Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг өргөн тэмдэглэнэ
70 жилээр 130 гаруй байсан ахмад дайчдаас энэ жил 39 нь энх тунх, их ойгоо сэтгэл догдлон хүлээж байна.
2014.08.15

Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг өргөн тэмдэглэнэ

Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газар, нийслэл, Батлан хамгаалахын салбар комиссын зүгээс ойн хүрээнд хийж бүтээж байгаа ажлууд болон хөтөлбөр, арга хэмжээний талаар сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн засаг даргын тамгын газрын А танхимд болсон энэхүү хуралд ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Нийслэлийн салбар комиссын дарга, НЗД-ын орлогч Ц.Энхцэнгэл, Батлан хамгаалахын салбар комиссын гишүүн Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын ИЦХ-ийн дарга, хурандаа Ц.Батсайхан нар оролцлоо. 

Монгол Улсын Засгийн газар 2014 оны 61 дүгээр тогтоолоор байгуулагдсан Засгийн газрын болон Батлан хамгаалах салбар комиссын ажлын хэсэг ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой олон арван арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү ойг зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийн даргаар Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва, Батлан хамгаалахын салбар комиссын удирдлагаар Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон холбогдох аймаг, нийслэлийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагынхан ажиллаж байна.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах 311,5 сая төгрөгийг эхний ээлжинд сайдын төсвийн багцаасаа гарган санхүүжүүлж, улмаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах замаар хөрөнгийг нөхөн бүрдүүлэхийг  Батлан хамгаалахын сайдад даалгасан бөгөөд Батлан хамгаалахын сайдын 2014 оны А/134 дүгээр тушаалаар нөхөн олговрын зардлаас гаргахаар шийдвэрлээд байна.

Халхын голын байлдаанд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандар, Ц.Олзвой, Л.Гэлэгбаатар, Б.Дорж нарын мэндэлсний 100 жилийн ойг Хөвсгөл, Завхан, Булган, Ховд аймгуудад тэмдэглэн мөнхжүүлж, хөшөө дурсгалыг нь босгосон.Мөн “Нэгэн зууны баатар хөвгүүд” түүхэн баримтат кино бүтээж, Монгол улсын баатруудын үр хүүхдүүдтэй уулзалт хийж, залуу үеийнхэнд тэдний алдар гавьяаг таниуллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 225 дугаар тогтоолоор амьд сэрүүн байгаа ахмад дайчдад 2 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох шийдвэрийг гаргуулсан.

Таван жилийн өмнө Халхын голын дайны ялалтын 70 жилээр 130 гаруй байсан ахмад дайчдаас энэ жил 39 нь энх тунх, их ойгоо сэтгэл догдлон хүлээж байна.

Халхын голын дайнд оролцсон МАХЦ-ийн анги нэгтгэлүүдийн байлдааны туг, дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөл, БХЭШХ-ийн эрдэмтэд, судлаачид оролцсон “Тугийн аялал” арга хэмжээг аймаг, орон нутаг, цэргийн ангиудад зохион байгуулсан нь ард иргэд, цэрэг дайчид, залуу үеийнхэнд Халхын голын дайны түүхэн үнэ цэнэ, ахмад дайчдын баатарлаг дайчин уламжлалыг өвлүүлэхэд чиглэсэн үр нөлөөтэй ажил боллоо.

 “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт тойрон аялал, уулзалт, өдөрлөгийг ОХУ-ын Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улс, Өвөр байгалийн цэргийн тойрогтой хамтран Орос болон Монголын нутгаар зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд Монголоос 75, Оросоос мөн тооны оюутан залуус оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Ойн арга хэмжээний явцад Улаанбаатар хотын Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, “Хувьсгалт Монгол” танкийн бригадын дурсгалын хөшөө, Л.Дандар баатар, Ж.Лхагвасүрэн жанжны хөшөө, Хэнтий аймагт ЗХУ-ын баатар Киселев, Аношин нарын дурсгалын цогцолбор, Дорнод аймагт Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө, Халхын голын сав газарт Ялалтын зэс хөшөө болон бусад хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах зэрэг ажлыг өөрсдийн хүч, Орос-Монголын хамтарсан байгууллага, хувийн хэвшлийн өмч хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Халхын голын байлдааны ялалтыг хэн сайн мэдэх вэ” эссе бичлэг, гар зургийн уралдаан зарлаж, хүүхэд багачууд, залуу үеийнхэнд энэхүү дайн, эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар мэдлэг олгож, одоогоор шалгаруулалтын шатандаа явж байна.

