“Сүүтэй Монгол” аян дөрвөн  сар үргэлжилнэ
"Сүүтэй монгол аян"
2015.02.24

“Сүүтэй Монгол” аян дөрвөн сар үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл доор зохион байгуулагдаж буй  “Сүүтэй Монгол” үндэсний аян нээлтээ хийлээ.

Монголын Хүнсчдийн Холбоо, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санаачилгаар ХХААЯ, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран хүн амын сүү, сүүний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд энэхүү аяны зорилго чиглэж байгаа юм. 

Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ 2014 оны байдлаар 452,6 сая литр байгаагаас үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж 17,5 хувь байна. Харин орон нутагт уламжлалт аргаар үйлдвэрлэсэн сүү цагаан идээний үйлдвэрлэлд 68,8 сая литр сүү, цөцгийн тосны үйлдвэрлэлд 31,2 сая литр сүү ашигласнаас гадна 260 орчим сая литр сүү ямар нэгэн бүртгэл тооцоогүй зах зээлд нийлүүлэгддэг гэсэн судалгаа байдаг аж.

Эрүүл мэндийн сайдын 2008 оны 257 тоот тушаалаар баталсан “Жишсэн дундаж хүний илчлэгийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-нд заасны дагуу жишсэн дундаж нэг хүний хоногт хэрэглэх сүү (175 гр/хоног), сүүн бүтээгдэхүүн (248 гр/хоног)-ийн хэмжээг үндэслэн тооцоход 2015 онд Монгол Улсын нийт хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ шингэн сүүнд шилжүүлснээр 459,8 сая литр аж.

Нийслэлийн нэг хүнд ногдож байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 2012 онд 90 кг байгаа нь зөвлөмж хэрэгцээний дөнгөж 57.3 хувьтай тэнцдэг.  Харин хөдөөд 1 хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ дэлхийн сүүний үйлдвэрлэл хөгжсөн орнуудын түвшинд ойртсоныг мэргэжилтнүүд хэлж байна. Гэтэл манай улсын хувьд хот, суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хөдөөгийнхөөс 2 дахин бага, хангамж жигд бус.

Сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлийн зөвхөн 24 хувийг дотоодын бүтээгдэхүүнээр хангана гэдэг нь мал аж ахуйд суурилсан эдийн засагтай манай орны хувьд туйлын хангалтгүй үзүүлэлт. Тиймээс цаашид сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болоод малчид, фермерийн аж ахуй эрхлэгчдийн зах зээлийн эргэлт, нийлүүлэлтийг дэмжиж, нийт монголчууддаа экологийн цэвэр, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага гарч байгааг ХХААЯ-ны удирдлагууд анхаарч ажиллана хэмээсэн. “Сүүтэй Монгол” аян улс орон даяар 4 сар үргэлжилнэ.