М.Энхсайханы үгийг хүлээн зөвшөөрч байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.04.17

М.Энхсайханы үгийг хүлээн зөвшөөрч байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган эхэлсэн өдөр Ерөнхий сайд “УИХ Тавантолгойн асуудлыг 14 хоногт багтаан шийдэж өгөх хэрэгтэй байна” гэж санал өгснөөс хойш ажлын долоо хоног өнгөрлөө. Засгийн газар хуулийн төслөө өргөн барихгүй цаг алдаад л байдаг?

Хаврын чуулганы нээлтийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, энэ асуудлаар гишүүдийнхээ саналыг нэгбүрчлэн сонссон. Гишүүдийн олонх нь хуралд оролцож, тодорхой шийдвэрүүд гаргасан. Ерөнхий сайд бол богино хугацаанд буюу 14 хоногт багтаан Тавантолгойн асуудлыг шийдэж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Гэхдээ өнөөдрийг /уржигдар/ хүртэл Засгийн газар хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлээгүй учраас хүлээж л байна даа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Бусад нам, эвслийн бүлэгтэй хамтраад УИХ-ын даргын захирамжаар том ажлын хэсэг байгуулах ёстой” гэсэн шийдвэр гаргасан. Бүлгийн  даргын хувьд би бусад нам, эвслийн бүлгийн удирдлагуудтай зарчмын зүйлүүдээ эцэслэсэн, ажлын хэсэгт багтах гишүүдийн тоо, нэрс зэргийг тохирсон байгаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд Тавантолгойн гэрээг дэмжих эсэх асуудал дээр гишүүдийнх нь байр суурь хуваагдсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, 26 гишүүнийх нь 14 дэмжихгүй гэдэг ч юм уу. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд дэмжих байр суурь нь голлож байна уу, эсвэл Оюутолгойн гэрээ шиг болгочих вий гэдэг болгоомжлол нь давамгайлж байна уу?

Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орох ёстой, өгөөжөө өгөх ёстой, үйл ажиллагаа нь богино хугацаанд сэргэх ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэг байгаа. Мөн энэ асуудлыг УИХ-аар зайлшгүй хэлэлцүүлэх ёстой, УИХ-аас Тавантолгойтой холбоотой асуудлаар хэд, хэдэн тогтоол гарсан. Гэрээ хэлцэл нь түүнд нийцэж үү гэдгийг үзэх зайлшгүй шаардлага бий, тиймээс энэ асуудлуудаа нягтлах ёстой л гэсэн байр суурь барьж байна.

Төмөр зам суурь дэд бүтэц, төрийн мэдэлд байх нь илүү оновчтой боловч өнөөдрийн нөхцөл байдалд үндэслээд бүх ордыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжид шилжүүлэх нь өөрөө үр дагавар дагуулна гэдэг гишүүдийн болгоомжлол ортой. Нухацтай хандах ёстой.

-УИХ-ын дарга Тавантолгойн гэрээг Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамаар дамжуулж  авлаа, түүнийг судалж байна гэсэн. Гэвч М.Энхсайхан сайд “Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын тулд гэрээнд гарын үсэг зурах хүртэл нууцлах шаардлагатай. Олон нийтэд ил болсон гэрээ бол “ориг” нь биш гэсэн утгатай тайлбар хэлсэн. Гэтэл УИХ-ын даргын зөвлөх УИХ-д өргөн баригдаагүй гэрээг л судлаад байдаг. Энэ тохиолдолд хэр үндэслэлтэй судалгаа хийгдэх юм бол гэдэг эргэлзээ дагуулах? 

Засгийн газрын салбар хариуцсан яамдууд гэрээтэй холбоотой мэдээллийг УИХ-ын даргад өгсөн ч “Гэрээ нь хуучин байсан, шинэ байсан” гэдэг ярианы сэдэв рүү татаж байгаа нь Засгийн газар энэ асуудалд нэгдмэл байр суурьтай байж чадахгүй байна уу гэж хараад байгаа, би хувьдаа.

