Гамшгийн үеийн туршлага солилцох дадлага сургууль эхэллээ
"Говийн чоно 2015"
2015.03.26

Гамшгийн үеийн туршлага солилцох дадлага сургууль эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар Америкийн Нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2015” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцох дадлага сургуулийг 2015 оны 03 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Дадлага сургуулийн нээлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Көрк Макбрайд, Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлалын дэд дарга, хошууч генерал Григори Ми Билтон, НҮБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нарын албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсад 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа “Говийн чоно” дадлага сургалтыг гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааны бодит байдалд ойртуулан хийж дасгал сургуулийг АНУ-ын Ази Номхон Далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардитай хамтран 4 дэх удаагаа зохион байгуулж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдэж байна. Газар хөдлөлтийн аюул бол Монгол орны хувьд үндэсний аюулгүй байдалд сөргөөр хүчтэй нөлөөлж болзошгүй аюул юм. Тухайлбал, нийслэлийн орчимд Эмээлтийн бүсэд 2015 он гарсаар газар хөдлөлтийн чичирхийлэлт 107 удаа бүртггэгджээ.

Мөн Гүнтийн даваа орчимд газар хөдлөлтийн шинэ идэвхижил ажиглагдаж эхэлсэн бөгөөд он гарсаар 35 удаа газар хөдлөлтийн чичирхийлэлт бүртгэгдсэн нь Монгол Улсад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн тоо, давтамж ойртсоор байгааг харуулж байгаа юм.

Мөн 2010 онд Гайти Улсад тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон зуун барилга байгууламж нурж, 200 гаруй мянган хүн амь үрэгдэн, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хохирол учирсан билээ. Байгалийн гамшгийн өмнө өндөр хөгжилтэй улс орон ч хүчин мөхөсддөгийг 2011 оны 03 дугаар сард Японд болсон газар хөдлөлт, цунамигийн сүйрэл харуулсан.

Энэ бүхнээс сургамж авч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэд хэдэн чухал шийдвэрүүд гаргасны дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах байнгын ажиллагаатай зөвлөлийг шинэчлэн байгуулж, Монгол Улсын Шадар сайд удирдан ажиллаж байна.

Үүний дагуу Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийг байгуулж, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нийслэлд 2011 оноос хойш 400 гаруй барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалт хийсэн ажлын үр дүнгээр 1000 гаруй барилгын байдалд дүгнэлт гарган паспортжуулж, мэдээллийн санд оруулсан байна.

Энэ удаагийн “Говийн чоно-2015” сургалт, дадлага сургууль нь газар хөдлөлтийн аюул тохиолдсон тухайн нөхцөл байдалд тулгуурлан газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, цэрэг-иргэний харилцааг зохицуулах олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах ажиллагааг боловсронгуй болгоход ихээхэн ач холбогдолтой болохюм.

9X1A3756

“Говийн чоно-2015” сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, АНУ-ын Ази Номхон далайн хуурай замын цэргийн командлал, Аляскийн үндэсний гварди, хүмүүнлэгийн тусламжийн олон улсын байгууллагууд оролцож байна.

Манай улсад 3-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт 2013 онд 53 удаа, 2014 онд 54 удаа, 2015 он гарсаар 9 удаа тохиолдоод байгаа нь газар хөдлөлтийн аюулын давтамж нэмэгдэж, болзошгүй гамшиг хэзээ ч тохиолдож болох дохиог өгсөөр байна.

9X1A3628

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог, нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг, үйлдвэр, үйлчилгээний газар төвлөрсөн тул болзошгүй газар хөдлөлтийн аюул тохиолдвол олон хүний амь нас эрсдэх, орон сууцны болон үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж нурах, цахилгаан, дулаан хангамж доголдох зэрэг нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэл өндөр байгаа юм.

Сургууль дадлагын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах дадлага сургууль, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх аврах ажиллагааны дадлага сургуулиуд зохион байгуулагдах юм.

Онцгой байдлын ерөнхий газар