Б.Цогтгэрэл: Монгол төрд сөрдөг хүчин байх ёсгүй
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл
2015.04.06

Б.Цогтгэрэл: Монгол төрд сөрдөг хүчин байх ёсгүй

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-Монгол үндэсний Ардчилсан нам байгуулагдсанаар даруй найман жил болжээ. Энэ хугацаанд танай нам улс төрд хэр байр сууриа олсон гэж дүгнэдэг вэ?

-Хоёр удаагийн Ерөнхийлөгч, УИХ-ын болон удаа дараагийн Орон нутгийн сонгуульд оролцлоо. Өнөөгийн явж байгаа улс төр, намуудын төлөвшил, төрийн байгууламж, төрийн тогтолцоо нь үндэсний хөгжлийн бодлого гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхэд учир дутагдалтай төдийгүй, урт хугацаанд алдаа завхралд хүргэж болзошгүй тухай, үндэсний үзлээрээ нэгдэж, үндэсний зөвшилцөлд хүрэх, монгол төрөө шинээр урлан бүтээх тухай бид ярьж байсан юм. Энэ нь өнөөдөр олон хүн, улс төрчдийн номлол болсон байгаа нь МҮАН-ын үзэл баримтлал нийгэмд зохих үр дүнгээ өгсний шинж юм. Харин эрх барьж байгаа томоохон намуудаар дамжуулан төрийн засаглалын зарчим болгох чиглэлд барьж байсан байр суурь маань туйлын найдваргүй болох нь харагдаж байна.

-Байр суурь туйлын найдваргүй болох нь харагдаж байгаа тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?

-Анхнаасаа улс төрий нтогтсон үзэл баримтлалгүй нийлсэн хүмүүс, албан тушаал, эрх мэдэл, эдийн засгийн прагматизмаар амьсгалдаг хүмүүсээр бүрдсэн намуудаас ийм зүйлийг хүсэх нь ирээдүйгүй юм байна гэдэг нь харагдаж байна. Ийм учраас Монголын нийгэмд улс төрийн шинэ дэг журам, хуваарилалт, үндэсний зөвшилцөлд суурилсан ухаажсан улс төр хэрэгтэй байгаа юм.  

-Улс төрийн хүчнүүдийг хараад байхад олон жил болсон гэдгээрээ бахархаад байх шиг санагдах юм. Ер нь ямар шалгуураар намыг дүгнэх юм бэ. Олон жил оршин тогтносон нь хүчтэй фактор мөн үү?

-Урт насалсан намын түүх бол монголчуудын түүхийн толь юм. Энэ утгаараа бол хүндэтгэн үзэх ёстой фактор мөн. Харин хүчтэй байгаагийн фактор бол яавч биш. Учир юу вэ гэхээр хүчтэй үзэл санаа, зам мөрийн хөтөлбөргүй бол эрч хүч, нөөцөө барсан хөгшин амьд биетэн л гэсэн үг. Хэзээ ч мөхөж, эс бөгөөс задарч болно. Насжилтаар яривал Монгол Ардын нам, тэгээд Ардчилсан нам, Бүгд Найрамдах нам, Иргэний Зориг нам гээд л явж өгнө. Том гээд байгаа намууд гэхэд л өнөөдөр хүчтэй ялгарах, үзэл баримтлалгүй явж байгаа. Намынх нь нэрнээс салгаад, эвсэл, солиод харвал бүх зүйл нь адилхан яг л кока кола, пепси хоёр шиг л брэнд нэрүүдээ л ашиглаж амьдарч байна. Ардчилсан нам Монголын ард түмний бүх нийтээрээ өрнүүлсэн тусгаарлан тогтох гэсэн их тэмүүллээр өрнөсөн ардчилсан хөдөлгөөний инерцийг өөриймшүүлэн, өмчилсөн байдлаар хандаж байна л даа. Ардын нам Монголын бүхий л сэхээтнүүдийн тугаа болгон түүхээ бүтээлцсэн намын нэрээр дулдуйдан монголчуудын 90 жилийн түүхийг өмчлөх өнгө аясаар л аргацаан оршин тогтнож байна. Үүнийг буруутгах аргагүй, брэндүүдийг маш сайн ашиглаж байгаа.

