Амины орон сууц барьж утаатай тэмцэнэ
Ингэснээр гэр хорооллыг барилгажуулах ажил эрчимжинэ хэмээн үзсэн байна.
2015.01.08

Амины орон сууц барьж утаатай тэмцэнэ

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасны дагуу энэ онд экологи, ногоон хөгжлийн салбарт хэд хэдэн ажил хийхээр болжээ.

Тухайлбал, агаарын бохирдолтыг бууруулах чиглэлээр дулааны алдагдал багатай, эх үүсвэр нь төвлөрсөн, хэсэгчилсэн болон бие даасан дэвшилтэт технологиор шийдвэрлэсэн амины орон сууц барихаар болжээ. Түүнчлэн дээрх орон сууцыг худалдан авах иргэдийг ипотекийн зээлд хамруулах ажлыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх болжээ.

Ингэснээр гэр хорооллыг барилгажуулах ажил эрчимжинэ хэмээн үзсэн байна. Мөн “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлыг хийхээр болжээ. Ингэснээр тухайн бүсэд амьдарч байгаа айл өрх заавал сайжруулсан зуух, боловсруулсан түлш хэрэглэх бөгөөд хэрэглээгүй тохиолдолд зохих хариуцлага тооцох аж.

Үүнээс гадна ЖАЙКА Олон Улсын төслийн нэгжтэй хамтран авто машинаас үүдэлтэй агаарын бохирдлын эсрэг арга хэмжээг авч ажиллахаар болжээ. Мөн нийслэлийн Засаг даргын энэхүү хөтөлбөрт байгаль орчны чиглэлээр хэд хэдэн ажил хийхээр тусгасан.

Үүнд ойн зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийслэлийн ногоон бүсэд 230 га талбайд ойжуулалт, ой нөхөн сэргээх ажил, 80000 га талбайд ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа хийж, 5000 га талбайд тэмцлийн ажил явуулах болжээ. Үүнээс гадна элсний нүүдэл цөлжилтөөс хамгаалах зорилгоор Хан-Уул дүүргийн нутагт Түргэний гол дагуу 10 га талбайд ногоон зурвас байгуулах аж.