Нийслэлийн удирдлагууд "Мэлхийт хөшөөнд" хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч нар, Нийслэлийн үе үеийн удирдлагуудыг төлөөлж УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд болон гадаадын зочид төлөөлгчид “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ.
Одоогоос 375 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй.
Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.
Нийслэлийн ИТХ-ын Д.Баттулга “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр “Үүсэн байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны нийслэл Улаанбаатар хот маань арвин баялаг түүхтэй бөгөөд үүссэн цагаасаа хойш монголын нийгмийн улс төр, соёл, эдийн засгийн гол төв байж, өдрөөс өдөрт жилээс жилд өргөжин тэлж өнөөдөр 375 жилийнхээ ойтой золгож байна.
Нийслэлийн шинэчлэлийн багаас энэ өдрийг хийсэн ажлаа дүгнэх, ард түмэндээ танилцуулах, хийх ажлаа төлөвлөх өдөр болгон тэмдэглэж байна” гээд Нийслэлийн иргэддээ 375 жилийн ойн баярын мэндийг хүргэж айл бүрийн амьдралд аз жаргал, инээд баясал, хөгжил дэвшлийг хүсэн ерөөлөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.