Халхын голын байлдааны ялалтын75  жилийн ойн хүндэт тэмдгийг баталсан загварын дагуу захиалан хийлгэж, бэлэн болголоо.

Цаашид “Халхын гол-75: түүх сургамж” олон улсын эрдэм шинжилгээний хурал, 1939 оны дайнд оролцсон ахмад  дайчдыг сурталчлан алдаршуулах, Халхын голын байлдааны түүхчилсэн нэвтэрхий толь болон эрдэмтэн, судлаачдын судалгааны ном зохиол бүтээх, олны хүртээл болгох, армийн нэгдүгээр зэргийн командлагч Г.М.Штернийн тухай баримтат нэвтрүүлэг, Монгол-Оросын хамтарсан “Сэлэнгэ 2014” цэргийн хамтарсан хээрийн сургууль зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

Халхын голын дайны ялалтын түүхт ойг тэмдэглэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон Халхын голын дайны түүхтэй холбоотой мэдээллийн багцыг www.mod.gov.mn, www.zasag.mn сайтууд болон яамны сайтын “Халхын гол 75” мэдээллийн хуудас, “Батлан хамгаалах яам” facebook page-ээс авч болно. Мөн Хэвлэл мэдээллийн байгууллагууд Батлан хамгаалах яам, ойг тэмдэглэн өнгөрүүлэх хороо, комисстой нягт хамтран ажиллаж мэдээлэл авч болохоос гадна шинээр бүтээн бий болгосон “Залуу жанжин Ж.Лхагвасүрэн”, “Нэгэн зууны баатар хөвгүүд” баримтат кинонууд болон “Халхын гол-75” телевизийн шторкийг авч болно.

Халхын голын байлдааны тухай товч мэдээлэл

1939 оны дундуур Монгол Улсын хил дээр томоохон өдөөн хатгалга болж, 5 дугаар сарын 28-нд сөргөлдөгч тал их буу, хуягт машин, нисэх онгоцоор дэмжүүлсэн цэргийн үлэмж хүчээр Халхын гол тийш давшиж эхлэхэд 1936 онд Монгол, Зөвлөлт хоёр улсын хооронд байгуулсан харилцан туслах Протокол гэрээний дагуу БНМАУ-ын нутагт байрлаж байсан Зөвлөлтийн цэрэг, Монголын цэрэгтэй хамтран тэрхүү давшилтыг зогсоож, 5 дугаар сарын 29-ний орой Монголын хилээс хөөн гаргасан юм.

Гэвч эсрэг тал 31-ны өдөр тооны давуу байдлаа ашиглан дахин довтолж, Халхын голыг гаталж, Баянцагааны нурууг эзлэн Монгол-Зөвлөлтийн цэргийг бүслэх аюулыг бий болгожээ. Гурван өдрийн ширүүн тулалдааны явцад сөргөлдөгч талын цохилтын бүлэг бут цохигдож, түүний үлдэгдлийг Халхын голын зүүн эрэгт хөөн гаргасан байна. Үүний дараа дайсагнагч талаас 7 дугаар сарын 8-11, мөн 24-25-нд хийсэн шинэ дайралт төдийлэн амжилтад хүрээгүй юм.

Гэсэн хэдий ч Халхын голын байлдааны цар хүрээ улам өргөжиж байлаа. Хоёр тал байлдааны ажиллагааны талбарт ихээхэн хүч татан ирүүлж, аль аль нь шийдвэрлэх тулаанд бэлтгэж эхэлсэн.

Халхын голын орчимд 8 дугаар сарын 10-ны байдлаар Японы тал хүн хүчээ 6 дугаар арми болгон нэгтгэж, түүний ажиллагааг 300 гаруй нисэх онгоцоор агаараас дэмжиж байв. 

Харин армийн нэгдүгээр группт нэгдсэн Зэвлөлт, Монголын цэргийг корпус командлан захирагч Г.К.Жуков, монгол цэргийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсан командалж байв.

