Орхон аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийв
Цахим ярилцлага
2015.02.10

Орхон аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийв

УИХ-ын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд боллоо.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс эрхлэн зохион байгуулдаг энэ удаагийн цахим ярилцлагад Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж ирсэн цахим ярилцлагыг 2009 оноос анх хийж эхэлсэн байдаг.

2014 оны 04 дүгээр сараас энэхүү уламжлалт ярилцлагыг дахин сэргээж хийх болсноор өнөөгийн байдлаар  Баян-Өлгий, Төв, Баянхонгор, Ховд, Дорноговь зэрэг нийт 10 гаруй аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймгийн удирдлагууд оролцсон талаар танилцууллаа.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог болон Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг нарын Орхон аймгийн удирдлагуудтай холбогдож буй энэ удаагийн цахим ярилцлага “Өвөлжилтийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд болсон бөгөөд Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат аймгийн өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийв.

Тэрээр Орхон аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн талаар тоон мэдээлэлдээ, аймгийн 2 сумын хэмжээнд 21 багийн 1070 малчин, мал бүхий иргэд 123 мянган малыг маллаж байна. Үүнд тэмээ 61,  адуу 9.1 мянга, үхэр 18.1 мянга, хонь 51 мянга, ямаа 45 мянган толгой мал өвөлжиж байна гээд өвс хадлан бэлтгэх, базаах ажлууд сайн хангагдсан, цаг ууртай холбоотой онцын хүндрэлгүй тавтай өвөлжиж байгаа тухай хэлсэн.

Мөн цасан бүрхүүл нимгэн тогтсон зам даваа хүндрээгүй байна. Аймгийн төв Эрдэнэт хотын хувьд 41 ажил төлөвлөгдсөнөөс 100 хувь хийгдсэн. 13 хоногийн нүүрсний нөөцтэй, дулаахан байгаа учраас инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, дэд бүтэц доголдолгүй явж байгаа гэв.

Харин тулгамдаж буй асуудлын талаар хэлэхдээ, 2014 онд орон нутгийн төсвөөр, тендер зарлагдаад хийгдсэн ажлын 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамнаас хасч тооцсон тул энэ ажлуудыг хийсэн зардлын төлбөрийн асуудал бий болоод байгаа юм. Иймээс бид энэ талаар Ерөнхий сайдад мэдээлэл хүргүүлээд байгаа гэв.

Мэдээллийн дараа Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, өвөлжилт өнөтэй байгаад урамтай байгаа тухай хэлээд Улсын Их Хурлын өнөөгийн байдлын талаар товч танилцуулав.

Улсын Их Хурал намрын ээлжит чуулганы хугацааг сунгаж хуримтлагдсан шийдэх асуудлууд болон зарим шалтгааны улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Хугацаа бага байгаа тул шахуу ажиллаж байна. Хийгдсэн ажлын зардал 2.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх тал дээр анхаарч ажиллах болно гэв.

О.Содбилэг гишүүний хувьд тэрээр саяхан тойрогтоо ажиллаад ирсэн юм. Тойрогт ажиллах хуцаандаа тэрээр аймгийн ЕБС-ийн сурагчдад "мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ" сэдвээр сургалт хийгээд ирсэн бөгөөд энэ тухайгаа орон нутгийн удирдлагуудтай ярилцах явцад хэлж байсан.

Мөн тэрээр, өчигдөр аймгийн ИТХ-аар засаг даргыг сонгосон тул Ерөнхий сайдыг батламжласны дараа хурдхан аймгийн төсвөө тодотгоод, ажлаа хийж эхлэхгүй бол хэдийгээр өвөлжилт өнөтөй байгаа ч гэсэн ажлууд хүлээгдэж байгааг сануулж байсан.

Ийнхүү гишүүд сонгогдсон тойргийнхоо удирдлагуудтай холбогдож орон нутгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцох явцад аймгийн ТЗУХ-ийн дарга Ш Ганболд, Хөгжлийн бодлогийн хэлтсийн дарга Г.Батдэлгэр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал нар салбарын зарим асуудлын талаар мэдээлж санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.