байдлыг бий болгох гээд оролдоод байгаагийн илрэл. Эдийн засгийн хүндрэл хүн бүрт жигд мэдрэгдэж байгаа учраас мөнгөн дүнгээр нэг удаа нэмж үзье гэдэг шийдвэрт хүрлээ. Мөнгөн дүнг зарлахгүй ч гэсэн 90 тэрбум дотроо тооцоо хийгээд үзэхэд бага цалинтай хүмүүсийн цалингийн хэмжээ хувиар ярьвал 16-17 хувь болж нэмэгдэнэ. Нөгөө 550-аас дээш цалин авдаг хүмүүсийн цалин бол 10-аас доошгүй хувиар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан мэдээ байна. Жилийн хугацаагаар бодоод үзвэл үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин ирэх сарын нэгнээс нэмэгдэж байгаа учраас бүтэн долоон сар нэмэгдэх бол захиргааны буюу удирдах албан тушаалтны хүмүүсийнх гурван сар нэмэгдэж байгаа. Ингэхээр бага цалинтай хүмүүст илүү ач холбогдолтой нэмэгдэл болж өгнө гэсэн үг.
- Цалин нэмэгдлээ гэхэд төрийн албан хаагчид гэж тусад нь авч үзээд хувийн хэвшил ямагт “айлын шоовдор хүүхэд” байж ирсэн. Энэ тал дээр шийдэл байна уу?
Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн уалинг бол улсын гурван талт хэлэлцээрээр тогтоож байгаа нь бол Засгийн газар өөрөө том ажил олгогч. Ингэхээр ажилчдынхаа цалин хөлсийг бүрдүүлэх гол хэрэгсэл нь улсын төсөв. Энэ утгаараа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэгдүүлж байгаа. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэгдүүлэхэд дээр дурьдсан хэлэлцээрийн хүрээнд тодорхой зөвлөсж чиглэл өгч байгаа. Яагаад гэвэл хувийн өмч гэдгийг дээрээс нь шууд тэдээс тэдэн хувь нэмэгдүүл гэдэг чиглэл өгөхөөр өөрийнхөө өмчийг захиран зарцуулдаг хувийн хэвшилд хууль тогтоомжийн дагуу бол боломжгүй.
- Тэгэхээр одоо яах ёстой вэ?
- Ер нь олон улсын хэмжээнд бол төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хувийн хэвшлийн салбар түүнээс сигнал авдаг. Өөрөөр хэлбэл чадвартай ажилчдаа төрийн албанд алдахгүйн тулд цалингаа нэмэгдүүлэх шаардлага хөдөлмөрийн зах зээлийнхаа хуулиар бий болж байна гэсэн үг. Үүгээрээ төрийн албан хаагчдын цалин бол хувийн хэвшлийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг том хөшүүрэг болж өгч байгаа юм. хувийн хэвшилд цалин нэмэгдүүлэх гол арга бол хамтын гэрээ, тухайн салбарын хамтын хэлэлцээр болж байгаа.
- Хувийн хэвшил татварын өршөөлд хамрагдсанаар цалинд нөлөөлөх тохиролцоо бүрдэх үү?
Энэ бол татварын бодлогоор дамжуулж хувийн хэвшлийн салбараа дэмжинэ гэсэн үг. Ингэснээр ашиг орлого нь нэмэгдэж татварын дарамтнаас гарсан хувийн хэвшил ажилагсадынхаа цалинг нэмэх бас нэг боломж бий болгож байна. Зөв татварын бодлогоор дэмжээд өгвөл цалин нэмэгдүүлэх эх үүсвэр гарч ирнэ.
- Цалингийн дундаж хэмжээ 844,000 төгрөг байна гэсэн дүн мэдээ бий. Энэ хэр бодит байдалтай нийцсэн тоо юм бэ? Хаанаас ямар аргачлалаар яваад байгааг тодруулбал?
Энэ бол үндэсний Статискийн хорооноос гаргаж байгаа дүн. Банк санхүүгийн байгууллагад ажиллагсад, уул уурхайн компаний удирдах албаныхан хамгийн өндөр цалинг авч байгаа. Хамгийн өндөр цалин, хамгийн бага цалин авч байгаа хүмүүсийн цалинг дунджилахаар ийм тоо гарч байгаа. Гэтэл энэ тоо аргачлалаараа зөв байж болно. Харамсалтай нь манай ҮЭ-ийн байгууллага хүлээж авах бололцоогүй гэдгийг хэлсээр ирсэн.