Түүнчлэн алс дорнод дахь Зөвлөлтийн цэрэг болон Монголын цэргийн үйл ажиллагааг армийн дэд командлагч Т.М.Штерн тэргүүтэй фронтын удирдлага, цэргийн бэлтгэл, хангалтын талаар Ю.Цэдэнбал, БНМАУ-д сууж байсан Зөвлөлтийн элчин сайд И.А.Иванов нар ажиллаж байсан юм.

1939 оны 8 дугаар сарын 20-нд Зөвлөлт, Монголын цэрэг дайсагнагч этгээдээс өрсөж авиац, артиллерийн хүчтэй галын бэлтгэл хийсний дараа шийдвэрлэх давшилтад оров.

Эсрэг этгээд хүнд цохилт хүлээж, гал зогсоох тухай хүсэлт тавьсны дагуу 9 дүгээр сарын 16-нд байлдааны ажиллагаа зогсчээ. Ийнхүү БНМАУ-ын эсрэг өдөөж Халхын голд 4 сарын турш үргэлжилсэн зарлаагүй дайн монгол, зөвлөлтийн ард түмэн, армиудын ялалтаар дууссан байна.

Энэ дайнд Монгол, Зөвлөлтийн дайчид эрэлхэг зориг, дайчин чадвараа үзүүлсэн юм. Монголын дивизийн дарга Л.Дандар, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар, заставын дарга П.Чогдон, пулемётчин Ц.Олзвой нарын олон дарга, цэргүүд гарамгай байлдсан юм.

Тэдний гавьяаг үнэлж, Монгол Улсын төр БНМАУ-ын баатар цолоор шагнасан билээ. Тэрчлэн Халхын голын байлдааны ялалтын 30 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цолыг ЗХУ-ын маршал Г.К.Жуковт хүртээсэн юм. Нийтдээ улаан армийн 326 дайчин, Монголын ардын армийн 726 байлдагч, дарга нар БНМАУ-ын төрийн дээд шагнал хүртжээ.

 Халхын голын байлдаанд баатарлагаар тулалдсаны учир танкийн бригадын дарга, бригад командлан захирагч М.П.Яковлев, мотобуудлагын хорооны дарга хошууч И.М.Ремизов, нисгэгч К.Н.Абрамов нарын 17121 хүн зөвлөлт төрийн шагнал-одон медалиар, 70 байлдагч, дарга нар ЗХУ-ын баатар цолоор шагнуулсны дотор нисгэгч С.И.Грецевец, Г.П.Кравченко, Я.В.Смушкевич нар анх удаагаа ЗХУ-ын хошой баатар болцгоосон байна.

Халхын голд Зөвлөлтийн армийн мотобуудлагын 36 дугаар дивиз, танкийн 11 дүгээр бригад, бөмбөгдөгч авиацийн 100 дугаар бригад, 7 дугаар мотохуягт бригад, мотобуудлагын 24 дүгээр хороо, их бууны 175 дугаар хороо болон бусад олон анги онцгой сайн байлдаж шалгарсан билээ. Монголын ардын армийн 6, 8 дугаар дивиз, хилийн 7 дугаар застав БНМАУ-ын байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байна.

Халхын голын байлдааны үйл явц улирах он цагийн эрхээр түүхийн хувьд биднээс алслан холдох тутам энэхүү түүхт ялалтын ач холбогдол улам бүр тодорсоор байх болно.

Халхын голын ялалт Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг улам бэхжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан бататгаж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн юм. Халхын голын байлдааны ялалт нь Алс дорнодод гамшигт дайны аюулыг хазаарлан зогсоож, дэлхийн дайны галыг Евроазийн эх газарт хоёр талаас зэрэг ноцоох гэсэн фашист эвслийн түрэмгий төлөвлөгөөг тасалдуулахад хүргэсэн билээ. 

Эдүгээ Халхын голын дайнд оролцсон талууд бүх нийтийн энх тайван, бие биенийхээ хөгжил, дэвшлийн төлөө жилээс жилд улам бүр ойртон нягтарч, найрамдалт харилцаа, хамтын ажиллагааныхаа гэрэлт ирээдүйг хамтын хүчээр цогцлоохын төлөө дэлхий дахинд болон бүс нутгийн хэмжээнд олон талт идэвхтэй хамтын үйл ажиллагаа явуулж байна.