Хөгжлийн корпораци ба барилгын салбар
Барилгын салбар
2015.02.26

Хөгжлийн корпораци ба барилгын салбар

“Эдийн засгийн хямрал бол хүний цус бүлэгнэж, даралт ихсэхтэй адил зүйл юм. Төр тэрхүү эдийн засгийн эргэлтийг хэвийн явагдах цусыг зөв зохицуулж, шахагч цохилуур байтал өөрөө цусаа нөжрүүлж, бүлэгнүүлсэн  хүнд байдалд орчихоод байна” гэж нийслэл хотын дарга Э.Бат-Үүл тодорхойлж байна.

Түүний үзэж буйгаар Монголд хямрал болох нэг үндсэн нөхцөл нь “Бид бие биедээ тус дэм болохоос илүү төвөг чирэгдэл болдог явдал юм. Тиймээс хямрал бидэнд хамтарч ажиллах, нөөцийн менежментийг зөв хувиарлах сэтгэлгээ чухал гэдгийг хүчтэй сануулж, дараагийн алхмаа зөв эхлүүлэх хэрэгтэйг сургаж байна” гэв.

Харин тэр дараагийн алхмыг тодорхойлсон “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” боловсруулснаа тэрбээр “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци”-тай хийсэн уулзалтын үеэр танилцууллаа.

Дөчин мянгатын Гандирс цамхагт болсон энэхүү эртэч өглөөний цайнд хотын тэргүүлэх барилгын компанийн эзэд цугларч, Э.Бат-Үүл даргаас 40 гаруй асуулт асуухаар бэлджээ.  Харин Э.Бат-Үүл дарга цаашдаа төр хувийн хэвшлийн оролцоотойгоор бид юу хийж болох талаар ярив.

Эхлээд барилгын салбарын талаар товч мэдээлэл авъя.

Ер нь бол Улаанбаатар хотын 204 мянган өрхөд орон сууц хэрэгцээтэй байгаа бол тэдний худалдан авах чадвараар баталгаажсан орон сууцны эрэлт нь 2018 он хүртэл 63915 өрх байна. (8%-ийн хүүтэй орон сууцны зээлийн нөхцлийг хангаж чадаж байгаа өрх).

Тэгвэл 2015 онд ТОСК-ийн 2592 айлын орон сууц ашиглалтанд орох ба түүн дээр гэр хорооллын дахин төлөвлөлтөөр НОСК-ийн орон сууцнууд баригдана.

Тэгэхээр төрийн оролцоотой хоёр корпораци монополдож, хувийн хэвшлийнхэний барьсан орон сууцыг  8-хувийн хөнгөлөлттэй зээлээр худалдан авах хэрэглэгч олдох уу гэсэн асуулт үүсч байна. Үнэхээр ТОСК, НОСК хоёрын хоорондын өрсөлдөөн барилгын компанийн эздэд бидний “бодийг хөтөлчих” вий гэсэн айдас төрүүлдэг.

  Дотоодын арилжааны банкууд барилгын салбарт 2013 онд шинээр 557.3 тэрбум төгрөгийн зээл олгосон ч барилгын компаниудад зээл олголтыг хязгаарлаж, орон сууц худалдан авагчдад тавих ипотекийн зээлийн шаардлагыг өндөрсгөжээ. Тэгвэл барилгын эрэлт нийлүүлэлт ямар байна вэ?

Монгол улсад орон сууцны эрэлт нийлүүлэлт ямар байх судалгааг БХБЯ-ны захиалгаар МБҮА болон ММСGI судалгааны байгууллагатай хамтран гаргажээ. Судалгааг орон сууцны өрөөний тоо, үнийн зэрэглэл, барилгын хийц, байршил гэсэн дөвөн чиглэлээр тооцсон.

Худалдан авах чадвараар баталгаажсан орон сууцны эрэлт:

2014 онд 29,658

2015 онд 20,414

2016 онд 8,768

2017 онд 2,369

2018 онд 2,706 өрх байна.

