Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Монгол Улсын цэрэг дайчид 2002 оноос эхлэн гадаадын олон оронд энхийг сахиулахаар үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Эдгээр албан хаагчдаас Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн штабын дарга, дэд хурандаа Ч.Түмэндэмбэрэл ахлагчтай үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн V, Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн XIII, Нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээний сургалтын бүлгийн III ээлжийн 95 дайчин өчигдөр эх орондоо ирлээ. Цэргийн багийн бүрэлдэхүүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон бусад албаны хүмүүс угтсан юм. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр энхийг сахиулахаар эх орон, ард түмэн, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээ төлөөлөн дэлхийн халуун цэг болох Афганистанд үүрэг гүйцэтгээд ирсэн дайчдадаа баяр хүргэлээ. Тэрбээр “Олон улсын цэргийн ажиллагаанд эх орноосоо алс таньж мэдэхгүй харийн оронд цагийн байдал, байгаль цаг уурын эгзэгтэй орчинд зургаан сарын турш үүрэг гүйцэтгэнэ гэдэг хувь хүний сэтгэл зүй, бие бялдрын ихээхэн ачаалал, эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадвар шаардагдана. Энэ бүхнийг даван туулж чадсан Та бүхнээрээ Батлан хамгаалах салбар төдийгүй Монгол Улс бахархаж байгаа. Эрт дээр үеэс улбаалан ирсэн монгол цэргийн яруу алдар мөнхөд бадрах болтугай” гэсэн юм. Харин Афганистан Улсад үлдсэн 300 гаруй албан хаагч эх орондоо өнөөдөр ирэх юм байна.
Энхийг сахиулсан цэргийн багийн ахлагч, дэд хурандаа Ч.Түмэндэмбэрэлээс дараахь асуултад хариулт авлаа.
-Та бүхэнд баяр хүргэе. Энхийг сахиулах үйл ажиллагаанд ямар хугацаатай яваад ирэв?
-Афганистан Улсад явагдаж буй олон улсын аюулгүй байдлыг дэмжих хүчний эгнээнд АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан үүргийг нэр төртэйгөөр биелүүлээд ирлээ. Энэ бие бүрэлдэхүүнийг тус улсаас бүрэн бүрэлдэхүүнээр, эсэн мэнд, эрүүл энх татан гаргаж одоогоор эхний ээлжийн цэргийн 95 албан хаагчтай эх орондоо газардлаа. Миний хувьд эдгээр хийморьлог залуусыг удирдаж явсандаа сэтгэл өндөр байна.
-Афганистанд цагийн байдал хүнд байв уу?
-Өнөө үед дэлхий дээр байгаа халуун цэгүүдийн нэг нь Афганистан гэдгийг Та бүхэн сайн мэдэж байгаа байх. Бидний хувьд нэлээд хүндрүүлсэн нөхцөлд ажиллаад ирлээ.
-Та бүхний өмнө тулгарч байсан хүндрэл бэрхшээлээс яривал?
-Хүндрэл, бэрхшээл гаралгүй л яахав. Бидний хувьд маш их туршлагатай цэргийн албан хаагчдаас бүрдсэн учраас харьцангуй гайгүй байлаа. Ер нь бусад орны цэрэг дайчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж явахад манай цэргүүд зарим тохиолдолд тэднээс илүү өндөр төвшинд бэлтгэгдсэн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Афганистанд үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаа үүгээр өндөрлөж маргааш /өнөөдөр/ цэргийн үлдсэн албан хаагчид эх орондоо ирнэ.