Хар дарсан зөгнөл /фельетон/
Зохиолч, шог зураач А.Амарсайхан
2015.04.08

Хар дарсан зөгнөл /фельетон/

Эрчүүд хөзөр даалуу нүдээд ухаанаа алджээ. Энд тэндгүй “Идлээ, татлаа! Ар нь түүз!” гэх чанга дуу хадна.

Тэгж байтал хоолны бүрээ дуугарлаа. Тоглоомчид таваг дүүрэн овоолсон амт шимтэй хоолноос гэдсээ цүрдийтэл чихэж аваад, аяга тавгаа ундуй сундуй хаялан гарцгаахыг ажвал нүд нь анилдаж, нойр нь хүрч эхлэв бололтой. Хувцсаа хааш яаш өмссөнийг нь харахаар инээд гэхээс илүү эгдүүцэл төрмөөр. Гутлаа буруу харуулж, цамцаа зөрүүлж товчлох энүүхэнд. Үдээсээ зангидаж чадахгүй хүн ч олон ажээ. Би ч бас эдний нэг.

Энд бүх зүйл цаанаасаа бэлэн зэлэн, үнэгүй. Хувцсыг маань угааж индүүдээд өгчихнө. Унтах ор засаастай. Биднийг хүмүүс гэснээс хүн сүрэг гэх нь зохилтой. Сайхан байр, чамин машин, суут бүтээл, агуу амжилт, алдар нэр гээд хүмүүнд заавал байх ёстой мөрөөдөл хэний ч толгойд орж ирдэггүй. Өдөрт гурав өгдөг үнэгүй хоолноос аль болох ихийг идэх гэсэн араатны инстинкт л биднийг удирдан залдаг.

Жон, Жеймс, Ханс, Густав, Ким, Ли гэх харь нэртэй, харь хэлтэй, харь цустай Монгол улсын иргэн, Монгол улсын ирээдүй хойч үе Чингис Хааны талбай дээр часхийтэл хашгиран, хөөцөлдөн тоглох ажээ.

Хуаранд эм хүйстэн нэг ч үгүй, хүүхэд залуучууд ч байхгүй. Зөвхөн дөчөөс дээш насны эрчүүд, өвгөд хөгшид байгааг хараад хөндлөнгийн хүн гайхаж, эрчүүдийн сувилал болов уу гэж таамаглахаар. Харин бид өөрсдөө үүний тухайд бодож тунгаах ч сөгөөгүй зөвхөн хоолны бүрээгээр өндийж, өдөржин хөзөр даалуу тоглоостой, хурхирч ногоорч унтаастай. Өшөө хүрэм арчаагүй байдал, залхуу залхаг дүр төрхөө хэн нь ч анзаарч ухаарахгүй хорвоогийн бор өдрийг барсаар сууна.

Өнөөдөр 2050 оны гурван сарын арван найман гэдгийг нэгэн бичиг үсэгтэй өвөө самбараас уншиж мэдсэнээс болоод, унтах идэх наадах гурваас өөрийг боддоггүй хүний оронцог болсон хуарангийнхны тархинд бяцхан цочрол үүслээ. Энэ өдөр хүүхнүүд эрчүүдийг хэрхэн баярлуулж дайлдаг байсан тухай дурсамж бүгдийн толгойд зурсхийтэл харвах нь энэ. Хүмүүсийн царай гунигтай болчихлоо. Гэргий, найз бүсгүйгээ санагалзаж эхлэв бололтой, тэнгэрийн хаяа ширтэн бодолд автах нь арчаагүй. Гэвч уяхан зөөлөн, амраг хонгор бүсгүйчүүд нь алга. Хөөрхий монгол эрчүүд бүгд хаягджээ.

-2015 оны цэргийн баярыг ямар дэврүүн тэмдэглэсэн гээч! Би дугаар ангийн байлдагч, Чимэгээ минь Их сургуулийн оюутан байж билээ, гэснээ Дорж унжийчихлаа. “Гишүүн” хочит Дамба энэ үгийг сонсмогц агдасхийн эвгүйцэхийг учир мэдэх ганц нэгэн ажив. Монгол эрчүүдийг ийм унхиагүй дорой “хүн сүрэг” болон хувирах эх суурь хэрхэн тавигдсан учрыг Дамба тэргүүтэй хэдхэн егзөр өвгөн л ухаж ойлгох чадвартай.

Гишүүн асан лагхийтэл суугаад, толгойгоо тэврэн шүүрс алдлаа. Чухам Дамбыг ахин дахин гишүүнээр сонгогдож, тендерээс өөр бодох зүйлгүй явсан тэр цаг үед “Жендэр гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш, эрчүүдээ ч бас орхилгүй анхаарах ёстой” гэж олон хүн ярьж, асуудал тавьж байсан. Даанч эрхэм гишүүд, сайд нар үүнийг хайхраагүй.

Монгол эрчүүд хөсөр хаягдах эхний дохио 2030 онд хангинасан гэдэг. Бүгдээрээ их сургууль дүүргэсэн монгол бүсгүйчүүд хар ажилчин, харанхуй малчин, монгол эрчүүдээ тоохгүй болцгоов. Гэнэдээд гэрлэчихсэн зарим нь боловсролгүй мулгуу нөхрөөсөө залхаж гүйцээд салж сарницгааж байлаа. Амьдралаа аваад явах ухаангүй, өвчин хуучдаа баригдсан ядмаг эрчүүдийг хэн тоохов дээ. Эрэгтэйчүүдийн өвчнөөр дагнаж мэргэшсэн эмч, эмнэлэг гэж Монголд байхгүй явж ирсний балаг нэмж цухалзсан нь бас тэр байж. Монголчууд нийтээрээ эрэгтэй хүүхдээ хайхрахаа байж, мал дээр гаргаж, хар ажил хийлгэж, харьд боолоор илгээгээд, зөвхөн охидоо л сургах гэж зүтгэдэг болсны лай ланчиг ийнхүү нэг л мэдэхэд улсыг хавтгайд нь нөмөрч сүйдэлсэн байлаа.  

...Бүрээн дуу эрчүүдийн хуаранг дахин цочоолоо. Үдийн унтлагын цагаа хэтрүүлж, ундуй сундуй тарайн хэвтээд хурхирч байсан гүзээтэй харчуул нүүрээ ч угаалгүй хоолны танхим луу яарцгаав. Тэдэнд бодох санах зүйл огт үгүй. Харин хуарангаас холгүй сүндэрлэх Улаанбаатарын шилэн цамхгуудад завгүй ажиллаж буй сайд дарга, багш инженер монгол бүсгүйчүүдэд санаа зовох аймшигтай том асуудал нэгэнт босч иржээ. Тэдний хань нөхрүүд бүгд харийнхан, англи, америк, герман, швед, солонгос, хятад.

Жон, Жеймс, Ханс, Густав, Ким, Ли гэх харь нэртэй, харь хэлтэй, харь цустай Монгол улсын иргэн, Монгол улсын ирээдүй хойч үе Чингис Хааны талбай дээр часхийтэл хашгиран, хөөцөлдөн тоглох ажээ.