Монгол, Солонгосын иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сонг томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хот Сөүл хоттой олон салбарт хамтран ажилладаг бөгөөд Солонгос улсын зарим компанитай хамтран нийтийн тээврийн хэрэгслийг ухаалаг системд шилжүүлж, энэ оны 7 дугаар сарын 1-нээс иргэдэд үйлчилж эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын захиргааны шинэ байрыг Солонгосын шилдэг технологийг түшиглэн бариулахаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн нийтийн тээврийн шинэчлэлтэй холбогдуулан автобусны үйлдвэр барих асуудалд хамтран ажиллах саналтай байна” гэлээ.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сон “Монгол Улсад ажиллахаар томилогдсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, нийслэлийн Засаг даргыг бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ. Мөн тэрээр энэ жил Монгол, Солонгос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25, Улаанбаатар, Сөүл хот ах дүүсийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгааг онцлоод энэхүү ойн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж, хоёр орны иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх тал дээр анхаарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.