Өөрөөр хэлбэл хүмүүсийн тархийг угаасан бодит байдлаас тасархай тоо гэж үзээд байгаа. Саяхан Солонгосын хоёр том судалгааны байгууллагын хүмүүстэй санал солилцож байхдаа ч тодруулахад “Бид бас өөрийн улсын статискийн байгууллагын мэдээллийг хүлээн зөвшөөрдөггүй ээ” гэдгээ хэлж байсан. Тэгэхээр зовлон бол адилхан. Би нэг л тоо хэлье.
Одоо жишээ нь 99,000 аж ахуй нэгж манайд үйл ажиллагаа явуулж байна. Үүний 90 орчим мянга нь 100 хувь хүртэл ажиллагсадтай. Тэгэхээр энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин бол 550,000 байгаа. Бараг л 90 хувь нь ийм цалинтай байхад 844 мянга гэж гаргаж ирээд байгаа. Ер нь бол бодит амьдралын тоог харахад 550 мянган төгрөг гэдэг нь ойролцоо очихоор байна. Энд бүхэл бүтэн 300 мянган төгрөгийн зөрүү гарч байгаа.
- Олон улсад манайх цалингийнхаа хэмжээгээр хэдэд жагсаж байгаа вэ?
Нэлээн хойгуур орно. Сүүлээсээ хэдэд вэ гэж яригдана. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 байгаа үед дээгүүр жагсах боломжгүй.
- Хөдөлмөрийн доод хэмжээнээс доош биш бол хууль зөрчөөгүй гээд амьдралын өртөг өндөр үед цалин бага байх шалтаг болоод байдаг. Гэтэл энэ нь бидний эрхийг шууд бусаар зөрчөөд байна уу гэж харж байна?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг бол ямар нэг ажил мэрэгжил үл шаардагдах ажил хийх тохиолдолд олгож болох цалингийн хэмжээ. Үүнийг гадны ажил олгогчид “танай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав нугалж өгөөд нэг сая орчим төгрөгийн цалин өглөө. Чамд бол хангалттай” гэх маягаар овжиноор ашиглаад байна. Манайд хөдөөгүүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байгаа. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалингийн дундаж хэмжээ гэдэг хоёр өөр ойлголт байдаг.
Мэргэжилтэй хүнд өөрөөр хэлбэл цахилгаанчны үнэмлэхтэй хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж болохгүй гэсэн үг. Зүгээр нүх ухахад, хог цэвэрлэхэд, энгийн ажилд буюу ур чадвар, мэрэгжил үл шаардагдах хөдөлмөрт олгох ёстой хамгийн доод хэмжээний мөнгийг 192,000 гээд тогтоочихсон байгаа юм. Угтаа бол энэ нь цалин ч биш хөдөлмөр эрхэлснийх нь төлөө хөлс өгч байна гэсэн үг. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ямар тохиолдолд өгч болох вэ гэдийг маш сайн сурталчиж өгөх юм бол иргэд хохирохгүй. Ажил олгогчид ч гэсэн үүн дээр сигнал авна. Хувь хүмүүс ч бас өөрсдийнхөө мэргэжлийг үнэлэх нэг ойлголт болж өгнө.
- Та сая 192,000-аас ч доош цалинтай хүн байна гэж хэллээ. Хууль зөрчсөн энэ үйлдлийг яаж болиулах ёстой юм бэ?
Хөдөөгүүр 192.000-аас доош цалинжуулж байна. Одоо энэ Налайхад жижигхэн дэм буудлуудад ажиллаж байгаа хүмүүс 150 мянган төгрөгийн цалинтай байх жишээтэй. Арга хэмжээний хувьд улсын байцаагч нь очоод л арга хэмжээ авах үүрэгтэй. 192,000 төгрөгөөс доошоогоо ямар нэгэн ажил хийлгэж болохгүй. Мэргэжлийн жагсаалтад орсон ажил бол түүнээс заавал дээш цалинтай байх ёстой.
- Үүнийг яагаад тогтоож өгч болдоггүй юм бэ?
Тогтоогоод өгсөн тоог манайхан ташаа ойлгоод хэрэглэхгүй байгаа хэрэг. Байцаагч нар үүнийг мэдэж байгаа. Энэ бол Монголын зовлон. Зарим газраа нийтлэг шаардлагаа тавиад явж байгаа. Гэтэл цаана нь хөдөө орон нутагт, сумд ажилгүй зөндөө хүн байгаа учраас тус болох биш бүр ч ус болох магадлал өндөр байна шүү дээ. Очиж акт тавьснаараа нөгөө хүнээ 192,000 төгрөггүй болгоод зогсохгүй нэг хүнийг ажилгүй бологох эрсдэл цаана нь байж байдаг.
- Ажилгүйчүүдийн тоо бодит байж чадаж байна уу?
