АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа
АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалт
2015.03.11

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалтыг 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Энэ уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.

XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахалдаг. Тус зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо.

АСЕМ-ын XI уулзалтаас Даргын мэдэгдэл болон Улаанбаатарын тунхаглал гэсэн хоёр баримт бичиг гаргахаар төлөвлөж байгаа талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ярилаа.

Даргын мэдэгдэлд өнгөрсөн 20 жилд гишүүн орнуудын хооронд харилцаа, хамтын ажиллагаанд гарсан амжилт болон алдаа дутагдлаа дүгнэсэн, Улаанбаатарын тунхаглалд төр, засгийн тэргүүн нарын ирээдүйд чиглэсэн үзэл баримтлал, чиг хандлагыг илүүтэйгээр тусгахаар төлөвлөж байгаа ажээ.

АСЕМ-ын уулзалт, хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүндийг олон улсад өргөх, улмаар гадаад хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд таатай боломж бий болно гэж үзэж байгаа юм.

Үндэсний зөвлөлийн дараагийн хурлыг энэ сард багтаан зохион байгуулахаар шийдвэрлэлээ