Салбарын сайд Зэвсэгт хүчний 016 дугаар ангид зочлов
2012.04.02

Салбарын сайд Зэвсэгт хүчний 016 дугаар ангид зочлов

Монгол орны төдийгүй аль ч улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа нь цэрэг дайчид байдаг. Тэр дундаа зэвсэгт хүчний салбар бол улстөрийн талцал, олон намуудын үзэл бодлоос ангид оршиж эх орон, ард түмнийхээ төлөө бат зогсох эрхэм үүрэгтэй. Энэ сарын 29-нд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын албаны хүмүүс Төв аймгийн нутаг дэвсгэрт байрладаг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн аж байдал, цэргийн амьдралтай танилцлаа.  Одоогийн байдлаар энэ ангид офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчдаас бүрдсэн 500 хүн үүрэг гүйцэтгэж байна. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр ангийн шинэ техник, зэвсэгтэй  танилцсан. Биднийг очих үед хуягт танкны буудлагын салаа бэлтгэл хийж байв.  016 дугаар анги гадаадаас Т-72 загварын олон нэгж танк болон бусад автотехникийг оруулж ирэн шинэчлэл хийсэн байна. Салбарын сайд байлдааны зэр зэвсэг болон түүний хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцахын сацуу цаашид авах арга хэмжээний талаар генералуудтай санал солилцсон юм.
Мөн сайд Ж.Энхбаяр хугацаат цэргийн албан хаагчидтай өдрийн хоол хамтдаа идэж, энгийн яриа өрнүүлсэн нь дайчдад урам зориг нэмсэн. Энэ үеэр ангийн захирагч, хурандаа Д.Батбаатартай цөөн хором ярилцлаа.

Манай ангиас Монгол улсын 10 баатар төрсөн


-Та ангийнхаа түүхэн замналаас ярихгүй юу. Энэ анги бусдаас юугаараа онцлог вэ?



-Манай анги 1923 онд жанжин Д.Сүхбаатарын тушаалаар “Хуягт тэрэгний суман” нэртэй байгуулагдсан түүхтэй. Ирэх оны наймдугаар сард бид түүхэн ойгоо тэмдэглэнэ. Ер нь манай ангийн цэрэг дайчид анх байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон их, бага бүх дайнд оролцсоноор нь түүхэн дэх онцлог анги гэж нэрлэж болох юм. Нөгөө талаар Т.Түүдэй, Б.Цог, М.Жанчив, Д.Нянтайсүрэн, Д.Хаянхярваа зэрэг Монгол Улсын 10 баатар төрснөөс гадна маршал Х.Чойбалсангийн нэрэмжит гэдгээрээ ангийн бие бүрэлдэхүүн бахархдаг. Залуус ч энэ ангид алба хаах сонирхолтой байдаг юм.

-Танай ангид нийт хэдэн хүн цэргийн алба хаасан бэ?


-Ойролцоогоор 24 орчим мянган хүн манай ангид цэргийн алба хаасан байдаг. Энэ анги Улиастайн дивиз нэртэй болж Улиастайд байсныг нь Батлан хамгаалах яамны I орлогч сайд, Монгол Улсын баатар Б.Цог Сэргэлэнгийн дивиз гэж өөрчлөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хүйтний хонхор хэмээх энэ газарт нүүлгэж ирсэн байдаг. Б.Цог генерал өөрөө захирагчаар нь ажиллаж байсан бөгөөд Сэргэлэн сумын уугуул хүн. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагууд үүнд ач холбогдол өгч аймгийн төвд энэ жил генералийн хөшөөг босгохоор шавийг нь тавиад байгаа.

-Танай анги 2002 оноос хойш энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн хэчнээн албан хаагч оролцуулав?


-Энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор 300 гаруй офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид оролцсон. Одоо ч гадаадад 40-өөд хүн бий. Мөн бэлтгэлд 20 гаруй хүн гарсан.

-Салбарын сайд ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Танай ангийн хувьд тулгамдсан асуудал юу байна?