М.Энхсайхан сайдын зарим үгийг хүлээн зөвшөөрч байгаа. Томоохон бизнесийн гэрээнүүд тодорхой хугацаанд хүртэл нээлттэй байдаггүй зарчим бий

Нөгөө талдаа, М.Энхсайхан сайдын зарим үгийг хүлээн зөвшөөрч байгаа. Томоохон бизнесийн гэрээнүүд тодорхой хугацаанд хүртэл нээлттэй байдаггүй зарчим бий. Хэдийгээр бусдад нээлттэй байдаггүй зарчим байгаа ч гэсэн УИХ-аас нуугдмал байлгаж болохгүй. УИХ-ын дарга, дэд дарга нарт мэдээлэл өгч болно. Бүх юмыг нууц гэдгээр хаалттай болгож болохгүй гэдэг байр сууринаас УИХ-ын дарга хандаж байна уу гэж би хувьдаа ойлгосон. Гэхдээ Засгийн газар Тавантолгойн гэрээгээ өргөн мэдүүлчих юм бол УИХ-аар шийдээд явах боломжтой.

-Гэрээний доторх заалтууд УИХ-аас баталсан тодорхой хуулиудыг зөрчсөн тухай асуудал хөндөгдөх боллоо. Тухайлбал, нүүрсийг хэнд зарах, ямар өртгөөр тээвэрлэх тэр болгоныг консерциум өөрөө тогтооно гэдэг нь хууль бус гэх. Миний бодлоор хувийн компанийн худалдаа руу төр орох шаардлага байна уу л гэж харах?

УИХ-ын дарга тодорхой хэлсэн, УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Тавантолгойг ашиглахтай холбоотойгоор гаргасан тогтоолууд энэ бүгд тусгалаа олсон байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Гэвч тэдгээр нь тусгалаа олсон гэдэг нь нэг шугамаар тайлбарлагдахгүй байгаа. Миний харж байгаагаар эдгээр асуудал нь дутуу эсвэл суугаагүй байна уу гэж хардахад хүргэж байгаа.

Хоёрдугаарт, иргэдийн 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлыг ярьсан. Энэ асуудлыг хариуцаж байгаа төрийн өмчийн төлөөлөл болсон “Эрдэнэс Тавантолгой”-н асуудал энэнд нийцсэн бол хуульд нийцлээ гээд УИХ-д оруулах юм бол тэр зүйл заалтууд дээр УИХ анхаарал хандуулна. Түүнээс жижиг юм руу орохгүй. Ер нь өнөөдрийн байдлыг харахад Засгийн газрын хэлэлцээр учир дутагдалтай байсан нь засч, залруулах гээд цаг авч байна уу гэх сэтгэгдэл төрүүлж байгаа.

МАН Засгийн газарт орсноос хойш олон шантааж, шаардлага тулгалт хийж байгаа нь нууц биш. Авахыг авч, хаяхыг хаяна. Энийг ойлгох ёстой. Гарна, явна гэж болно. Хэн ч хорьж цагдахгүй, хэн ч байгаа ч гэж гуйхгүй. Цаг нь ирсэн бол хүссэн хүсээгүй явах л байх, цаг нь ирээгүй бол хүссэн хүсээгүй байх л байх. Энэ бол улс төр. Өнөөдөр сонгууль ойрхон ирсэн учраас улс төрийн тэмцлийн янз бүрийн хэлбэр орж ирээд явж байна.

-Суурь төмөр замыг нүүрсний олборлолттой хамт нэг консерциумд өгөх нь үндэсний аюулгүй байдал талаасаа компаниудын өрсөлдөөн талаасаа боломжгүй гэдэг үндэслэлүүд тавигдах боллоо. Энэ асуудалд бүлэг, та бас ямар байр суурь барьж байна вэ?

