Төр, ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.02.25

Төр, ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Ногоон хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар Ногоон хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутагт хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хоршоод тэдгээрийн гишүүдийн оролцоонд түшиглэн бэлчээрийн доройтлоос сэргийлэх, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг өргөжүүлэх зэрэг асуудлаар санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах юм.

Байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд хоршоодын оролцоог хангах, цөлжилтөөс сэргийлэх, бэлчээр, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах, байгалийн өгөөжийг зохистой ашиглах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн төсөл хөтөлбөрт Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбоо,түүний гишүүн хоршоодыг оролцуулах, хамтран ажиллах чиглэлээр БОНХАЖЯ ажиллахаар санамж бичигт тусгажээ. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд цаг уурын дулаарал, байгаль орчны доройтол хамгийн түрүүнд нөлөө үзүүлж байгаа.

Тийм учраас тухайн орон нутгийн иргэдийг байгаль хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг бодит амьдралд хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцуулах бодлогыг баримталж байгаа” гэдгээ БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол санамж бичигт гарын үсэг зурах үеэр хэллээ.

Харин Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны зүгээс хоршооны гишүүд, малчид, тариаланчдад сургалт явуулах, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, усны нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглах, хамтарч ажиллах сэтгэлгээ, арга зүй эзэмшүүлэх чиглэлээр ажиллах юм байна.

Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумьяабазар төр, хувийн хэвшил, ТББ-ын түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах болсондоо талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг амьдралд хэрэгжүүлэхэд хөдөө аж ахуйн хоршоологчдын үүрэг, оролцоо чухал болохыг тэмдэглэсэн юм.

39