Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх нь зөв
Тавантолгой
2015.04.08

Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх нь зөв

Тавантолгойн Ажлын хэсэг өчигдөр Ерөнхий сайдын өрөөнд бараг л өдөржин хуралдав.

Тэд консорциумтай тохирсон Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагаа, Концессийн гэрээний хувилбарыг хэлэлцжээ. Гэрээний төслийг УИХ-аар удахгүй оруулах юм. Энэ нь Тавантолгойн хөрөнгө оруулагчдад таалагдсангүй. Тиймээс гэрээг үзэглэх ёслолд уригдан ирсэн “Сүмитомо” корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмү “Хөрөнгө оруулагч тал болон Монгол тал харилцан ашигтай зарчмаар амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна” гэж хэлээд нутаг буцав. Мөн хил залгаа “Шенхуа” группын удирдлага гэрийн зүг жолоо залжээ.

Хоёр долоо хоногийн дараа Тавантолгойн ирээдүйг хэрхэх нь тодорхой болох учиртай. Хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн шийдвэрлэх эрхийг өөртөө авсан парламент 30 жилийн настай хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх Ажлын хэсэг байгуулахаа мэдэгдсэн. Улирал дамнасан хэлэлцээний дөрөв дэх шат ийнхүү дуусч, Таван толгойн асуудал УИХ- ын мэдэлд шилжлээ. Таван толгойн Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан ‘Тэрээ зурагдахаас өмнө УИХ-аар хэлэлцүүлэх нь замын дунд хүндрэл үүсэхгүй, сайхан боломж гэж шинээр харж байна” хэмээн өгүүлж, хөрөнгө оруулагчдыг үдэв.

Зургаан жил үргэлжилсэн Таван толгойн гэрээний талаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Таван толгойн гэрээгээ хурдан байгуулаад, ажлыг нь явуулмаар байна. Энэ мега төсөл араасаа олон аж аж ахуйн нэгжийг чирч, энэ хэрээр олон мянган ажлын байр бий болно. Энэ том төсөлд орж ирж байгаа хөрөнгө Монголын аж ахуйн нэгжүүдэд л очно. Цаг алдмааргүй байна” гэж хэлж байна.Ард нь монголчууд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж хоцорлоо. Тэдний заримынх нь үзэл бодлыг сонссоноо дор толилуулж байна.

А.Бакей (УИХ-ын гишүүн)
"Тавантолгой"-г одоо улстөржүүлж болохгүй

“Тавантолгой” төсөл цэвэр эдийн засгийн асуудал. Тиймээс одоо улстөржүүлж болохгүй. Харамсалтай нь эдийн засгийн асуудал улс төрийн асуудал болчихлоо. Ер нь Таван толгойг манайхан байнга улстөржүүлж ирсэн. Гол нь хөрөнгө оруулагч талтай байгуулж буй гэрээ харилцан ашигтай байх ёстой. Засгийн газар байна уу, УИХ нь байна уу хамаагүй, аль ч тохиолдолд гэрээний эдийн засгийн үр ашгийг тооцоолж, нягтлах учиртай. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ- аар оруулж хэлэлцэн шийдэхэд болохгүй зүйл байхгүй.

Д.Галсандорж (Уул уурхайн зөвлөх инженер)
 Хуульд өөрчлөлт орж байж л Засгийн газарт боломж бүрдэнэ

Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч талтай Монгол Улсын Засгийн газар гурван гэрээ байгуулахаар тохирсон. Орд газрыг иж бүрнээр ашиглах гэрээг удахгүй УИХ-аар хэлэлцэх нь. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдолтой ордод Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад Засгийн газар гэрээний төслийг УИХ-д оруулж ирнэ гэсэн хуулийн заалт бий. Үүний дагуу асуудлыг шийдэх ёстой. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний дүн 300 сая ам.доллараас дээш байвал тухайн хөрөнгө оруулагч гадаадын    байгууллагатай байгуулсан гэрээг УИХ-д оруулахаар заасан. Хуульд өөрчлөлт оруулж байж л Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг бие даан байгуулах боломж бүрдэнэ. Одоо үйлчилж байгаа хуулийн дагуу гэрээг Засгийн газар УИХ-д оруулахаас өөр гарцгүй.

Н.Алгаа (Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч)
 Засгийн газарт гэрээ байгуулах эрх нь байсан

Засгийн газарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх нь байсан. Хөрөнгө оруулалтын тухай хууль гарч, Ашигт малтмалын тухай хуульд байсан хөрөнгө оруулалтын гэрээний заалт буюу УИХ-аар заавал хэлэлцүүлэх заалт байхгүй болсон. Ингэснээр асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй юм билээ. Таван толгойг урагш нь явуул гэж УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газарт удаа дараа үүрэг өгсөөр ирсэн. Гэвч байдал  эргэж, УИХ-аар Таван толгойг хэлэлцэх болж байна.