Улаанбаатар хотын түүхийг харуулсан дөрвөн номыг өлгийдөн авлаа
Одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар 1639 онд шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ.
Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. Тэгвэл Улаанбаатар хот Манжийн үе, Богд хаант Монгол Улс, Социолозмын үе, Ардчилсан хувьсгалын дараа үе гээд 375 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаарх зурагт номын нээлт өнөөдөр боллоо.
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Шөнийн Улаанбаатар”, ”Эх орны голомт”, “Нийслэл Улаанбаатар“, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх” номыг бэлтгэн гаргасныг өнөөдөр нийслэлийн удирдлагууд болон Ардын уран зохиолчид болон бусад албаны хүмүүс өлгийдөн авсан юм.
Нийслэлийн хотын хөгжилт цэцэглэлт хэрхэн хийгдэж байгааг “Шөнийн Улаанбаатар” номноос харах бол Улаанбаатар хотын түүхийн талаар “Нийслэл Улаанбаатар” номын хуудаснаас үзэх боломжтой. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт эсгий хотоос хэрхэн өөрчлөгдөн хувьсаж байгааг “Улаанбаатар хотын барилгажилтын түүх” ном өгүүлсэн байлаа. Нийслэл хоттой холбоотой шүлэг, яруу найраг, өгүүллэгийг “Эх орны голомт” номонд багтаасан байв.