Гэхдээ энэ нь хүчтэй улс төр биш болоод байна. Харин ч бүр Монголын нийгмийг олон ургальч үзэл гэхээсээ илүүтэй сөрөг ард түмэн болгоод хуваачихлаа. Үүнийг өөрчлөхгүйгээр Монголын нийгэм урагшлахгүй, өнөөдөр ямар байна, дараагийн сонгуулийн дараа ийм л байна. Манай тал, дайсны  гэдэг шиг, байр нь солигдсон ч нэмэгдэхүүний байрыг өөрчлөөд нийлбэрийн чанар огт өөрчлөгдөхгүй. Манай нам монгол төрд сөрдөг хүчин байх ёсгүй гэж үздэг. Сөрөг хүчний нам, төрийн бус байгууллага энэ тэр чинь монгол төрийг сульдааж байгааг харж л байгаа шүү дээ.

-Нам оршин тогтнох гол үндэсийг юу гэж харж байна вэ. Танай намын үндсэн зарчим юу бол?

-Энэ их маргаантай асуудал. Уг нь бол нам хүчтэй улс төрийн үзэл сурталтай, бат нягт зохион байгуулалттай мөн хүчтэй дэмжигчидтэй байх аваас оршин тогтноно. Гэхдээ улс төрийн байгууламж, төрийн тогтолцооноос хамаараад улс орон бүрд намын оршин тогтнох хэлбэр ялгаатай. Жишээ нь авторитар, тоталитар тогтолцоотой орнуудад төр барьдаг хөтөлдөг намууд, дагуул намууд, дэмжигч намууд, сөрөг хүчнүүдийг саармагжуулах үүрэг бүхий намуудыг бодлогоор оршин тогтнох боломжийг нь хангаж байх жишээтэй. Зарим оронд бол ерөөсөө сонгууль бүрийн өмнө л шинээр ялах нам, эвслийг зохион байгуулдаг жишигтэй байдаг.

Манай нам бол үзэл баримтлалын тулгын гурван чулуутай тэр нь үндэсний үзэл, ардчилсан үзэл, шударга ёсны үзэл юм. Одоогийн бидний энэ замнаж байгаа нийгэм чинь капиталист нийгэм шүү дээ. Хөрөнгөтний нийгмийн мөн чанар нь хувиа хичээх,  хувь хүмүүсийн тэр шунахай үзлийг өөгшүүлэх, дээдлэх тийм философитой учир бид үндсэн хуулиндаа хүртэл хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гээд л тунхагладаг. Манай нам бол бүхний түрүүнд үндэсний эрх ашиг байна гэж үздэг. Улс үндэсний эрх ашгаа хувь хүний эрх ашгаас дээгүүр тавина. Нийтийн эрх ашгийг нэг хүнийхээс дээгүүр тавих гэсэн ийм л зарчмыг барьж байгаа. Ардчилал үндэсний үзлээ ярьдаг болох, бэхжүүлэх боломж олгосонтой адил үндэсний үзэлгүй ардчилал бол хөлөөрөө толгой хийнэ. Америкчууд, хятадууд, германчууд Монголын эзэн болж болноо л гэсэнтэй адил юм. 

-Өнөөдрийн ардчиллын талаар ямар байр суурьтай байгаа вэ. Сонгодог ардчилал бий болсон уу?

-Ардчилал жинхэнэ утгаараа бидний ойлгож байдгаар аль ч оронд хэрэгжиж чадаагүй төдийгүй хэрэгжих боломжгүй юм байна. Түүгээр барахгүй Милтон Фридман болон чөлөөт нийгэм, эдийн засгийн номлолчид бид алдаж байжээ гэсэн утгатай наминчлалыг Фрэнсис Фукуяама “Төрийг төвхнүүлэх үү” номоороо айлдсан байна билээ. Манай ихэнх улс төрчид 1970-1980 оны үеийн Америкийн үзэл сурталчдын бүтээлүүдийг 1990, 2000 онуудад орос хэлнээс буулгаад түүнийгээ их сурталчлаад байдаг юм. Наад номлолуудыг чинь авах гээхийн ухаанаар харахгүй бол ер нь хол явахаа болиод Энэтхэг, Хятад, Бразил, Индонез, Европ, Америк даяараа өөр хөгжлийн загвар номлолыг хайж, түгээж, зарим нь бүр Марксын капиталыг  гарын авлага болгож байна.  Тийм болохоор галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөх хэрэггүй. Өөрсдөө үзсэн харсан, сурсан, олсон, алдсан дээрээ тулгуурлан өөрийн гэсэн зам мөрийн урт хугацааны хөтөлбөр, стратегитэй болох түүнийгээ хэрэгжүүлж чадах тогтвортой, мэргэшсэн залгамж чанараа хадгалан ажиллах чадварлаг төрийг бий болгон бэхжүүлэх төрийн байгуулалтын системт тогтолцоотой болох цаг нэгэнт болоод байна. 