-Хуучин манай анги Сэргэлэнгийн дивиз гэж олон хүнтэй олон хороо, батальонтой байсан. Тийм учраас манай анги барилга байшин, материаллаг баазын хувьд маш сайн. Өөрөөр хэлбэл, 200 хүний багтаамжтай гурван байшин бий. Манайх олон техниктэй ч гадаа тавьсан нэг ч техник байхгүй. Сайд “Энэ ангийг түшиглээд энхийг сахиулах гурав дахь батальоныг байгуулах нь зүйтэй. Байр сав хүрэлцээтэй боломжийн юм байна” гэсэн сайшаалтай үг хэллээ. Дээрээс нь олон улсын нисэх буудал Төв аймагт байгуулагдах гэж байна. Мөн Мянганы замтай холбосон зам тавигдана гэх мэтээр дэд бүтцийн хувьд таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

Цэргийн алба хатуужил суулгадаг

 

Зэвсэгт хүчний 0.16 дугаар ангийн 120 мм батерийн II галт салааны тасгийн захирагч, салаан орлогч, ахлах байлдагч Г.Даваадоржтой ярилцлаа.

-Хаанаас татагдаж ирсэн бэ. Цэргийн алба ямар байна?



-Би өнгөрсөн оны II ээлжээр Сонгинохайрхан дүүргээс цэрэгт татагдан энэ ангид ирсэн. Цэргийн амьдрал сайхан байна. Сурч мэдэх зүйл ихтэй ер нь эр хүний заавал гүйцэтгэвэл зохих алба шүү.

- Сүүлийн үеийн залуус цэргийн алба хаахаас аль болох мултарч үлдэх гэдэг болсон. Чи үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?
 


-Ер нь үе тэнгийнхэндээ цэргийн албыг заавал хаагаарай гэж зөвлөе. Учир нь цэргийн анги бол эр хүнийг зориг тэсвэр, хатуужил суулгадаг хийморилог газар. Нэгэнт эр хүн болж төрснийх цэргийн албыг нэр төртэй хаах хэрэгтэй. Нөгөө талаар ажилд ороход ч алба хаасан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг болсон. Тиймээс цэргийн алба хаасан хүн ажилд ороход илүү дөхөм. Мөн хувь хүний оюун санааны тал дээр ч их өөрлөлт орно. Өөрөөр хэлбэл, нийгмийн оролцоо, хоорондын харилцаа, ёс суртахууны өндөр боловсрол, болон өөрийгөө авч явах чадварыг бий болгодог. Ер нь цэргийн алба хаасан хүн цементэн дээр цэцэг ургуулах чадварыг олдог гэдэг шүү дээ. Цэргийн албанаас зугтдаг залуус их амархан замаар хялбар амьдрах хүсэлтэй байдаг байх. Хэчнээн тэд ухаантай байлаа ч цэргийн алба хаасан хүнээс амьдралын хатуу, хүндийг даах нуруу, тэсвэр, чадвараараа дутуу гэж би боддог.

Цэрэг хүн дайчин, манлайлагч байх ёстой

Гэрээт цэргийн албан хаагч, I ротын удирдлагын тасгийн оператор А.Төмөрбаатар сэтгэгдлээ хуваалцсан юм.

-Хэзээнээс эхлэн энэ ангид алба хаасан бэ?


-Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн энэ ангид ДарханУул аймгаас гэрээт цэргийн албанд ирсэн. Уг нь би Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагаад эл ангид өөрийн хүсэлтээр ирсэн.

-Яагаад өөрийнхөө ангид улиралгүй энд ирэв?


-Манай анги түүхэн их гавьяатай, эх орны тусгаар тогтнолыг авч ирэлцсэн олон баатартай анги. Би эр хүнийхээ хувьд эх орноо хамгаалах үүрэгт насаараа зүтгэнэ гэж боддог. Тиймээс л энэ ангид гэрээт цэрэг болж ирсэн дээ.

-Цэрэг хүн ямар байх ёстой вэ?


-Ер нь эр цэрэг бол хийморь гэсэн үг юм шиг санагддаг. Тэгэхээр цэрэг хүн авхаалж, самбаатай, дайчин, зоригтой, манлайлагч байх ёстой.

-Цаашид цэргийн салбартаа ажиллана гэсэн үг үү?


-Боломж бололцоо гээд бүх зүйл нээлттэй байхад цэргийн салбартаа ажиллалгүй яахав. Цаашид цэргийн сургуульд ч сурах бодолтой байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.