Дунд үйлдвэрлэлээ гадуурхсан жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого
Өнөөдөр дунд хэмжээний ААН-үүд татвар, зардлаасаа давж үйлдвэрлэлээ өргөжүүлж чадахгүй байна
2015.03.10

Дунд үйлдвэрлэлээ гадуурхсан жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого

Хийдэлтэй хуулийн уршиг

Асуудалд орохын тулд эхлээд “Жижиг, дунд үйлдвэрлэгч” гэж хэн бэ гэдгийг тодруулъя. 2007 онд баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулинд “1-199 ажилтантай, 1,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгжийг жижиг, дунд аж ахуй нэгж гэж үзнэ” гэж заажээ.

Өнөөг хүртэл бид энэхүү “Жижиг дунд үйлдвэрлэл” гэсэн ерөнхий нэрийн дор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, олон зуун тэрбум төгрөг зарсан. Гэвч үнэндээ жижиг, дундын бодлого эзэндээ хүрдэггүй. Яагаад гэвэл үйлдвэрлэгчдийн дотор бичил бизнес хийдэг, жижиг үйлдвэрлэл, дунд болон дундаас дээш түвшинд ажилладаг гээд олон зааг ялгаа бий. Хуулиндаа энэхүү ялгааг оруулж өгөөгүй учраас өнөөдөр жижиг дунд хэмээх энэхүү секторт олон зуун хүнийг цалинжуулж амьдралыг нь авч яваа дунд хэмжээний үйлдвэрлэгчид байнгийн хохирогч болж хувираад байна.  Нэг ёсондоо бодлого эзэндээ очдоггүй.

Татвар хэмээх ташуур

Хоёрдугаарт Монголын төр үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярих мөртөө үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх яг тэр хэсгээ татвараар дарамталдаг.  Монгол улс татварын ачаалал өндөр орнуудын нэг.  ААН бүр нийт борлуулалтын орлогоосоо НӨАТ-ын 10 хувь, ажиллагсдынхаа өмнөөс цалингийн сангийн 10 хувиар хүн амын орлогын татвар, дахиад 20 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд, эцэст нь цэвэр ашгийнхаа 10 хувиар тус тус татвар төлдөг.

Ингээд татварын ачаалал нийт орлогын 47 хувьтай тэнцэж байна. Дээр нь ажилчиддаа цалин өгнө, урсгал зардал гарна. Татварын байцаагчдад их хэмжээний урамшуулал өгдөг болсноос хойш татварынхан бүр ч ширүүссэн. Гэтэл компаниудаас татвар хураагаад байгаа мөртөө төрийн сан хоосроод байна гэж ярьдаг ч хачирхалтай. 

Зах дээр худалдаа хийдэг, гадаадад амьдардаг, ченж хийдэг гээд нийт 420 000 албан бус салбарт хамаардаг учир татвар төлдөггүй.

Гэтэл үүний нөгөө талд Монголд далд эдийн засаг цэцэглэж байна. Жижиг дундаас дээш хэмжээнд өчнөөн мөнгө хийж байгаа мөртөө огт татвар төлдөггүй хүмүүс байсаар. 

Өнөөдөр Монголд төрийн албанд 180 мянган хүн ажилладаг гэсэн тоо байдаг.  420 мянган хүн албан бус салбарт хамаардаг учир татвар төлдөггүй. Харин үлдсэн 400 мянган хүн татвар төлж төрийн албан хаагчдыг тэжээдэг. Нэг татвар төлөгч 7,5 хүний өмнөөс төрийн үйлчилгээний төлбөрийг өгч байна гэсэн үг.

Шоовдорлогдсон дунд үйлдвэрлэгчид

Дунд үйлдвэрлэгчдийг гортигоос шахаж гаргасан хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт төр жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого явуулахдаа дунд үйлдвэрлэгчдийг биеэ даасан, дэмжлэг шаардлагагүй хэмээн үзээд хөнгөлөлттэй зээл олгохдоо, тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхдөө голдуу бичил болон жижиг бизнес эрхлэгчид рүү чиглэдэг.

Өнөөдөр зөвхөн бор зүрхээрээ жижгээсээ дунд болж, дундаасаа томорсон ААН Монголд тун цөөн. Харин улс төрийн аргаар, ар өврийн аргаар, хээл хахуулийн замаар томорсон нь олон.

Үр дүнд нь дунд хэмжээнд очсон мөртөө цаашдаа томордоггүй, төрөл бүрийн татвараас болоод цаашаа явж чаддаггүй дүр зураг бий болжээ.  Өнөөдөр зөвхөн бор зүрхээрээ жижгээсээ дунд болж, дундаасаа томорсон ААН Монголд тун цөөн. Харин улс төрийн аргаар, ар өврийн аргаар, хээл хахуулийн замаар томорсон нь олон.