Бүлгийн гишүүд өөр, өөрийн үзэл бодлоор хандсан. Төмөр зам суурь дэд бүтэц, төрийн мэдэлд байх нь илүү оновчтой боловч өнөөдрийн нөхцөл байдалд үндэслээд бүх ордыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжид шилжүүлэх нь өөрөө үр дагавар дагуулна гэдэг гишүүдийн болгоомжлол ортой. Нухацтай хандах ёстой. Сонгодог гашуун сургамж бий.“Энержи ресурс” компани өөрийн хөрөнгөөр авто зам бариад нүүрсний тээвэр хийсэн. Тэгсэн хэрнээ том Тавантолгой, жижиг Тавантолгой болоод бусад нүүрсний компаниуд тэр замаар тээвэр хийх боломжгүй. 

Яагаад гэвэл замыг эзэмшигч нь хувийн компани. Өөрийн ашиг орлогын тооцоог хийгээд тухайн замаа ашигтай байлгахын тулд засвар арчлалт хийхийн тулд үнээ тогтоодог. Тэр үнээр тээвэр хийхэд өөрсдийнх нь тээвэрлэж байгаа бүтээгдэхүүний борлуулалт ашиггүй болбол мөн ялгаа байхгүй асуудал үүснэ. Ийм монофоль байдлаас болгоомжилсон асуудал гишүүдийн дунд бий. Дээр нь Засгийн газар “Төмөр замыг зайлшгүй консерциумд өгөх шаардлага байна” гэдэг сайн тайлбар хийж чадахгүй байгаа л даа.

-Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх шийдвэр гаргасан нь төмөр замтай холбоотой гэж дүгнэж болох уу?

Бүх л бүлгийн төвшинд энэ асуудал яригдаж байгаа, тэгэхлээр Засгийн газрын оруулж ирэх төслийн хувилбар л бүхнийг шийднэ. Энэ нь УИХ-аар ороод олонхийн дэмжлэг авбал явна, дэмжлэг авахгүй бол өөрчлөлт орно гэсэн үг. Тэр утгаар харах юм бол зөвхөн төмөр зам дээр асуудал байна уу, эсвэл оролцогч нартаа холбоотой асуудал байгаа юм уу гэдгийг хэлэх боломжгүй, өнөөдөртөө. Эдийн засгийн боломжтой нөхцөлд төмөр зам төрийн мэдэлд байх нь илүү оновчтой гэдгийг гишүүд яриад байгаа.

-Гэхдээ төр өөрөө төмөр зам барих боломж хүнд байгаа, Тавантолгойгоос Гашуун сухайт руу төмөр зам тавихад эхлээд 280 сая ам.доллар зарцуулсан, дуусгахад нэг тэрбум ам.доллар шаардлагатай. Ийм хэмжээний мөнгө төрд байхгүй. Энэ нөхцөлд консерциумд төмөр зам өгчихөд буруудахгүй юм биш үү. Ер нь манай хууль эрх зүйн зохицуулалтад энэ тухай яаж туссан байдаг бэ?

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод суурь дэд бүтэц төрийн өмч байна гээд заачихсан. Одоо Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд хийх ёстой ажлаа зөв л хийх ёстой. УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийн заалтыг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Ямар нэг шалтаг шалтгаан хэлээд өөрчлөх асуудлыг УИХ шийднэ үү гэхээс Засгийн газар чадахгүй.

-Гэхдээ УИХ улаан шугам давж асуудал руу ороод байх шиг, үүнээс болж асуудал гацаад байна уу гэмээр харагдах?

Олон улсын хэмжээний гэрээ хэлцлүүдэд мэргэшсэн хуулийн гэдэг юм уу, мэргэшсэн байгууллагууд орох нь илүү оновчтой. Ямар нэг салбарын сайд толгойлж орохоор асуудал улстөржөөд байх шиг. Нөгөө талдаа эрх мэдлийн хуваарилалтаа зөв харах. УИХ, Засгийн газар ямар эрх мэдэлтэй юм, энэн дээр л асуудал байгаа. Харилцан уялдаа шүтэлцээ байх ёстой, тэр дагуу УИХ хяналтаа тавих л асуудал юм.

-УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэхгүй бол МАН зургаан сайдаа аваад Засгийн газраас гарна гэж байна. Энэ асуудлыг УИХ-аар зайлшгүй хэлэлцэх ёстой” гэсэн асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд оролцохдоо тулгасан гэх яриа бий. Үнэхээр тийм зүйл тулгасан юм уу? 

Тийм яриаг би сонсоогүй учраас сайн мэдэхгүй байна. Ер нь МАН Засгийн газарт орсноос хойш олон шантааж, шаардлага тулгалт хийж байгаа нь нууц биш. Авахыг авч, хаяхыг хаяна. Энийг ойлгох ёстой. Гарна, явна гэж болно. Хэн ч хорьж цагдахгүй, хэн ч байгаа ч гэж гуйхгүй. Цаг нь ирсэн бол хүссэн хүсээгүй явах л байх, цаг нь ирээгүй бол хүссэн хүсээгүй байх л байх. Энэ бол улстөр. Өнөөдөр сонгууль ойрхон ирсэн учраас улс төрийн тэмцлийн янз бүрийн хэлбэр орж ирээд явж байна.

-Ерөнхий сайд Тавантолгойн гэрээг зурчихвал иргэн бүртээ 100 мянган төгрөг өгөхөө амласан. Шүүмжлэл ч бас дагууллаа, хариуцлагагүй мэдэгдэл гэж. Та хувьдаа юу гэж үзэж байгаа вэ?

Эдийн засгийн хүндрэлтэй үед иймэрхүү амлалт улам л их хор уршиг дагуулна. Дээр нь Ардчилсан нам үзэл баримтлалаа бодсон ч бизнесийн орчин хийх боломжит хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой болохоос ямар нэгэн халамж, хүмүүсийг тодорхой үе шатанд санааг нь урвуулах зорилгоор янз бүрийн бэлэнчлэх сэтгэлгээнд оруулах ёсгүй.

Ерөнхий сайд энэ асуудлыг бүлэг дээр ярих үеэрээ эргэж харах юм ярьж байна лээ.

-Шинээр Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэр ажил амжуулсан гэж дүгнэж байна вэ?

Засгийн газар байгуулагдсан цагаасаа цаг наргүй ажиллаж байгаа, асуудлаа нэлээн нарийвчилж байх шиг байна. Энэ нь хэр нийгэмд таалагдаж, харагдаж байгаа юм гэхээс биш. Миний харж байгаагаарөмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн Чингис, Самурай бондоор хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд үр ашгаа өгөх нөхцөл бүрдээд эхэлсэн. Жишээлбэл, 888 төслөөр дамжуулж зээл авсан аж ахуйн нэгжүүд техникээ оруулж ирж суурилуулаад бүтээгдэхүүнээ гаргаад эхэлсэн. Одоо бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаар зээлээ төлөх боломж нь бүрдэнэ. Түүнээс нэг нам орж ирээд бүхнийг сайжруулж байгаа гэж ойлгож болохгүй.

Бид бүх намын төлөөлөл орсон Засгийн газрыг байгуулсан нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе, Улс төрийн намын тухай хууль, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулиа шийдье, бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ урагшлуулъя гэсэн.

Тийм учраас Засгийн газар тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна, үр дүн нь харагдах хугацаа ойрхон болов уу. Бодит амьдралд яаж тусч байна вэ гэдгийг иргэд харж байгаа.

-Та УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар томилогдсоноос хойш дөрвөн сар болох нь. Байнгын хорооны дарга байх, бүлгийн дарга байх хоёрын дунд хэр зарчмын ялгаатай вэ. Байнгын хорооны дарга илүү мэргэжлийн тал руугаа байна уу гэж харагддаг?