Төлөвлөж буй орон сууцны нийлүүлэлт:

2014 онд: 33,806

2015 онд: 33,256

2016 онд 22,949

Үүний 95 % нь буюу нийт 315 төслийн 90,011 айлын орон сууц эзэлж байна.

Эрэлт, нийлүүлэлтийн гурван жилийн төлвөөс харахад бодит эрэлт нь 58,000 гаруй өрхөд 90,000 гаруй орон сууц нийлүүлэгдэх илүүдэлтэй харагдаж байгаа. Гэвч өнөөдрийн нөхцлөөс ирээдүйн төлвийг харж буй учраас төр засгаас орон сууцны талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, орон сууцны зах зээлийн цаашдын нөхцөл байдлаас хамааран эрэлт нэмэгдэх боломжтой.

Эдийн засгийн хөгжлийн стратеги

Улаанбаатар хотыг эдийн засгийн хувьд биеэ даасан, санхүү эдийн засгийн олон тулгууртай болгох зорилгоор хотын захиргаа “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” боловсруулсан нв энэ II сард НИТХ-аар хэлэлцэхээр төлөвлөгджээ. Энэ стратегийн гол агуулгад “Эдийн засгийн хөгжлийн корпорацийг” 2015 онд байгуулахаар төлөвлөжээ. Корпорацийн гол зорилго нь хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж, бизнесийн бүлгээс гаргасан идэвхитэй шинэ санаануудыг хэрэгжүүлэх зорилготой. Үүний тулд “Улаанбаатар хотын хөрөнгө оруулагчдын зөвлөл” ТББ байгуулахаар тус стратегид тусгажээ.

Хувийн хэвшлээс хөрөнгө оруулагчдын зөвлөлийг байгуулж, ТУЗ-өө сонгоод, түүнээсээ корпораци руу гишүүдээ оруулах санлаа дэвшүүлнэ. Улаанбаатар хотын зүгээс холбогдох албан тушаалтнууд ийшээ орно. Болж өгвөл бид улс төрөөс хараат байлгах тал дээр ажиллаж байгаа. Корпорацийн удирдах зөвлөл нь есөөс дээш хүний бүрэлдэхүүнтэй байхаас 70 хувь нь хувийн хэвшил бүрдүүлэхээр төлөвлөж буйг Нийслэл хотын эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн хэлж байна.

Барилгын салбарт гэхэд өнөөдөр эргэлдэж буй нийт 2566,257 орчим тэрбум төгрөгийн 83 %-ийг хувийн хөрөнгө оруулагчид хийсэн байгаа нь улс орны хөгжилд тэдний үүрэг, хариуцлага өндөр байгааг үзүүлж байгаа юм. Үүнийг Э.Бат-Үүл дарга тодотгохдоо “1990 оноос хойш болсон муу юмыг заа гэвэл улс төрчдийг, сайн зүйлийг заа гэвэл хувийн хэвшлийг хэлнэ. Үүнд хэн ч эргэлзэхээ больсон” гэв.

Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, менежментийг хийх хөгжлийн корпорацид улс төрчид 30 хувиас дээш байхгүй гэдгийг хотын дарга чухалжилжээ. Үеийн нөхдөөсөө цэрвэх болсон гол учраа тэрбээр “Улс төрчид хэзээ ч өөрийнхөө мөнгөөр эрсдэл хийдэггүй, хамгийн хариуцлагүй шийдвэр гаргадаг.

Янз бүрийн төсөл сэдэж, хөрөнгийг үр ашиггүй зарахдаа уургын морь шиг, сүүлдээ тэр нь санаатай хийдэг бизнес болж хувирсан” гэж тайлбарласан юм. Тэгэхээр хувийн хэвшил өөрийнхөө эрсдлээр тоглодог тул хамаагүй үр ашигтай, хариуцлагатай шийдвэр гаргаж төр харин зөвхөн үйлчилгээ үзүүлэх стратеги боловсруулагдсан байх нь ээ.

Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтаар байгуулагдах ЭЗХК нь бизнес эрхлэгчидтэй тодорхой төслүүдийг хамтарч хийнэ. Төр дэмжлэг үзүүлж, газар олгоно, хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлнэ. Хамгийн гол нь олон улсын санхүүгийн зах зээл дээр хамтарч төслөө гаргана.  

Тэр тохиолдолд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн Босголтын Банк биднийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ эрх баригчдад мэдэгдсэн гэнэ.

Хөгжлийн корпораци байгуулагдсан тохиолдолд Улаанбаатар хотод барилга барих боломжтой газрууд, хотын харьяа үйлдвэрийн газруудын хувьцааг түүнд шилжүүлж, шаардлагатай үед өөрөө зээл хүсэх, бонд гаргах боломжит активтийг хүртэл олгох ёстой гэж үзэж байна.

Энд гацнхан зарчим үйлчлэх нь төр, хувийн хэвшлийн хамтарсан төсөл байх, УЗ-р дэмжигдсэн байх аж. Хэрэв бид эх үүсвэрээ зөв тооцоолоод, сайн төлөвлөж чадах юм бол татвар жилдээ нийслэлийн төсвийн зардалд 200-300 тэрбумын хөрөнгө оруулалтын эх үүсвэр байгаа.

Харин барилгын салбарт сүүлийн нэг жилд гарсан таагүй зүйл бол ТОСК гэдгийг хоёр талын аль аль нь хэллээ. Засгийн газар нь хувийн компаниудтай зэрэгцэн барилга барьж, үнийг 1,2 сая болгож хямдруулах нь зах зээлийн зарчимд харшилсан.

Энд төрийн захиалгаар хувийн хэвшил ажил гүйцэтгэсэн болохоос биш төр хувийн хэвшил хамтраагүй гэж тодорхойллоо. Үүний оронд ТОСК-ийн 110 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар хувийн хэвшлээс барьсан орон сууцыг худалдаж авахад нь урьдчилгааны юм уу, хүүгийн татаас олгосон бол тэдний орон сууц борлогдож, мөнгөний урсгал чөлөөтэй явахсан.

Тиймээс НОСК дээр үнэ тогтооход оролцохгүй, харин худалдан авалт хийх орлого багатай иргэдэд татаас өгөхөөр төлөвлөжээ. Ингэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбарт баригдсан орон сууцнаас төр захиргааны ажилтнууд худалдан авбал хот урьдчилгаа 15 хувийг нь өгөх шийдэл байна.

Нийслэл хот 36 мянган ажлын байр олгодог бөгөөд ажил олгогчийн хувиар тэдний нийгмийн асуудлыг шийдэх үүрэг хүлээдэг. Тиймээс эхний ээлжинд төрийн албан хаагчдаа орон сууц худалдаж авахад нь урьдчилгаа төлбөрт нь татаас өгнө.

Тэр тохиолдолд банкууд моргейжийн зээл өгнө гэдгээ илэрхийлжээ. Ингэснээр эдийн засгийн урсгал нөжирчихсөн байгаа хэсгээ шингэрүүлж, хөдөлгөөнд оруулах дусал залгаж байна гэсэн үг юм. Харин үүнийг албан ёсны шийдвэр болох эсэхийг их улс төр мэдэх биз ээ.

Эцэст нь хот энэ ярьж буй төсөлдөө ямар баталгаа гаргах вэ гэдэг нь хамгийн сонирхол татаж байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд яг ямар нөхцөлд хөрөнгө оруулалт хийгдэх вэ гэдгийг сайтар тодруулж, “Улаанбаатар хотын хөрөнгө оруулагчдын зөвлөл” болоод “ЭЗХК”-ийн дүрэм журам ямар байх талаар олон бизнес эрхлэгчид, эдийн засагчид санал шүүмжээ өгч жинхэнэ төр, хувийн хэвшил хамтран үр ашигтай ажиллах тоглоомын дүрмийг зохионо биз ээ.