С.Ганбаатар: Гэрээг дэмжинэ, гэхдээ ашигтай эсэх нь чухал
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Манай Засгийн газраас Тавантолгойн хөрөнгө оруулагчдад Монголын үндэсний компанитай хамтрах, 51 хувиа эзэмших, 2.5 жилийн дотор баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 30 сая тоннд хүргэх, Чалко-д өгөх ёстой өрийг дарах зэрэг хатуухан болзол тавьсныг тэд зөвшөөрсөн нь сайн гэрээ болсон гэж үзэх хүмүүс байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
Тавантолгойн гэрээ яваасай гэж хүсч байна. Энэ гэрээ явах нь Монголын нийгэм, эдийн засагт маш их хэрэгтэй. Гэхдээ явуулахын төлөө ад болгоод байдаг зүйл нь Тавантолгойн уурхай биш. Гол нь ашигтай юу, үгүй юу гэдэг чухал. Оюутолгойн гэрээг явуулах уу, үгүй юу гэж бүгд асууж байсан. Тухайн үед миний бие Оюутолгойн гэрээг явуулъя гэдэг байсан. Ганцхан ямар ашигтай юм гэж. Гэрээг хийсэн тохиолдолд Монголын ашиг нь хаана байна.
Энэ ашгийг авахгүй тохиолдолд хяналт нь хаана байгаа юм. Удирдах зөвлөлд нь байгаа Монголын гурван хүн эрх мэдэлтэй юу. Өнөөдөр зардлаа дураараа нэмж биднийг ямар ч ашиггүй, татваргүй Оюутолгой болгохоос яаж сэргийлж байгаа гэдэг асуудлуудыг тодорхой нээлттэй ярихгүй байснаас болж Оюутолгойн гэрээг яах гэж хийв ээ гэж ярьж байна шүү дээ. Үүн шиг Тавантолгойн гэрээнд ийм алдаа гаргахгүйн тулд ярилцъя гэж байгаа юм. Нэгдүгээрт, Тавантолгойн талаар Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашиг тусгагдсан уу.
Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай Тавантолгойн уул уурхайн талаар зөвшилцөл, ойлголцол, хэлэлцээр хийсэн үү. Бусад оронд эдийн засагт нөлөөлөхүйц том төсөл хөтөлбөр ярихад Засгийн газар нь тухайн хөтөлбөртөй холбогдох бүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжтэйгээ ойлголцолд хүрдэг. Ойлголцсон төвшиндөө гадныхантай дараа нь ярьдаг. Манайд эсрэгээрээ. Эхлээд гадныхантай ярьж ойлголцоод дараа нь Их хурал эсвэл ард түмэн рүүгээ шахалт үзүүлдэг. Энд үндэсний үйлдвэрлэгчийн тухай яриа огт байхгүй.
Манай нүүрс олборлож, боловсруулж, тээвэрлэдэг олон аж ахуйн нэгжтэйгээ ярилцсан уу. Тэдний чадах зүйлийг яагаад гадагшаа өгөөд байгаа юм. Хоёрдугаарт, нүүрсний олборлолт, экспортын асуудалтай холбоотой эрх зүйн орчныг уул уурхайн болон мэргэжлийн эрдэмтэдтэй зөвлөлдсөн үү. Гуравдугаарт, Тавантолгойн асуудал ингээд яригдаад явахад жижиг дунд үйлдвэрлэгчид, бараа ханган нийлүүлэлт хийх аж ахуйн нэгжүүдийн ажилтай байх баталгаа хаана байна. Энэ мэтчилэн олон зүйлийг гэрээнд тусгаж чадаагүй.
-Гэрээний чухал заалтуудын нэг нь Тавантолгой Гашуунсухайтын чиглэлд 270 км төмөр замыг өөрсдийн хөрөнгөөр тавьж тодорхой хугацааны дараа манайд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж байгаа. Энэ тухайд?
Төмөр замын асуудал үнэхээр чухал. Хэн уурхайтай, хэн лицензтэй гэдэг нь чухал биш. Хатуу ашигт малтмалуудыг хэн зөөх нь бүгдийг хянадаг. Энэ тухай маш олон жижиг хэсгүүдтэй танилцсан. Тэр бүхнийг ярина гэвэл цаг хугацаа орно. Асуудалтай болон тодруулах олон зүйл байгаа. Төмөр замыг тодорхой хугацаанд тэд ашиглаад түүний дараа Монголын Засгийн газарт 100 хувь хүлээлгэж өгнө. Гэхдээ ашгаа нөхтөл гэсэн нэг өгүүлбэр байгаа. Дандаа ашиггүй ажиллаад байх боломж тэдэнд байдаг.
