Хүнсний худалдаа эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй өнөөдөр /2015.04.09/ Хүнсний худалдаа эрхлэгчдийн холбооны төлөөлөл уулзаж, 1000 гаруй иргэний гарын үсэг бүхий өргөдлийг өглөө.
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй өнөөдөр /2015.04.09/ Хүнсний худалдаа эрхлэгчдийн холбооны төлөөлөл уулзаж, 1000 гаруй иргэний гарын үсэг бүхий өргөдлийг өглөө.
Хүнсний худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготойгоор байгуулагдсан тус холбоо 7 жил үйл ажиллагаа явуулж байгаагаа танилцуулсан юм. УИХ-ын баталсан зарим хууль, тогтоомж нь хүнсний худалдаа эрхлэгчдийн эрх ашиг зөрчих тохиолдол гарч байгаа бөгөөд энэ удаа согтууруулах ундааны хяналт болон тамхины хяналттай холбоотой шийдвэрүүдийн талаарх санал, хүсэлтээ нэгтгэн, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлж байгаа гэлээ.
Өргөдөлд Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх, Тамхины хяналтын тухай хуулийг хүчингүй болгуулах хүсэлт бүхий хүнсний худалдаа эрхлэгч 1000 гаруй хүний гарын үсэг цуглуулснаа Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд өгөв.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг санаачлагч нь эргүүлэн татсан бөгөөд УИХ-д өргөн баригдаагүй хуулийн төсөлтэй холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэх боломжгүй болохыг тайлбарлав. Харин Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хийх асуудлыг Байнгын хорооны зүгээс судлахаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.