Батлан хамгаалах салбарын төсөв нэмэгджээ
2012.03.12

Батлан хамгаалах салбарын төсөв нэмэгджээ

Сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд батлан хамгаалах чиглэлээр тусгах бодлогын зорилт, арга хэмжээний тухай, БХЯ-ны авлигын эсрэг үйл ажиллагааны 2011 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, БХИС, БХЭШХ-ийн өнөөгийн байдлын талаар танилцуулах мэдээлэл сонслоо.

Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн 30 гаруй арга хэмжээ тусгагдсан бөгөөд тэдгээрийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран ажиллаж хэрэгжих үндэслэлийг нь тодорхой болгож өгчээ.

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө манай салбарт зохих ёсоор хэрэгждэг, ийм асуудал харьцангуй бага гардаг хэдий ч цаашид энэ талаарх хуулийг сайтар сурталчлах, авлигад өртөж болзошгүй албан тушаалтнуудын жагсаалт гаргах, үүнтэй холбоотой мэдээлэл хүлээн авдаг утастай болох, АТГ-тай мэдээлэл, сургалтын чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай гэж үзлээ. Батлан хамгаалах салбарын төсөв жилээс жилд өсч, хөрөнгө оруулалтын чанартай зардлын хэмжээ нэмэгдэж байгаа аж.

Батлан хамгаалахын сайдын төсвийн багц энэ онд 155.2 тэрбум төгрөгөөр батлагдсан нь улсын төсвийн зарлагын 2.4 хувь, ДНБ-ний 0.9 хувийг эзэлж байна. Батлагдсан төсөв, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн мөнгийг үр дүнтэй зарцуулах ёстой гэдгийг сайд онцолж байлаа. БХИС, БХЭШХ-ийн хувьд энэ 2 байгууллагыг ирээдүйн чиг хандлага, салбарын эрх ашигт нийцүүлэн шинэчлэх, харьяаллыг нь нэг мөр шийдвэрлэх зэрэг асуудлыг сайдын Зөвлөлийн хуралдаанд дахин оруулж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.