АНУ-ын батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Жемс Миллерын айлчлал амжилттай болж өндөрлөлөө
2012.05.07

АНУ-ын батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Жемс Миллерын айлчлал амжилттай болж өндөрлөлөө

АНУ-ын батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Жемс Миллер Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын урилгаар манай улсад энэ сарын 4, 5-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Түүнийг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр хүлээн авч уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм.


Энэ уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо.ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жонатан Эдлтон, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жонатан Лау нар оролцов. Уулзалтын төгсгөлд хоёр сайд товч мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. АНУ-ын БХЯ-ны зочид, манай улсын Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын хамт бүх цэргийн Их Хар сүлдний өргөөнд зочиллоо. Анх 1991 онд Батлан хамгаалахын атташе харилцан суулгаж эхэлснээр хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа юм. Ноён Жемс Миллер Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын урилгаар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцан бэсрэг наадам үзэж сонирхсон ба энэ үеэр Батлан хамгаалахын сайд ЖЭнхбаяр ноён Жемс Миллерт хурдан адуу бэлэглэсэн юм.

 

АНУ-ын улсын БХЯ-ны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Жемс Миллерийг хүлээж авсан уулзалтад Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр "Энэ айлчлал нь Монгол, Америк улс хоёрын хооронд хөгжүүлж буй нийтлэг үнэт зүйлд тулгуурласан стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хоёр орны нийтлэг чухал бүрэлдэхүүн хэсэг болон амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын зэвсэгт хүчний дайчид НҮБ-ын мандат бүхий олон улсын энхийг сахиулах ажиллагаанд АНУ-ын цэргийн албан хаагчидтай мөр зэрэгцэн оролцож Ирак болон Афганистанд үүрэг гүйцэтгэсэн нь хоёр орны цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн. зэвсэгт хүчний хамтран ажиллах хамтын чадавх, чадварыг бэхжүүлсэн үйл явдал болж байгаа юм.

 

Эрхэм сайд бид хоёрын энэ удаагийн уулзалтаар олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, хоёр орны зэвсэгт хүчний хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо" гэсэн юм. Ази тивд зэвсэглэлээр хөөцөлдөх явдал нэмэгдэж байгаа болон умард Солонгосын цөмийн болон баллиастик пуужингийн хөтөлбөр нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэхийн сацуу Солонгосын асуудлыг гагцхүү энх тайвны аргаар шийдэх ёстой. Монгол, Америкийн батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун байгаагаа хоёр тал харилцан илэрхийллээ. АНУ-ын батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгчийн хийж буй айлчлал нь хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гүнзгийрүүлэх, хо#р орны ард түмний харилцан ойлголцох нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдол бүхий үйл явдал болж байгааг Ж.Энхбаяр сайд онцолж байлаа. Харин ноён Жемс Миллер "Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар айлчилж байгаадаа баяртай байна. Танай улсын цэрэг дайчид энхийг сахиулах ажиллагаанд оролцож байх хугацаандаа нэр хүнд өндөртэй, бусдадаа үлгэр дууриал болдог хамгийн шилдгүүд нь" гэв. Мөн "Таван толгойн сургалтын төвийг бүсийн нэгдсэн сургалтын төв болгон өргөжүүлж, хамтарсан цэргийн бэлтгэлийг цааш цаашдаа үргэлжлүүлэн хийх болно" гэдгээ мэдэгдсэн юм.

Үндэсний мэдээ 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.