“Эрдэмтдээ сонсье” уулзалт зохион байгууллаа
Монгол Улсын хэмжээнд “Гамшиг” хэмээх ойлголтыг бие даан судалдаг эрдэм шинжилгээний хүрээлэн болох Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн үүсч байгуулагдсаны 10 жилийн ой ирэх тавдугаар сард тохионо.
Тус хүрээлэн зайнаас тандан судлал, гал, хими, цацрагийн лабораториудтайгаар гамшгаас хамгаалах өдөр тутмын үйл ажиллагаанд биечлэн оролцдог байгууллага юм.
Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаачид, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг бөгөөд энэ хугацаанд судалгааны 70 гаруй бүтээл, 40 орчим ном, гарын авлага хэвлүүлж, дотоод, гадаадын 60-гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ.
Мөн аюулт үзэгдэл, ослыг системтэйгээр судлах, түүний хор уршгийг урьдчилан таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад хувь нэмрээ оруулан ажиллаж гамшгийн асуудлаар тусгайлан мэргэшсэн эрдэмтэн судлаачдын тоо өссөөр байгаа юм.
Тус хүрээлэнгийн хамт олон 10 жилийн ойгоо угтан гамшгаас хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх зорилгоор “Эрдэмтдээ сонсье” уулзалтыг зохион байгуулж гамшиг судлалын шинжлэх ухааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, гамшиг судлалын шинжлэх ухааны ирээдүйн талаар салбарын эрдэмтдийн саналыг сонсон гамшгийн эрсдэлийг бууруулахад тэдний үнэтэй санал, зөвлөмжийг тусгахад чиглэсэн ажил хэрэгч арга хэмжээ боллоо.