Өөрөөр хэлбэл, ашгаа нөхөхгүй бол хугацаагаа сунгана. Энэ асуудал дээр надад хариулт өгөх боломж байна уу гээд асууж байгаа. Би гэрээг явуулахын төлөө байгаа. Явуулахын тулд үүнийг асууж байна. Магадгүй би дутуу ойлгосон эсвэл мэдээлэл дутуу байж болно. Үүнд ямар нэг хариулт өгөхгүй харин ярьж байгаа хүн рүү нь нэр хаяг зүүж эсвэл эдийн засгийн форум дээр зарим хүний ярьдаг шиг булчимгүй байдлаар дайрна гэдэг бол өөрсдөө гацааж байгаа гэсэн үг.
-Мөн газрыг ашиглах эрхийг 60 жилээр олгож, хугацааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сунгана гэсэн заалт бий?
Энэ тухай долоон хуудас бүхий материалыг Ерөнхий сайдад бичгээр явуулсан байгаа. Үүн дээр Монголын эрх ашиг бүрэн дүүрэн хангагдсан гэж би үзэхгүй байна. Монголын тусгаар тогтнол, эрх ашиг дандаа газартай холбоотой байдаг. Газрын харилцааны асуудал гэдэг маш ноцтой. Газар гэдэг тийм амархан шийдэх зүйл биш. Энэ бол ноцтой асуудлуудын эхэнд орох зүйл юм шүү.
-УИХ-ын дарга гэрээнд эргэж харах ноцтой асуудлууд байна гэж хэлсэн нь гэрээний тухай эргээд эргэлзээ төрүүлэх болсон. Гэрээний явцад засч, залруулаад явах боломжгүй тийм ноцтой зүйл байна гэж үү?
Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашиг Монголын улс төрд хүчтэй болсон. З.Энхболд даргын хэлсэнчлэн харах ёстой ноцтой хэдэн зүйл байгаа гэдэгтэй санал нэг байна. Тийм ч учраас үүнийг би асуусан. Миний хувьд ноцтой гэсэн хэд хэдэн асуудал байгаа. Үүнийгээ л Ерөнхий сайдаас асуусан.
Одоогоор хариу ирээгүй байна. Ер нь улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн хоорондын тулаан нь Оюутолгой, Тавантолгой юм шиг харагддаг. Бүлэглэлийн зөрчилдөөнөөс гарах ганцхан арга зам бол бие даасан хөндлөнгийн шинжээч эрдэмтдийн дүгнэлтийг Тавантолгойн төсөл дээр гаргаж ирэх. Улс төрийн зөв шийдэл гаргахад бие даасан хөндлөнгийн шинжээч чухал. Их хурлын гишүүн гэдэг бүхнийг мэдэх ёстой хүн биш. Бүхнээс илүү итгэл даагаарай л гэж байгаа. Итгэл даахын тулд тухайн салбарын шинжээчдийн дүгнэлтийг тойрч ярих нь өөрөө улс төрийн соёл.
-Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх нь Засгийн газар УИХ-аас дэндүү хараат болж байна гэсэн шүүмжлэл бий. Үнэхээр УИХ-аар оруулах шаардлага байна уу?
Ард түмний өмнө хариуцлага хүлээж ажлаа тайлагнадаг нь УИХ буюу УИХ-ын гишүүд. Би Дархан-Уул аймгийн 100 мянган иргэний өмнө хариуцлага хүлээж ажлаа тайлагнадаг хүн. Харин Засгийн газар биднээс томилогдож, биднээс үүрэг даалгавар авч явж байгаагийн хувьд бидний өмнө ажлаа тайлагнадаг, хариуцлага хүлээдэг. Тавантолгой дээр Оюутолгой шиг алдаа хийх юм бол Засгийн газар Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээхгүй. Тэд Их хурлын өмнө хариуцлага үүрдэг.
Их хурал өөрөө ард түмнийхээ өмнө хариуцлага үүрэх учиртай. Ноён уул гэж 200 сая ам.долларын ашигтай Монголд 40 орчим сая ам.долларын ашигтай байж болох уул уурхайн тухай Их хурал дээр ярьж байгаа. 20 сая ам.долларын тухай Их хурал дээр ярьж шийдвэр гаргаж байхад 6.4 тэрбум тонн нүүрстэй хэдэн арван жил Монголын эдийн засагт нөлөөлөхүйц төсөл хөтөлбөрийн талаар УИХ-аар хэлэлцэхгүй байна гэдэг бол Оюутолгойн араас орох вий гэсэн эмзэглэл төрүүлж байна.
Тийм сайн баталгаатай, нээлттэй юм бол яагаад хэлэлцэхээс тагалзаад байгаа юм. Их хурлаас өгсөн өмнөх үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхийг бид асуумаар байна. УИХ-ын 36 дугаар тогтоолын биелэлт болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрүүд Тавантолгойн төсөл хөтөлбөр дээр хэрэгжиж байна уу гэдгийг тодруулж асуух үүрэг нь Их хуралд байгаа гэж үзэж байна.