Бас л бодит биш. Одоо жишээ нь хэдэн жилийн өмнөх тоо хэвээр байж байга. Гэтэл ганц хоёр жилийн дотор олон хүн ажилгүй болсон. Оюутолгойгоос л гэхэд 2000 хүн халагдсан. Зарим уул уурхайн компаниуд зэрэг зэрэг ажилчидаа халсан. Гэтэл энэ хүмүүсийн тоо бүртгэлд орж ирээгүй байна.
- 80 мянган сул ажлын байр байгаа гэдэг мэдээл бий. Яагаад ийм их ажлын байртай улс оронд ажилгүйчүүдийн тоо нэмэгдээд байна. Энэ тухайд?
Нэгдүгээрт шалгуурт нь тэнцэхгүй байж болно. Бодит байдал дээр очоод оръё гэхээр цалин хөлс, чадвар чадамжийн зөрчил гардаг байдал их бий. Тэгэхээр энэ тоо өөрөө харьцангуй тоо.
- Гурван талт хэлэлцээрийн үр дүнг МҮЭХ-оос юу гэж харж байгаа вэ?
Монгол улсын Засгийн Газар, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо МҮЭ-ийн хэмжээнд 1992 оноос хойш байгуулагдаж байгаа гэрээ хэлэлцээр. Энэ бол нийгмийн түншлэлийн гол арга хэрэгсэл гэж олон улсын түвшинд үздэг. Үүгээр дамжуулан эдийн засгийн бодлогын гол гол асуудлуудыг зохицуулдаг. Тухайн жилдээ цалин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн хувиар, ямар эх үүсвэрээр, ямар хэм хэмжээгээр бүрдүүлэх вэ гэдэг асуудал дээр тохиролцоонд хүрдэг.
Энэ жилийн хувьд бол хоёр жилийн хугацаатай хийсэн. Хэлэлцээрийн онцлог нь гурван талаасаа яриад асуудлуудаа дотроо шигшээд 53 асуудлыг чухалчилж шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь дотроо таван бүлэгтэй: Эдийн засгийн чиглэлээр авах арга хэмжээ, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн хөлсний, эрх зүйн, нийгмийн түншлэл гэсэн чиглэлүүдээр ажлуудаа бүлэглэж хуваасан байгаа. Ингэж тусад авч үзсэний үрд дүнд энэ жил цалин нэмэх эх үүсвэрээ 2015 оны төсөвт суулгуулж чадсан. Урьд жилүүдэд бол төсвийн тодотгол хийж байж цалин нэмдэг байсан. Тэгэхээр заавал жагсаал цуглаан зохион байгуулаад түүнийг авч хэлэлцэж төсөвт тодотгол хийдэг байсан үе өнгөрч байна гэж болно.
- Эрх зүйн чиглэлээр ямар арга хэмжээ авч байна?
- МҮЭ-ийн холбоог зөвхөн цалин нэмэх арга хэмжээ авдаг байгууллага төдийд хараад байдаг нэг зүйл бий. Бидний чиг үүрэг бол олон талтай. Үүний нэг нь эрх зүйн тал дээр илүү ахицтай ажиллаж цалин тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх байдлаар батлах цаг нь болсон гэж үзэж байгаа. Ажил олгогчдын нэгдсэн холбооноос хэд хэдэн хуулийг хэлэлцээрийн хүрээнд УИХ-аар батлуулах саналыг гаргаад байна. Энэ нь НӨОАТ, эдийн засгийн өршөөлийн тухай хууль гээд бизнес эрхлэгчдээ дэмжих гол гол хуулиудыг яаралтай батлах нь зүйтэй гэж үзэж байна.
- Тэгэхээр цалин нэмэхээс гадна олон асуудал хэлэлцэгдэж байгаа юу?
Бидний ярьж байгаа 53 асуудлын зөвхөн нэг нь цалин нэмэгдүүлэх. Тэгэхээр бусад нь нийгмийн бодлогын, хөгжлийн, эрх зүйн гээд олон чиглэлийн гээд маш олон асуудлыг хамарсан байна.
- Эдийн засгийн хүндрэлийг туулахад МҮЭ-ээс хийсэн бодит ажил юу вэ?
Улс орны эдийн засагтай холбоотойгоор нийгмийн түншлэгч талуудыг оролцоог бодлогын хүрээнд бий болгох тохиролцоог хийсэн байгаа. Үүгээрээ эдийн засгийн хүндрэл гэдэг асуудал бол зөвхөн төрийн хариуцах ажил бишээ, ажил олгогчдын оролцоо ямар байх, зөвхөн шаардах биш хувь нэмэр нь байх гэдэг тал дээр яаж хамтарч ажиллахаа төлөвлөсөн гэсэн үг. Одоогоор бол хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд хэлэлцээрт оролцож байгаа талууд тодорхой үүрэгтэй байя гэдэг дээр тохиролцсон.