Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе
2012.03.16

Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе

Хүчирхэг Хүннү гүрний үеэс хөх Монголоо хамгаалж ирсэн дайчин баатарлаг домог түүхтэй "Монгол цэргийн өдөр"-ийн баярын гал цогтой мэндийг нийт иргэд, Зэвсэгт хүчний бүх бие бүрэлдэхүүн, цэнхэр дуулгатнууд, ахмад дайчид, цэргийн үүрэгтэн Та бүхэндээ хүргэе. Монгол цэргийн өдөр бол эх орон, эх орон ард түмнийхээ чөлөө, тусгаар тогтнолын төлөө алтан амиа хайрлалгүй тэмцсэн үе үеийн цэрэг эрсийн баяр, ялагдаж үзээгүй монгол цэргийн яруу алдар гавьяаны баяр, эх орон дуудсан цагт бүгдээрээ Цэрэг болох заяатай Монголын ард түмний баяр, хүчтэй цэргээрээ ямагт гайхагдаж ирсэн Монголын төрийн баяр билээ. 2221 жилийн тэртээ Модун шаньюй Монголын анхны төрт улсыг байгуулсан үеэс монгол цэргийн буурал түүх эхэлж, улмаар суут эзэн Богд Чингис хааны Их Монгол Улсын цэргийн зохион байгуулалт, байлдах урлаг, сүр хүч, сахилга журам дэлхий дахинаа гайхамшигт түүхийг дархалжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-өөд оны баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтад ялан дийлсэн баатрууд нь монгол цэрэг байлаа. Өнөөдөр эгэл жирийн монгол цэрэг эрс эх орноо үнэнчээр батлан хамгаалах их үйл хэргийн зэрэгцээ тив ертөнцийн энхийн төлөөх ариун үйлсэд олноороо оролцон дэлхийн халуун цэгт алдар суугаа мандуулж явна. Энэ бол монгол цэргийн дайчин уламжлалын илэрхийлэл, Монголын ард түмний бахархал, монгол цэрэг дэлхийн цэрэг болсны тод жишээ юм. Батлан хамгаалах ажил үйлс, цэргийн албатай холбоогүй айл өрх Монголд ховор билээ. Тиймээс хийморьтой жагсаалд багтаж цэргийн алба хаана гэдэг монгол эр хүн бүрийн бахархал, омогшил байдаг. Иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх гол төв нь Зэвсэгт хүчин байдаг нандин уламжлалтай. Цэргийн алба хаасан залуусыг төрийн албанд хамгийн түрүүнд авч ажиллуулах ёстой гэсэн Монголын төрийн чухал бодлого цаашид улам бүр өргөжих болно.

Мөнхөд мандан бадрах Монгол Улс
Монгол цэргийнхээ төлөө хамтдаа зүтгэе

Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.