Тэтгэвэрийн санд 8.8 их наяд төгрөг хэрэгтэй
УИХ-ын пүрэв гаригийн үдээс хойшхи хуралдаан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол улс 1990 онд зах зээлийн баримжаатай нийгэмд шилжсэнээс хойш тэтгэврийн даатгал нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоотой. Өөрөөр хэлбэл таны төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөөр өөр хэн нэгний тэтгэврийг санхүүжүүлдэг гэсэн үг.
Харин 2030 оноос эхлэн хүн амын насжилт, ахмад настны тоо эрс нэмэгдэнэ. Тодруулбал 1960 болон 1970 оны үед төрсөн хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед одоогийн тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл үүсэх магадлалтай юм.
Сүүлийн 10 жилд хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар ахисан нь илүү хурдацтай байгаагаас гадна иргэдийн дундаж наслалт нэмэгдэн, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4 байсан бол 2030 онд 7, цаашид 9 болох магадлалтайг мэргэжилтнүүд тооцон гаргажээ.
Иймд өнөөгийн тогтолцоонд даруй өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй л бол сангийн алдагдал 2020 онд ДНБ-ний 4.5, 2030 онд 7, цаашлаад 12 хувьд хүрэх төлөвтөйг ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ хурлын үеэр хэлсэн. Иймээс тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, ахмад настнуудын амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц тэтгэвэр олгодог болох үүднээс тэтгэврийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлага тулгараад байгаа юм. Ингээд хуралдааны үеэрх гишүүдийн байр суурийг тоймлон хүргэе.
Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын Р.Амаржаргал “Хоёр сарын өмнө байнгын хороонд хэлэлцэж байх үед 6.8 их наяд төгрөг шаардлагатай гэж байсан. Энэ одоо хэрхэн шийдэгдэж байгаа вэ” хэмээн С.Эрдэнэ гишүүнээс асуусан. Түүний хариултыг бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү.
Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Засгийн газрын гишүүнээс “Хоёр эргэлзээ байна. Цаашдаа нийгмийн даатгал төлөгчийн тоонд харьцуулсан тэтгэвэр авагчийн тоо өсч, хүн амын нас уртсах учраас тэтгэврийн насыг нэмэх ерөнхий бодлогын чиглэлийг ойлгож байна. Гэтэл иргэд тэтгэврийн насыг нэмэх гэж байна гэж ойлгоод байна. Тиймээс он заасан заалтуудаа хасчихаж болохгүй муу” хэмээн нэлээд нухацтай” асуусан. Үүнд С.Эрдэнэ сайд “ Тэтгэврийн насыг 2017-2027 оны хугацаанд хүн амын насжилт өсч байгаатай уялдуулаад өсгөх бодлогыг төслөөр оруулж байгаа юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хөдөө орон нутгаар явахад тэтгэвэр, нийгмийн даатгалын асуудал бөөн юм болдог. Малчдын хувьд жилд хоёрхон удаа орлогоо авдаг болохоор тэтгэвэр бол нэлээд дэм үзүүлдэг. Гэтэл тэтгэврийн данс нь ойлгомжгүй байна” хэмээн ширүүхэн шүүмжилсэн.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Олон хүмүүст шинэтгэл хийе гэсэн хүлээлт маш их байгаа. Тиймээс сонгууль дөхөөд ирэхээр Популист шинжтэй хууль орж ирээд байга нь нэлээд төвөгтэй байна. Харин үүнийг батлахаас өмнө бид Хамтын тэтгэврийн хуулиа баталж чадах уу гэдгийг бодож үзмээр байна л даа. Тэр бол хамгийн том шинэтгэл” хэмээн хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Энэ бодлогын төсөл нэлээд сайн судалгаан дээр хийгдсэн байна” гэлээ.
Ямартай ч гишүүдийн олонх тус бодлогын төслийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр хариуцсан байнгын хороо руу нь шилжүүлсэн. Монгол улс 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг тус тус баталж,ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхлээд 20 жил болж байна.
Дашрамд дурьдахад Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах ирээдүйн 15 жилийн төсөл нь таван үндсэн бүлэг, есөн дэд бүлэгтэй, 75 заалт тусгагдсан нэлээд урт хугацааны бодлого аж.
Ингээд зарим гишүүдийн УИХ-ын чуулганы үеэр хэлсэн үгийг бичлэгээр хүргэж байна.