2015.03.06

Жендэрийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийнх биш

УИХ-ын гишүүн Д.Батцогттой эдийн засаг дахь жендэрийн асуудлын талаар ярилцлаа.

-Монголд эдийн засаг дахь жендэрийн тэгш байдал хэр байгаа  вэ ?

Аливаа салбарт хүйсийн тэгш харьцаа маш чухал. Хаана тэгш байна, тэнд амжилт бүтээл, байгууллагын уур амьсгал нь сайхан байдаг. Ер нь сүүлийн үед эдийн засаг, бизнесийн салбарт үр бүтээлтэй ажлаад, тодорч гарч ирж байгаа эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ дийлэнх хэсэг нь эрэгтэйчүүдийн мэдэлд байдаг.

-Монголчуудын хувьд уламжлалт сэтгэлгээ жендэрийн асуудалд  давамгайлдаг шиг санагддаг. Үүнийг хуулиар эсвэл бодлогын түвшин хэрхэн зохицуулж болох вэ ?

Энэ бол төвөгтэй асуудал л даа. Яг бас уламжлалт гэж хэлж болохгүй. Манайхаас илүү эрэгтэйчүүдийн эрх  давамгайлсан Япон, Солонгос мэтийн орнууд байна. Харин манайд эрх нь хумигдаад, эрчүүд нь хэтэрхий хүч түрээд байгаа тал бол байхгүй.

Бид үүнийг шууд механикаар хууль гаргаад шийдэж болохгүй. Харин эсрэгээр нь эмэгтэйчүүдийн ажиллах давуу нөхцлийг бий болгох талд нь бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй.

-Нэг талаас жендэр гээд ярихаар шууд эмэгтэйчүүдийн эрхийг ярьдаг. Гэтэл цаана нь эрэгтэйчүүдийн эрх давхар яригдах хэрэгтэй болдог ?

Тийм. Жендэр гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ойлгодог буруу хандлага бий. Хүйсийн тэгш харьцааны асуудал алдагдсан Боловсрол болон Эрүүл мэндийн салбар гэхэд ажиллагсдын дийлэнх нь эмэгтэйчүүд байх жишээтэй.

Гэтэл Олон улсын судалгаагаар эрэгтэй, эмэгтэй багшийн тоо ижил байгаа газарт сурлагын түвшин сайн байдгийг нотолсон. 

Эсрэгээрээ нэг тал нь давамгайлсан газар сурлагын чанар дунд байгаа нь ажиглагдсан.  Тиймээс хүйсийн тэгш харьцаа бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш эрэгтэйчүүдийнх бас байгаа гэдгийг харуулж байна. Цаашдаа  эрүүл мэнд болон боловсролын салбарт хүйсийн тэгш харьцааг барих бодлогыг барьж ажиллах шаардлагатай.

Аливаа хууль тогтоомжийг гаргахдаа шийдвэр гаргагчид жендерийн тэгш байдлыг хэр харгалздаг вэ. Зарим мэргэжтилтнүүд үүнийг орхигдуулаад байна гэдэг. Үүний та юу гэж бодож байна ?

Аливаа хуулийг батлахдаа жендэрийн асуудлыг харгалзаж үзэн байгаа. Бүр цаашлаад жендэрийн мэдрэмжтэй төсөв хүртэл яригдах болж. Үүнд УИХ бодлого барин гишүүддээ зөв мэдээлэл хүргэх ажлуудыг хийж байгаа.  Хууль батлахад ч жендерийн тэгш байдлыг харгалзаж үзэж байна.

Нэг жишээ хэлэхэд уул уурхайн хүнд машин, механизмын операторын ажил өндөр цалинтай. Гэтэл үүнийг хүнд, том оврын техник учраас эрчүүд ажиллах ёстой гэж асуудалд ханддаг чиг хандлага байна. Шинжлэх ухаан технологи хөгжөөд, уул уурхайн хүнд машинууд бүрэн автомажсан, цэвэр орчинд ажиллаж байгаа.

Ийм орчинд эрэгтэй, эмэйгтэй хүмүүсийн давуу харьцаа гэж байх ёсгүй. Харин ч эмэгтэйчүүд нь илүү давуу нөхцлөөр ажилладаг хандлагууд байгаа гэдгийг уул уурхайн компанийн захирлууд ярьдаг. Үүн шиг зөвхөн эрчүүд хийдэг гэхгүйгээр эмэгтэйчүүддээ боломж олгох талаас нь анхаарах ёстой.

-Таны хувьд жендэрийн тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилт хэр байгаа гэж боддог вэ ?

Миний хувьд “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль”-ийн хэрэгжилт боломжын хэмжээнд байгаа гэж бодож байна. Мэдээж гайхуулахаар өндөр хувьтай биш ч улс төр, шийдвэр гаргах түвшин ажиллаж байгаа  эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр УИХ хуулиуд батласан.

Үүний дагуу улс төрийн намуудын удирдах байгууллагууд  25 хувь нь эмэгтэйчүүд заавал байх асуудал хуульчлагдсан. Түүнчлэн аливаа сонгуульд нэр дэвшүүлэхдээ намуудын 25 хувь эмэгтэй нэр дэвшигч байх бодлого ч явагдаж байна. Тиймээс цаашдаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудалд анхаарах нь ойлгомжтой.