Өвөрхангайчууд улсын сайн малчдынхаа цол тэмдэгийг гардууллаа
Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист мал аж ахуй эрхлэн таван төрлөөр нь өсгөн үржүүлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгаа Улсын сайн малчдыг Сар шинийн баярын өмнө тодруулдаг.
Монгол Улсын Засгийн газраас модон хонь жилийн Улсын сайн малчнаар 70 хүнийг шалгаруулсны таван малчин нь Өвөрхангай аймгаас тодорчээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатар, тус аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар хөдөл- мөрч чанар, бүтээлч ажлаараа онд өнтэй орсон олон зуун малчдын дундаас шалгарч Улсын сайн малчны болзлыг хангасан Өвөрхангай аймгийн Баянгол сумын V багийн малчин Цоодолын Батсайханы шагналыг өнгөрсөн баасан гарагт малчны хотонд нь гардуулан өглөө.
Мал сүргийнхээ тоо толгойг өсгөж, тогтвортой амжилт гаргаж, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мал сүргийнхээ үүлдэр угсааг чанаржуулан, өөрийн арга туршлагыг залуу үедээ уламжлуулан өвлүүлж байдаг түүнийг Улсын сайн малчнаар шалгаруулсан нь нүдээ олсон шагнал хэмээн Я.Содбаатар гишүүн хэлээд Улсын сайн малчны өргөмжлөл таван хошуу малын дүрийг мөнгөөр бүтээсэн баримал, энгэрийн тэмдгийг гардуулан өгсөн юм. Аав ээжийнхээ буянаар энэхүү эрхэм цолыг хүртлээ хэмээн Улсын сайн малчин Ц.Батсайхан хуучилж байлаа.
Улсын сайн малчин Цоодолын хүү удам залгасан малчин тэрбээр өнгөрсөн жил 1800 гаруй толгой мал тоолуулж, эцэг өвгөдөөсөө уламжлагдаж ирсэн малч ухааныг залуу хойч үедээ өвлүүлэхэд хичээл зүтгэл гаргаж, байгаль цаг уурын эрсдлийг гарз хохиролгүй даван туулж, айл саахалт, нутаг ус, аймгийнхаа малчин түмэнд үлгэр дуурайлал үзүүлснээр Улсын сайн малчны болзлыг хангажээ.
Дашрамд дурьдахад, энэ жил Өвөрхангай аймгаас Баянгол сумын тавдугаар багийн малчин Цоодолын Батсайхан, Бүрд сумын нэгдүгээр багийн малчин Сэрээнэндоржийн Пунцаг, Нарийнтээл сумын дөрөвдүгээр багийн малчин Чимэддоржийн Дэгддорж, Хайрхандулаан сумын хоёрдугаар багийн малчин Шадваагийн Дэлгэрдалай, Баян-Өндөр сумын нэгдүгээр багийн малчин Гомбодоржийн Цэрэнпунцаг нар Улсын сайн малчнаар шалгарлаа.