“Улаанбаатарын олон улсын нисэх буудал”-ыг ашиглалтад оруулах хэрэгтэй
УИХ-ын даргад өнөөдөр /2015.02.27/ Мицубиши компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Металлын группийн Ашигт малтмалын хөрөнгө оруулалтын газрын захирал Канжи Нишиүра бараалхав.
Тэрээр УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч байгаад талархал илэрхийлээд, Мицубиши манай компани “Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудал”-ын төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаагаа дахин мэдэгдэв.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хоёр орны харилцаа өргөжин хөгжиж буйд Японы хөрнгө оруулагчид, компаниудын үүрэг их болохыг мэдэгдэв. Мөн Шинэ “Улаанбаатарын олон улсын нисэх буудал” барих төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байгаатай холбоотой асуудлаар сонирхсон асуултуудыг асууж санал солилцов.
Мөн “Улаанбаатарын олон улсын нисэх буудал”-ын зохих журмын дагуу, цаг хугацаандаа чанартай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Мицубиши корпораци цаашдаа ч олон мега төсөлд оролцон, бусад худалдааны корпорацууд, Монголд хөрөнгө оруулахыг сонирхогч хувийн хэвшлийн бусад аж ахуйн нэгжийг манлайлан ажиллахыг хүсч буйг УИХ-ын дарга хэллээ.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав