Ерөнхийлөгчийн хэргэмт академичийн шинэ ном худалдаанд гарлаа
Монгол Улсын Сайд асан, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны Доктор, Профессор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэргэмт Академич, Япон улсын Их сургуулийн Гавьяат Профессор
2015.02.24

Ерөнхийлөгчийн хэргэмт академичийн шинэ ном худалдаанд гарлаа

 Монгол Улсын Сайд асан, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны Доктор, Профессор, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэргэмт Академич, Япон улсын Их сургуулийн Гавьяат Профессор Т.Намжимын туурвисан “ЗАМНАЛ, БҮТЭЭЛ, ЦЭГНЭЛ” хэмээх 87.4 хэвлэлийн хуудас буюу 875 нүүр хуудастай, 35 бүлэг, 188 зүйл бүхий томоохон хэмжээтэй ном “Адмонпринт” хэвлэлийн газарт саяхан хэвлэгдэж олны хүртээл болсон байна.

            Энэхүү номыг бичиглэж толилуулсан Орлой овогт Т.Намжим нь манай монгол түмэн язгуурын уламжлалт ахуй нөхцөл, зан үйлээрээ амьдран, аж төрж байсан цаг үед төрж өссөн ахмад үеийнхний нэгэн хүмүүн юм.

         Аливаа бүтээлч зүтгэлтэн хүний амьдрал нь өөрийн гэсэн хувь замналтай, замнал нь үйлс бүтээлтэй, бүтээл нь бодол цэгнэлтэй байдаг жам ёс, хувь тавилан, учир холбогдлын үүдэл агуулгыг энэ “Замнал, Бүтээл, Цэгнэл” хэмээх номонд багтаасан байна.                      

Академич Т.Намжим нь бага нас, өсвөр үеэ манай оронд аж ахуй, эдийн засгийн үндэсийг мал аж ахуй дагнан бүрдүүлж байсан, аж үйлдвэржилтийн эхлэл тавигдаж амжаагүй шахам байсан, улс орны хэмжээнд ачаа бараа, зорчигч хүн тээврийн болон шуудан харилцааны үйл хэргийг морин өртөөгөөр болон ердийн хөсгийн аян жингээр гүйцэтгэж байсан, хүүхэд багачуудыг сургуульд хамран сургахад албадлага оролцож байсан, дэлхий дахинаа дайн дажинтай, бараа таваар ховор жимэр байсан, эсгий үүдтэй гэрт, тулганд аргал хөрзөн түлж амьдардаг байсан цаг үед өнгөрүүлсэн тухайгаа бичиглэн толилуулжээ. 

Т.Намжим нь тэртээ 1930-аад онд болсон их баривчлагааны үед эцэг нь баривчлагдан цаазлагдсан болохоор тэрхүү цөвүүн явдалд бага балчир насандаа өртсөн, хүүхэд ахуй цагтаа хөл нүцгэн гүйж, хонь хурга хариулан өсч өндийсөн, 1940-50-иад онд бага, дунд, их сургуульд суралцан төгсгөж, боловсрол, мэрэгжил эзэмшин, 20 дугаар зууны сүүлийн хагаст улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө аж ахуйн салбар, эдийн засгийн төв байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнд хөдөлмөр зүтгэл, бие сэтгэлээ зориулж ажилласан тухай энэхүү номонд тусгалаа олжээ.

Монгол улс өнгөрсөн зууны хориод онд тусгаар тогтнолоо Анхдугаар Үндсэн хуулиараа тунхаглан зарлаж, улмаар мөн зууны дунд үеэс бүрэн батлагаажуулсан, НҮБ-ын гишүүн болсон, чухамдаа XX зууны сүүлийн хагаст хүн ам өндөр хурдацтай өсч, 20-иод оныхоос 3 дахин өнөр өтгөн болсон, эдийн засгийн болон нийгэм соёлын бүх салбар хүрээнд жинхэнэ хувьсгалт өөрчлөлт хийж, хөгжил дэвшлийн чамгүй өндөр түвшинд хүрсэн үйл хэргийн тухай болон чухамдаа тийм агуу үйлс бүтээгчдийн нэгэн хэсгийг нь Т.Намжим гуай өөрийнхөө үеийнхэн байсан гэж эдүгээ бахархал болгон дурсах учиртай бөгөөд тийм үүрэгтэй гэж номондоо онцлон тэмдэглэсэн байна.

         Академич Т.Намжим энэхүү номонд ажил үйлсийнхээ зүтгэл замнал, эрдэм судлалынхаа бүтээл туурвил, туулан өнгөрүүлж ирсэн болон эдүгээ цаг үеийн нийгэмээс үүдэлтэй сэтгэлгээ, бодол, цэгнэлийнхээ тухай үгүүлсэн ажээ.