-Монгол үндэсний Ардчилсан намын үндсэн чиглэл ард түмний сэтгэхүй, аж амьдралд ямар нөлөөлөл үзүүлсэн бэ. Цаашид гарах үр дүнгийн тухай ярихгүй юу?

-Ерөнхийд нь томоор харах юм бол сэхээтнүүдийн дунд үндэсний ухамсар ихэд дээшилж, бэхжиж байна. Манай нам гэлтгүй үндэсний үзлийг соёлоор, урлагаар, үндсэрхэг үзэл, бусад радикал хэлбэрээр ч гэсэн чадах чадахаараа л түгээн дэлгэрүүлж байна. Жишээ нь нийт ард түмний дунд дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслөөрөө, үндэсний урлагийнхан, газар шорооныхон тэмцлээрээ Ц.Мөнхбаяр нараар дамжин, жирийн иргэдийн шашин, ахуйн зан үйлээр гэх мэт илэрч байна. Төрийн үзэл суртал болох болоогүй байна. Философи нь төрийн номлол болоогүй байхад зан үйлийн шинжтэй үйлдэл хийж эхэлснээрээ Фортуна сайд гал өрддөг хүн болж хувирч байх шиг байна.

-Таны хувьд намаа рейтингээр дүгнэвэл хэдэд гэх бол?

-Би дээр нам оршин тогтнох үндэс гээд гурван зүйл хэлсэн. Манай нам монголчуудын яс, мах, цусанд шингэсэн маш сайн бат бэх, амь бөхтэй үзэл баримтлалтай. Бат нягт зохион байгуулалттай. 
Харин гишүүдийн өргөн хүрээний дэмжлэг бага байгаа. Энэ нь бидний ард түмнээ намууд өмчлөхгүй, барьцаалахгүй байх, иргэдэд чөлөөт сонголтын орон зай олгох, намуудын гишүүнчлэлгүй болгох гэсэн зарчмын байр суурьтай хол­боотой. Одоохондоо өөрсдөө үүнийхээ золиос болоод л явж байна.  Намын гишүүдийг зуун мянга хүргэх бол асуудал биш шүү дээ. Тэгээд яах вэ гэдэг асуудал байна. Орон даяар хавтгайрсан улс төржилтийг улам л хөгжөөнө биз дээ. Энэ бол үндэсний эв нэгдэлд огт­хон ч тус болохгүй.  Үнэлгээ, рейтинг ярихад хүрвэл үзүүр түрүүнд үлдэх нигууртай шөв­гийн дөрвийн бөх л гэсэн үг.

-Улс төрийн намуудын явах зам мөр хэр гэгээтэй санагдаж байна. Өнөөдрийн байдлаар нам шиг хэрэггүй зүйл Монголд алга байна гэх юм?

-Монголын улс төр гацаанд орсон гэдгийг бүгд л хэлдэг. Энэ нь сонгогчдын дунд улс төрийн намуудад итгэх итгэлийг улам бүр сулруулж байгаа. Тэгээд хэн тэр гацаанаас нь гаргах юм бэ. Дэлхийн аль ч оронд эрх баригчид консерватив байдаг. Өөрөөр хэлбэл өөрчлөлт шинэчлэлтэд хойрго ханддаг. Аливаа өөрчлөлт тэдний нийгмийн статус, хүрсэн түвшинг нь эрсдэлд оруулдаг болохоор тэр. Яаж ч муулсан тэд аргаа олоод л энэ болохгүй дотроо өөрсдийгөө борлуулаад явах нь мэдээж. Асуудал ребром гэдэг шиг хатуу тавигдсан үед л сэхээтнүүд хөдөлдөг байх шинжтэй. Өнөөдөр уг нь тийм үе ирээд байгаа юм. Өнгөрсөн хорь гаруй жилд бид үндэсний баялаг бүтээж чадалгүй, үндэсний үйлдвэрүүдээ босгож, хөл дээр нь бэхжүүлж чадалгүй дороо эргэж хургасаар байтал бодит үйлдвэрийн бүхий л салбаруудад гадныхан орж ирээд баттай суучихлаа. Гайгүй гэж байгаа компаниуд нь гадны охин компаниуд болж хувирлаа. Эдийн засгийн бодит секторүүдээ хөгжүүлж чадаагүй тул Монголын эдийн засгийн шингээх чадвар маш муу байна.

