Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ АНУ-д албан томилолтоор ажиллаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 02.22-27-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн Департментын урилгаар Америкийн Нэгдсэн Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилттэй танилцах хүрээнд Вашингтон хотод албан томилолтоор ажиллаа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрхээ эдлэх бүрэн боломж олгохоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль”-ийг шинэчилэн найруулж "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийн төслийг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд хууль эрх зүйн зөвөлгөө авах чиглэлээр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департамент болон Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллаж байна.
Уг хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд АНУ-ын Төрийн Департментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн зөвлөх, хатагтай Жудит Хьюман, 40 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчинг сайжруулхаар ажилласан ноён Жон Уодач, АНУ-аас зөвлөх мэргэжилтэн Владимир Спэнсэр нар Монгол Улсад хүрэлцэн ирж, хуулийн төсөл боловсруулахад оролцож буй төрийн, төрийн бус байгууллагын төлөөллүүд болон хуулийн ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, зөвлөгөө өгч хамтран ажилласан юм.
Энэхүү айлчлал нь уг хамтын ажиллагааны үргэлжлэл бөгөөд төлөөлөгчид АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль, түүний практик хэрэгжилттэй танилцсанаар хуулийн төслөө илүү боловронгуй болгож, батлагдсаны дараа хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар аргачлалаа гаргах юм.
Айлчлалын үеэр 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хатагтай Жудит Хьюман, ноён Жон Уодач болон АНУ-ын Төрийн департаментын Ази, Номхон далайн бүсийн асуудал хариуцсан товчооны Монгол Улсыг хариуцсан ажилтан хадагтай Аряани Манринг нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар АНУ-ын ХБИ-ийн хууль хэрхэн боловсруулагдсан, ямар асуудлуудтай тулгач байсан болон хуулийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар ярилцсан. Түүнчлэн, АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, тэдгээрийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцаж, АНУ-ын Төрийн департаменын зарим төлөөлөгчидтэй Ажлын байран дахь ХБИ-ийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мөн АНУ-ын Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн үйлчилгээний газрын орлогч дарга хатагтай Мэрбэт Мусимэситэй ХБИ-ийн эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн талаар дугуй ширээний ярилцлага хийсэн байна.
Тус айлчлалын зарим төлөөлөгчид 3 дугаар сарын 1-7-ны хооронд Сан Франциско хотод зочилж Бэй Эриа дахь хуулийн хэрэгжилттэй танилцаж, төрийн бус байгууллага, их дээд сургууль, нутгийн захиргааны төлөөлөгчидтэй уулзана. Мөн өдрүүдэд Эд Робертсын сургууль, Сан Франциско хотын захиргааны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн хэлтэс, Сан Франциско болон Беркли дэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын хамгаалах сантай танилцах юм.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд: УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны гишүүн З.Баянсэлэнгэ, ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав болон Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний Холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар багтаж байгаа юм.