Маш их ялгаатай, байнгын хорооны дарга мэргэжлийн тал руугаа, өөрийн чинь хэлдгээр. Хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг голлон хэрэгжүүлдэг УИХ-ын гол бүтцийн нэг. Бүлгийн дарга гэдэг улстөрийн талаа илүү барьж явдаг, нэг ёсондоо цэвэр улстөрийн үйл ажиллагаа руу илүү ойрхон орж ирж байгаа.

Манай намын өнөөдрийн мөрдөгдөж байгаа дүрэм, Улс төрийн намын тухай хууль гараагүй нөхцөлд дүрмийн шинэчлэл хийгдээгүй нөхцөлд өнөөдөр хууль ёсных. Тийм учраас фракци гэдэг ойлголт байхгүй.

-Ардчилсан нам олон фракцитай тэр бүгдийн хүсэл сонирхлыг тэнцүүлэх, зарим тохиолдолд хатуу гараар тэмцэх гээд бүлгийн даргаас янз бүрийн л арга барил шаардаж байх шиг харагддаг. Зарим өдрийн хурал ширүүн болдог, жишээ нь, хаврын чуулган эхэлсэн өдрийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралд М.Энхсайхан сайд оролцсоныхоо дараа “Айлын гэрт болж байгаа зодоон ярихгүй” гэсэн. Яг юу болсон юм бэ?

Хэлэлцэх асуудлаасаа хамаараад Ардчилсан намын бүлгийн хурал янз бүр л болдог. Ширүүн ч хурал болно, аядуу ч хурал болох нь бий. Гэхдээ Ардчилсан намын нэг онцлог бол олонхийн шийдвэрээ дагадаг, нэгтгэхийн тулд ширүүн маргаан өрнөдөг, тэрний нэг л хувилбар, М.Энхсайхан сайдыг орж ирэхэд болсон асуудал, Тавантолгойтой холбоотойгоор.

-Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн үеэр З.Энхболд дарга фракциас татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Зөвхөн Ардчилсан нам гэдэг нэг фракцид өнөөдрөөс нэгдэнэ гэсэн. Ингэж чадах юм уу, таван фракцитай нам шүү дээ. Зарим гишүүд тань боломжгүй зүйл гэж ярьж байгаа?

Ардчилсан нам таван намаас бүрдсэн нэг нам. Эхнээс нь ярих юм бол үндсэн суурь нь гурван холбооноос тогтсон. МоАХ, Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн гурав. Энэ гурав дээр нэмээд МАН/МАХН/-аас Монголын сэргэн мандлын нам гэх мэтийн бусад намууд нэгдэж орж ирсэн байдаг.

Ардчилсан намын бүрэлдэхүүн өнөөдөр ийм байгаа. Фракци бол байх ёстой зарчим. Парламентын засаглалтай бүх оронд байдаг. Гол нь фракци эрүүл байх ёстой. Ардчилсан намын фракциуд анхнаасаа эрүүл зөв тогтолцоотой байсан, сүүл рүүгээ буруу тийшээ явсан гэдэг нь бас үнэн.

-Хэзээнээс буруу тийшээ явчих вэ?

Ардчилсан намын нэг онцлог бол эхэндээ үзэл зарчимуудаа уралдуулж, эрүүл үзэгдэл гаргадгаараа онцлог байсан.Тухайн үед гурван фракцийн үзэл бодол уралдаж байсан.

Шинэ дэвшилт холбоо бол либерал ардчилсан чиглэлийг барьдаг, одоо бол Ардчилсан намын гол үзэл баримтлалын эх. Ардчилсан социалист хөдөлгөөн бол социал демократ, зүүн чиглэлийг барьж байсан. Ардчилсан нам буюу МоАХ хувьсгалын шинж чанартай байсан. Сүүлдээ юу болсон гэхээр албан тушаал, танил талын хүрээгээр нам руу хэтэрхий олон хүн орж ирсэнээр шантаажны шинж чанартай болсон, энэ нь өөрөө сүүлийн үр дагавар.