Зам, барилгыг дэмжинэ. Хөрөнгө оруулалтын 80 хувь нь гадагшаа урсаад бүтээн байгуулалтыг нь хятадууд голыг нь барьж байна. Уул уурхай бол үндсэндээ машин механизм, шатахууны импортын эдийн засаг л болохоос, бодитой нийгэмд ач тусаа өгөхгүй байна. Нэр төдий боловсролын тогтолцоо, автомашины эдийн засаг айл өрхийн ядуурлын шалтгаан болж байгааг бүгд л харж байна. Ардчиллаасаа айгаад дуугарч чадахгүй байгаа юм. Энэ байдлаар манай эдийн засгийн зүрх Эрээн болж, яаж саарал ордноо гадны шууд оролцооноос хамгаалах вэ гэдэг асуудалтай тун удахгүй нүүр тулж мэдэхээр болоод байна шүү дээ.

-МАХН-МҮАН-тай хамтарч “Шударга Ёс Эвсэл” байгуулан засаг барилцаж байгаа, сүүлийн үед МАХН-ын гаргасан шийдвэр эвслийг төлөөлөөд байгаа ажиглагдах юм?

-Нэг их сүртэй улс төр аль ч намд нь байхгүй байгаа гэдгийг би дээр хэлсэн. Жижигхэн тулга тойрсон, хувийн тоглолтууд байна. Ер нь парламент намаржин хаваржин ярьсан давхар дээлээ тоглосон юм аа гэдэг шиг унагачихсан. О.Баасанхүү "Тэмүүжин, Тэмүүжин" гээд дэлхий даяар шившгээ тариад Баларсанхүү боллоо. Гадагшаа олон тэрбум доллар яриад л, парламент дээрээ болохоор цэцэрлэгийн дээвэр, халаалтын зуух яриад л сууж байгаа. Энэ улс орнууд чинь нүд чихтэй шүү дээ. Жижигхэн Баагий гээд бидний дунд нэг яриа байдаг шүү дээ. Тэрэн шиг бид тараа таниулаад баймааргүй л байна.  

-Улс төрд нам амжилт гаргахад ямар түлхүүр хэрэгтэй вэ. Өнөөдөр байгаа намууд улс төрийнхөө түлхүүрийг атгаж чадсан болов уу?

-Эрх мэдэлд хүрэх түлхүүр гэвэл бүгдэд нь л байгаа. Кока кола, пепси гээд л энэ чинь маш том хэрэгсэл, дээр нь ард түмнээ хувьчлаад авчихсан. Монголын нийгмийг хөгжилд хүргэх хэрэгсэлтэй байна уу гэвэл Ардчилсан нам, Монгол Ардын нам хоёрт л лав алга, байгаа ч үгүй гэдэг нь 20 жилд хоёр хоёр удаа батлагдаж байх шиг байна. Ерөөсөө нам томрохоор дотоод улс төр нь амин чухал асуудал болоод улсын бодлого хоёрт тавигддаг байдал ажиглагдаж байна. Манай хоёр талд том, маш нарийн зохион байгуулалт, төлөвлөлттэй систем оршиж байна. Бусад орнууд ч тийм байна.

Системтэй ажиллахад адилхан систем л бий болгох хэрэгтэй тэр утгаараа бол ухаалаг төрийн ойлголт бол ухаантай, чадварлаг төрийн ойлголт. Биет байдлаар цомхотгох тухай байж боломгүй. Төр өмчтэй, хүчтэй, чадалтай, эрх мэдэлтэй байх нь монголчуудын үндэсний үзэлд, монголчуудын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болно. Нийтийн өмч дээр суурилсан, өөрөөр хэлбэл байгалийн баялаг, дэд бүтэц, соёл, боловсрол, эрүүл мэндийн хамгийн гол нуруунууд төрийн оролцоотой л байх нь нийтийн эрх ашигт үйлчилнэ гэсэн үг.

Дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий хурдтай хөгжиж байгаа орнууд ийм л замаар хөгжиж байна. Либерализмаар өвчилсөн хүмүүсийн гүн суусан байр суурийг өөрчлөх гэдэг нь Монголын зовлон болж эхэлж байх шиг.