Өнөөдөр дунд үйлдвэрлэгчд олсон орлого татвар, зарлага хоёртоо зориулаад дуусдаг учир тэдний өмнө тулгараад буй хамгийн зовлонтой асуудал нь мөнгө олох. Банкнаас байгууллагын зээл авъя гэхээр хэтэрхий өндөр хүүтэй, хэтэрхий их барьцаа шаарддаг.  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Бизнес инкубатор төвүүд гэж ажилладаг ч тэнд бичил үйлдвэрлэгч, жижиг үйлдвэрлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас дунд хэмжээний бизнесменүүдийг дэмжсэн төрийн бодитой бодлого байдаггүй. 

Саяхан Чингис бондын хөрөнгөнөөс компаниудад зээл олгосон. Гэхдээ мөнгө нь нөгөө л банкуудаар дамждаг учраас даварсан хэдэн банк нь хэтэрхий өндөр барьцаа шаардана. Тухайлбал тухайн компани 200 сая төгрөгийн барьцаа гаргалаа гэхэд дөнгөж 100 сая төгрөгийн зээл өгөх жишээтэй. 

Үндэсний үйлдвэрлэл хөгждөггүйн шалтгаан

Жижиг үйлдвэр гэж бидний нэрлээд байгаа тэр хэсэг бол тус бүрдээ цөөн цөөн хүнийг ажилтай байлгаж, хүн амын амжиргааг дэмждэг. Ажилгүйдэл хэмээх аймаар том мангасны эсрэг зогсож чаддаг. Харин дунд үйлдвэрлэгч гэдэг нь зах зээлд тодорхой амжилтад хүрчихсэн, үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг хүсч байгаа, цаашлаад гадны зах зээлд хүч үзэх шаанстай хүмүүсийг хэлнэ. Энэ утгаараа тэд эрх баригчдын тэгтлээ их ярьдаг ч хэрэгжүүлж чаддаггүй үндэсний үйлдвэрлэлийг өөд нь татах гол хүч байдаг.

Үйлдвэрлэлийг дэмжинэ гэхээр бид голдуу мөнгө өгнө гэж ойлгодог. Гэтэл үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд мөнгөөр бус бодлогоор дэмждэг. Өөрсдөө хийж чадах зүйлээ гаднаас авахаас татгалзаж, хэрэв ижил төрлийн бараа гаднаас орж ирэх гэвэл өндөр татвар тавьдаг.  Ингэснээр бусад улс руу урсах мөнгөний урсгалыг багасгадаг.  Харин Монгол улс тавхан хувийн татвар ногдуулчихаад таг чиг. Ийм байхад дурын мөнгөтэй гадаад орж ирээд үндэсний үйлдвэрлэгчдээс зах зээлийг нь булаах боломжтой. 

Өнөөдөр хэдийгээр хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн төрлийн түүхий эдэд урамшуулал өгч байгаа ч зах зээлээ бүрэн хамгаалж чадахгүй байна.

Хоёрдугаарт үйлдвэрлэгчдийн амин чухал зүйл нь түүхий эд. Өнөөдөр хэдийгээр хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн төрлийн түүхий эдэд урамшуулал өгч байгаа ч  зах зээлээ бүрэн хамгаалж чадахгүй байна. Газар тариаланг аваад үзэхэд төмс, хүнсний ногоо тариалагчид зунжин намаржин махаа идэж ургацаа хураагаад байж байтал гэнэтхэн Хятадаас хямдхан ногоо орж ирээд хүнсний захуудаар дүүрчихдэг.  Хүлэмжийн ногооны хувьд урд хөршөөс бараг 100 хувь хараат.

Ямааных нь тоо толгой өсөөд байгаа мөртөө ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад түүхий эд хүрэлцдэггүй, ихэнхийг нь Хятадууд үнэ цохиод авчихдаг. 

Дотоодын үйлдвэрлэл хөгждөггүй өөр нэг том шалтгаан бол Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн гэгдэх Монгол улсад өнөөг худалдааны эрх зүйн орчин төлөвшөөгүй. Хэдийгээр мэргэжил, боловсролын хувьд гадаад зах зээлд ажиллачихмаар хүмүүс байгаа ч тухайн зах зээлд нийцэх стандарт нь байхгүй. Уг нь Монголын 2500 нэр төрлийн бараа Европ руу татваргүй гарах бололцоотой. Харамсалтай нь гаднаас их хэмжээний захиалга ирлээ ч гэрээ хийх гэхээр нөхцөл нь байдаггүй.