Тийм учраас намын дарга фракцилахаа болъё гэдэг уриалга гаргасан. Нэг ёсондоо шантаажны улс төр, хэсэг бүлгээрээ нийлээд намыг бутаргадаг, хагалгадаг, ашиг сонирхлоороо нийлдэг зарчмаасаа салъя гэснээс үзэл бодлын уралдаанууд нь хэвээр хадгалагдана.Ардчилсан нам өөрийн гэсэн дүрэмтэй. Дүрмэнд фракци гэсэн ойлголт байхгүй, МАН-ын дүрэмд жигүүр байгуулж болно гэсэн заалт бий.

Гэхдээ сүүлийн үед фракци гэдэг юмыг ярьсаар байгаад намын дүрмэнд тусгачихсан юм шиг, ойлгодог байсан. Манай намын өнөөдрийн мөрдөгдөж байгаа дүрэм, Улс төрийн намын тухай хууль гараагүй нөхцөлд дүрмийн шинэчлэл хийгдээгүй нөхцөлд өнөөдөр хууль ёсных. Тийм учраас фракци гэдэг ойлголт байхгүй. Хуучин өөр, өөр намууд нэгдэж орж ирсэн суурь бүтэц өнөөдөр ч хадгалагдаж байгаа, тэр ч өөрчлөгдөхгүй. Тийм болохоор фракциар дамжуулж, албан тушаалд очихын тулд шантаажилдаг бүтэц бий болсон учраас энийгээ таслан зогсооё гэдэг юмыг намын дарга ярьсан.

-Ийм байдал үүссэн нь намын удирдлагатай холбоотой юм биш үү. ҮЗХ-ны гишүүдийг шинэчлэх шаардлагатай талаар 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш намын тань гишүүд тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл зарлаж, ҮЗХ-ны гишүүдийг нөхөн сонгосонгүй. Нөгөө талаас Ардчилсан намын дарга “Сар шинийн дараа Их хурлаа зарлаж, намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг батламжилна” гэсэн боловч ирэх 2016 оны сонгууль зарлагдтал Их хурлыг зарлахгүй нь бараг тодорхой болж байх шиг байна?   

Би тэгж бодохгүй байна. Яагаад гэвэл, иймэрхүү асуудал 2008 оноос улбаатай. Ардчилсан намын дүрэмд шинэлэг заалт байсан, харамсалтай нь ҮЗХ-оо өөрчилсөн. Тэгснээр ротацийн асуудал хаагдчихсан. ҮЗХ-ны гишүүдийг ротациар солих ямар ч боломжгүй болсон, үүнээс болж жирийн гишүүд их бухимддаг.

Энэ ч бас нэг талаараа зөв бухимдал. Ардчилсан намд олон үзэл бодлын уралдаанууд явж байдаг тохиолдолд ротаци байх нь зөв үзэгдэл. Нэгэнт өөрсдөө баталчихсан учраас дүрмээ дагахаас аргагүй болчихсон. Энийгээ УИХ-аар Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль батлагдахаар дүрмийн өөрчлөлтүүд хийгээд засч залруулъя гэсэн, ийм л байр суурь хадгалсаар өнөөдрийг хүргэсэн. Одоо харин цэгцлэх цаг болсон.

Их хурлын тухайд, одоо намын даргын шийдвэр л хүлээгдэж байгаа, би бол намын даргыг юу гэж харж байна вэ гэхээр УИХ-аар Улс төрийн намын тухай, Сонгуулийн нэгдсэн хууль батлагдахыг хүлээж байгаа болов уу. Хэн нэгэнд хазаарлагдаад байдаггүй учраас. Орон нутагт ажиллаж байхад Их хурлыг зарлахыг шаардаж байгаа, гэхдээ шийдвэр гаргах эрх нь намын даргад бий. Дүрмээрээ тийм юм. Намын дарга хэзээ шийдвэр гарна, тэр үед асуудал яригдана. Энэ их хурлаар намын даргыг батламжлах асуудал яригдана, ерөнхий нарийн бичгийн дарга ч мөн адил.